Замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах ажлын хэсэг ЗХУТ-ийн үйл ажиллагаатай танилцлаа
2018/05/11
НИТХ-ын дэргэдэх Судлаач эрдэмтдийн мэргэжлийн зөвлөл Нийслэлийн Засаг даргын дэргэдэх Авто замын түгжрэлийг бууруулах ажлын хэсгийн багийнхантай өмнө нь уулзаж санал солилцсон тухай мэдээллийг өмнө хүргэж байсан.
НИТХ-ын С.Амарсайхан болон НИТХ-ын дэргэд байгуулагдсан Хот төлөвлөлт, дэд бүтцийн чиглэлийн эрдэмтэн судлаачдын орон тооны бус зөвлөлийн гишүүд, Авто замын түгжрэлийг бууруулах ажлын хэсгийн зарим төлөөлөгчид Замын хөдөлгөөний удирдлагын төвд зочлон үйл ажиллагаатай нь танилцлаа.
Тус арга хэмжээнд Замын хөдөлгөөний ассиоцацийн тэргүүн С.Энхтөр, Улаанбаатар хотын түгжрэлийг динамик загварчлалаар бууруулах сэдвээр докторын зэрэг хамгаалсан доктор /Ph.D/, дэд профессор Д.Ганзориг, ШУТИС-ийн Механик тээврийн сургуулийн багш доктор /Ph.D/ Б.Баярсайхан, Японы Сойтагийн Их сургуулийг Хот төлөвлөлт, иргэдийн оролцоо сэдвээр докторын зэрэг хамгаалсан доктор /Ph.D/ Н.Амаржаргал, Английн Лизингийн Их сургуулийн магистр О.Удвал нарын эрдэмтэн судлаачид болон НАЗХГ, НЗЦГ, ННТГ зэрэг авто зам тээврийн үйл ажиллагаатай холбоотой нийслэлийн агентлаг, газрын даргыг нар хамруулсан өргөн бүрэлдэхүүнтэй баг оролцлоо.
Замын хөдөлгөөний удирдлагын төвийн дарга Д.Одбаяр байгууллагын үйл ажиллагаагаа танилцуулж, тулгамдсан асуудлаа хүргэлээ.
Замын хөдөлгөөний удирдлагын төвийн хувьд 2010 онд анх байгуулагдсан бөгөөд Улаанбаатар хотын замын хөдөлгөөний зохион байгуулалтыг мэргэжлийн түвшинд шийдвэрлэн, авто замаар зорчигчдын цаг хугацааг хэмнэн, осол авааргүй, тав тухтай зорчих боломжийг бий болгох зорилгыг 5 хэлтэс, 86 ажилтан албан хаагчтайгаар хэрэгжүүлэн ажилладаг байна.
Нийслэл хотын хэмжээнд нийт 839 км авто замаар, өдөр бүр 420-450 мянган тээврийн хэрэгсэл зорчдог бөгөөд Улаанбаатар хотын замын хөдөлгөөний удирдлагын төв нь хөдөлгөөн зохицуулж байгаа гэрэл дохионуудаар дамжуулан хотын хөдөлгөөнийг оновчтой удирдан зохион байгуулах, замын хөдөлгөөн зохицуулж, хяналт тавьж байгаа сервэр, программ хангамж, тоног төхөөрөмжүүдийг найдвартай ажиллагааг хангах үндсэн үүргээс гадна:
- Улаанбаатар хотын гол гудамж замуудад суурилуулсан 52 ширхэг хөдөлгөөн мэдрэгчийг ашиглан тухайн авто замаар зорчиж байгаа тээврийн хэрэгслийн хөдөлгөөний хурд, нягтрал, замын түгжрэлийн тухай тоон мэдээллийг цуглуулан, хөдөлгөөн зохион байгуулалт хийх
- Иргэдийн зорчилтын оргил ачааллын үед Замын цагдаагийн албатай хамтран хөдөлгөөнийг шуурхай зохион байгуулах, зохицуулах арга хэмжээ авах
- Хөдөлгөөний хяналтын камер, хөдөлгөөн мэдрэгч, нийтийн тээврийн хэрэгслүүдийн хурдны мэдээллийг ашиглан Телевиз, ФМ радио, интернет сүлжээгээр дамжуулан замын хөдөлгөөний тухай бодит мэдээллийг иргэдэд шуурхай хүргэж, хөдөлгөөний бөглөрөл түгжрэлтэй замын хэсэг рүү орохоос сэргийлэх
- Иргэдийн зорчилтын оргил ачааллын үед Замын цагдаагийн албатай хамтран хөдөлгөөнийг шуурхай зохион байгуулах, зохицуулах арга хэмжээ авах
- Хөдөлгөөний хяналтын камер, хөдөлгөөн мэдрэгч, нийтийн тээврийн хэрэгслүүдийн хурдны мэдээллийг ашиглан Телевиз, ФМ радио, интернет сүлжээгээр дамжуулан замын хөдөлгөөний тухай бодит мэдээллийг иргэдэд шуурхай хүргэж, хөдөлгөөний бөглөрөл түгжрэлтэй замын хэсэг рүү орохоос сэргийлэх гэх зэрэг ажлуудыг хэрэгжүүлдэг гэв.
Нийслэлийн хэмжээнд өдөртөө хурд хэтрүүлсэн, гэрлэн дохио, замын тэмдэг тэмдэглэгээ зөрчсөн, уулзвар нэвтрэх дүрэм зөрчсөн, эгнээ байр буруу эзлэсэн, зөвшөөрөгдөөгүй газар тээврийн хэрэгслээ байршуулсан, 1-р эгнээгээр зорчсон зэрэг 2000 орчим зөрчил камеруудын тусламжтайгаар бүртгэгддэг байна. Түүнчлэн замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн тохиолдолд жолоочийн гэрийн хаягаар явуулдаг торгуулийн хуудасны төлөлт буурч байгаатай холбоотойгоор автомашины нэр шилжүүлэх, улсын үзлэг, тээврийн хэрэгслийн татвар төлөлттэй холбож замын хөдөлгөөний зөрчлийн торгуулийг жолоочоор төлүүлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа болон иргэдийг соён гэгээрүүлэх, хотын соёл, замын хөдөлгөөний соёлыг сурталчлах чиглэлээр хийж байгаа ажил, удахгүй жолооны дүрэм зөрчсөн жолоочийн торгуулийг хуудсыг гэрийн хаягаар нь илгээхээс гадна тухай бүр нь тухайн тээврийн хэрэгсэлд бүртгэлтэй гар утсаар нь мессэж хэлбэрээр жолооч нарт хүргэх ажлыг төлөвлөж байгаа тухай мэдээллийг ЗХУТ-ийн дарга Д.Одбаяр танилцууллаа.
Энэ үеэр НИТХ-ын дарга С.Амарсайхан "Энд ажиллаж байгаа шалтгаан нь Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, гарч буй хэрэг зөрчлийг бууруулахтай холбоотой ямар ажлыг авч хэрэгжүүлж болох вэ гэдгийг газар дээр нь танилцаж, ялангуяа энд ажиллаж байгаа ажилтан албан хаагчдийг ажиллах орчныг сайжруулах, тус төвийн тоног төхөөрөмжийг сүүлийн үеийн дэвшилтэй тоног төхөөрөмжөөр хангах асуудлыг судлахад чиглэгдэж байна.
Дэлхийн хөгжингүй улс орнууд ухаалаг хот гэж яриад байдаг. Тэгвэл ингэж ярьж байгаа гол зүйлийн нэг бол та бидний энд харж байгаа авто замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, зөрчил дутагдлыг таслан зогсоох, шаардлагатай арга хэмжээг авах гэх зэрэг үйл ажиллагаанд Замын хөдөлгөөний удирдлагын төвийн үүрэг өндөр учраас бид энд анхаарч ажиллах ёстой.
Тус төв 2010 онд байгуулагдснаас хойш өнөөдрийг хүртэл техник, тоног төхөөрөмжийн шинэчлэлт хийгдээгүй байна. Тиймээс төвийн тоног төхөөрөмж, техникийг шинэчлэхтэй холбогдох зардал хөрөнгийг төсөвлөх, тэр хэмжээгээр Нийслэл хотын замын хөдөлгөөний аюулгүй байдлыг бий болгох, улмаар иргэдийн аюулгүй зорчиж, ажиллаж амьдрах нөхцлийг хангах боломж бүрдэнэ гэж ойлгож байгаа.
Энэ хүрээнд юуны өмнө хяналтын камеруудын чанар стандартыг сайжруулах, тоо хэмжээг нэмэгдүүлэх, төвийн ажилчдын ажиллах байрыг өргөтгөх, мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэх, технологийн шийдлүүдийг нь цаг үетэй нийцүүлэн шинэчлэхийг зорих болно гэв.
Мөн замын хөдөлгөөний аюулгүй байдал, зорчигч тээврийн үйл ажиллагаатай холбоотой асуудлаар НИТХ-ын дэргэд Замын хөдөлгөөний ассиоцацийн тэргүүн С.Энхтөр зөвлөхөөр ахлуулсан судлаачдын баг ажиллаж байгаа. Замын хөдөлгөөний бууруулах ажлын хэсгийн багийн гишүүд та бүхэн ойрхон мэдээллээ солилцож, ажил хэргийн уулзалт зохион байгуулж, судалгаа болон техникийн зөв шийдлээ гаргаж, саналаа нэгтгэн НИТХ-д ирүүлэх хэрэгтэй. НИТХ-аас шийдвэр гарахаас өмнө мэргэжлийн хүмүүсийн гаргасан зөв мэдээлэлээр хангаж, улмаар судалгаа тооцоонд үндэслэн оновчтой шийдвэр гаргах чиглэлд та бүхний үүрэг оролцоо чухал" гэдгийг НИТХ-ын дарга С.Амарсайхан онцлон хэллээ.