Том ах тоохгүй байна уу эсвэл бид томроод байна уу
2014/01/19
Урд хөршид хийх шинэ оны анхны айлчлалын салхийг Гадаад харилцааны сайд Л.Болд хагаллаа. Харин хойд хөрштэй үүссэн учир битүүлэг харилцааны хөшгийг хэн хуу татах бол.
Оросын төрийн өндөрлөгүүд манайд айлчлал хийлгүй таван жилийг ардаа үджээ. Хамгийн сүүлд тус улсын Ерөнхийлөгч асан Д.А. Медведев 2009 онд Монгол Улсад айлчлав. Түүнийг ирэхээс хэдхэн сарын өмнө Оросын Засгийн газрын тэргүүн асан Владимир Путин ирж байв. Энэ айлчлалыг гадаад харилцааны хувьд өндөр ач холбогдолтой айлчлал гэж судлаачид тэмдэглэдэг. Учир нь “Орос Монголын хооронд стратегийн түншлэл хөгжүүлэх тухай тунхаглал”-д хоёр улсын тэргүүн гарын үсэг зурсан юм. Үүнээс хойш хоёр жилийн дараа Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Д.В.Медведевийн урилгаар Орост айлчлал хийв. Энэ хугацаанд манай яамдын сайдууд мэр сэр хойд хөршид айлчилсаар л байлаа. Гэвч хоёр орны харилцаанд онцын өөрчлөлт гарсангүй.
Харин урд хөрштэй манай улсын харилцаа жилээс жилд сайжирч байгааг бид бэлхнээ харж байна. Тэр дундаа боловсролын төвшинд улам илүү гүнгийрснийг дурдах нь зүйтэй. Өнгөрсөн оны аравдугаар сард Ерөнхий сайд Н.Алтанхуяг тус улсад айлчилсан. БНХАУ-ын дарга асан Ху Жинтаогийн урилгаар Ерөнхийлөгч 2010 оны дөрөвдүгээр сарын сүүлээр албан ёсны төрийн дээд хэмжээний айлчлал хийв. Одоо ч Хятадын зорьж элдэв гэрээнд гарын үсэг зурах албаныхны цуваа тасрахгүй л байна. Мөнхийн хоёр хөрштэй мөртлөө нэгэнтэй нь улстөр, эдийн засгийн харилцаа сайжирч нөгөөтэй нь муудаж байгаа нь эргээд ямар үр дагавар авчрах бол. Бид яагаад “том ах” гэж авгайлдаг хойд хөрштэйгээ ийм “хөлдүү” харилцаатай болчихов. Энэ талаар Оросоос монголд суугаа Элчин сайд асан В.В.Самойленко “National times news” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа ам нээжээ. Тэрбээр манай орны улстөрийн тогтворгүй байдал хоёр орны хооронд хэрэгжүүлдэг төсөл хөтөлбөрүүдийг гацааж орхидгыг хэлсэн байна. Улстөрийн хүчин солигдох бүрт төрийн бодлого нь орвонгоороо эргэх дөхдөг нь гаднынханыг эмээхэд хүргэдгийг шулуухан хэлсэн байх юм. Одоогийн Монголд суугаа оросын Элчин сайд И.К.Азизов хоёр хөршийн харилцааг зэрэгцүүлж жишихэд тун ч дургүй нэгэн. Орос Монголд гадаад харилцааны бат бөх үндэс суурь байгаа учраас цаашид улам өргөжин тэлнэ гэж боддогоо нэг бус удаа хэлж байв.
Түүний амнаас хоёр орны гадаад харилцааны бодит байдлын талаар сонсох тийм ч амаргүй л болов уу. Олон улсын харилцаагаар мэргэшсэн. Тэр дундаа Азийн орнуудад төлөөлөгчөөр ажиллаж байсан туршлагатай. Хятад судлаач энэ эрхэм жинхэнэ алтан дунджийг барьсан тайлбар хийдэг хүн. Элчин сайдын тайлбартай, тайлбаргүй хоёр орны харилцаа ямар төвшинд байгааг хүмүүс аяндаа гадарлаж байна. Учир нь өнгөрсөн онд хоёр орны худалдааны эргэлт 1.9 тэрбум ам.доллар, нийт бараа эргэлт 1.6 тэрбум ам.доллар байсан. Хоёр орны экспортын бүтээгдэхүүний нэр төрөл жонш, махан бүтээгдэхүүн, арьс шир зэрэг амьтны гаралтай түүхий эдээр хязгаарлагдаж байгаа. Тэгвэл оростой харилцаагаа сайжруулахын тулд манай талаас ямар санал, санаачилга гаргаж байв. Уг нь УИХ дахь Орос-Монголын парламентын даргаар Л.Цог гишүүн ажилладаг. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард тус улсын холбооны зөвлөлийн урилгаар Л.Цог тэргүүтэй гишүүд айлчлаад ирсэн. Эдийн засаг, хөдөө аж ахуйн хүрээнд хэрхэн хамтрахаа ярилцсанаас хэтэрсэнгүй. Түүнээс гадна Гадаад харилцааны яаманд Хөрш орнуудын газар гэж ч бий л дээ. Аль аль нь ажлаа хийдэггүй. Харин Гадаад харилцааны сайд Л.Болд үүнд өөр тайлбар хийдэг. Тэрбээр Оростой эдийн засаг, улстөрийн харилцаагаа сайжруулахад яамнаас шаардлагатай бүхий л алхмийг хийж байгааг хэлдэг. Оросын удирдлагуудад нэг бус удаа манайд айлчлах санал тавьсан юм байх. Ингэсэн ч цаадуул нь хөдлөхгүй болохоор бид яах билээ гэсэн агуулгатай тайлбарыг саяхан Төрийн ордонд аймгийн Засаг дарга нартай уулзалт хийх үеэрээ хэлэв. Л.Болд сайдын хэлж буйгаар ирэх сард болох “Сочи-2014” өвлийн олимпийн наадам, Халх голын ойн томоохон ойн арга хэмжээнд хоёр орны төрийн тэргүүн очих учраас хоёр орны харилцаанд ахиц дэвшил гарна гэсэн найдлагатай байгаа гэнэ. Үнэнийг хэлэхэд Гадаад харилцааны сайд аймгийн удирдлагуудынхаа өмнө Орос Монголын харилцааг урагшлуулах энэ мэт өнгөцхөн шийдэл яриад сууж байгаа нь жаахан хачирхалтай санагдав. Оросын хэвлэлүүд хоёр орны иргэд визгүй зорчиход монголын талаас санаачилага гаргахгүй байна гэх мэдээлэл цацсан. Үүнийг Л.Болд сайд үгүйсгэв. Яамнаас визгүй болгох асуудалд нээлттэй, уян хатан хандаж байгааг тодотгосон. Одоогоор манай улс 173 улстай дипломат харилцаатай байна. Хамгийн сүүлд буюу өнгөрсөн оны есдүгээр сарын 27-ны өдөр Суринам, Сьерра Леон улстай дипломат харилцаа тогтоожээ. Харин Орос улс бол манай тусгаар тогтнолыг 1921 онд хүлээн зөвшөөрсөн. Ийм олон жилийн түүхтэй, мөнхийн хөрштэйгээ бид хэрхэн харилцахаа хамгийн сайн мэдэж байх ёстойсон. Гэтэл улстөрчдийн хувийн амбицаас болж хоёр орны харилцаа урагшилж өгөхгүй байна. Монголчууд том ахтайгаа тоож дуугарахгүй байна уу, Оросууд ахын зангараг заагаад манайд ирэхгүй байна.
Ц.Бүүвэй
Зочин · 2014/01/20
mongoliin parlamentad hyatad garal uuseltei olon hun bgaa uchiraas ter. erunhiilugch maani hurtel ergelzeetei. su.batboldiin ueees hoish hyataduud mongoliig hudaldan avch ehelsen.MCS geh met tomoohon ko-nuud hurtel hyatadiin ezemshild orsonoos ajilchid ni uuriin erhgui hyatadchilagdah yavtstai bolloo. orosiin huch nuluu delhiid huchee avch bhad mongolchuud h****a yavj chadah bilee. unendee hyatad garaltai tsuuhun ulsturchiduus bolj mongoliin ard tumniig gashuun huvi zaya ugtah bii gehees sanaa zovj bna.
zochin · 2014/01/20
manaihan *****tej bna hyataduud orosiin omno bondognoj baihad manaihan hyatadiin omno sohorch bna uuniig urvalt gehees oor oilgolt algadaa