УИХ дахь АН-ын бүлгийн зүгээс парламентад суудалгүй жижиг намуудыг татан буулгах саналыг гаргасан. Энэ талаар тус намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат өнгөрсөн долоо хоногт мэдээлсэн билээ.

АН-ын бүлгийн даргын энэхүү үгэнд хүмүүс нэлээдгүй шүүмжлэлтэй хандсан. Гэтэл өчигдөр бүлгийн хуралдааныхаа дараа мэдээлэл хийхдээ Д.Эрдэнэбат “Бусад намууд сэрсэн байна уу, тэр нь маш зөв. Сонгууль болохоор гэнэт сэрж ирдэгээ болих ёстой. Би зүгээр санамсаргүй хэлсэн биш.  Намуудыг татан буулгая гэж яриагүй.  Улстөрийн намуудын тухай, Сонгуулийн  хуулийн ажлын хэсэгт бүх намын төлөөлөл багтсан. Гэтэл цөөхөн хэдэн таван намаас бусад нам нь идэвхигүй байсан. Яг үнэнийг хэлэхэд энэ хэдэн намыг сэрээе гэдэг үүднээс би хэлсэн юм. Сэрсэн бол баяраллаа. Одоо ажлаа хийж, намуудын тухай хууль, сонгуулийн тухай хуулиудаа ярилцая, зөвшилцөе, бүгдээрээ ажлаа хийе. Том,  жижиг  нам гэлтгүй улс орны эрх  ашигтай холбоотой хуулийг хэлэлцэж байхад бүгдээрээ оролцох ёстой” гэв. Ер нь бол түүний мэдээллийн дараагаас эхлэн ардчилсан намынхан ардчилаасаа татгалзаж байна, үндсэн хууль зөрчсөн үйл явдал болно гэсэн нийгмийн хүчтэй эсэргүүцэл олон нийтийн сүлжээгээр нэлээдгүй орж ирж байсан.

 

 

АН-ын бүлгийн даргын хувьд нийгмийн хүчтэй эсэргүүцлээс эмээж дээрх мэдээллийг хийв үү. Үнэхээр бусад намаа нойрноос нь сэрээх гэж хэвлэл мэдээллийн хэрэгсэл ашиглан “сенсаци” тарааж, өчүүхнээр сэтгэв үү гэдэг нь ойлгомжгүй байна.

 

 

Мэдээж намуудын хувьд түүний хийсэн мэдээлэлд дургүйцэх нь мэдээж, зарим нэг нь ч хэвлэл мэдээллийн хэрэгслээр дургүйцлээ илэрхийлсэн байдаг. Тухайлбал УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт “Яг одоогийн байдлаар энэ асуудлаар бүлэг хуралдаж, байр сууриа нэгтгээгүй байна. Хувь хүнийхээ хувьд бол уг асуудлыг дэмжихгүй байгаа. Хүмүүсийн үзэл бодлоороо эвлэлдэн нэгдэх, нам эвсэл байгуулах, гэсэн үндсэн хуулийг хязгаарласан зүйл болно. Хэрвээ энэ хуулийг баталбал үндсэн хууль зөрчсөн асуудал болно” хэмээв. МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба “АН-ын хийсэн мэдээлэлтэй холбогдогдуулан албан ёсоор бид нам дотроо ярилцаагүй байна. “Шудрага ёс” эвслийн бүлгийн хурлаар ч энэ асуудлыг хэлэлцээгүй байх. Миний хувьд буруу гэж үзэж байгаа. УИХ улс төрийн намуудын тухай хуульдаа яаралтай өөрчлөлтөө оруулаад парламентад суудалтай намууд нь улсын төсвөөс санхүүжилтээ аваад харин УИХ-д суудалгүй намууд нь санхүүжигдэх боломжгүй болно. Энэ асуудлаараа намын үйл ажиллагааг зохицуулна уу гэхээс биш шууд хуулиар тараадаг нь үндсэн хуультай зөрчилдөнө. Нөгөөтэйгүүр улс төрийн намуудын хуулинд нам байгуулах зааж өгсөн нөхцлийг эргэж өөрчилнө гэдэг нь ардчилалынхаа зарчимтай хэр нийцэж байгаа юм бол гэсэн эргэлзээ байна. Ардчилалын зарчмаасаа ухарч байна гэсэн үг шүү дээ. Тиймээс парламентад суудалгүй намуудыг татан буулгана гэдэг асуудлыг дэмжихгүй байна” гэжээ. БНН-ын дарга Б.Жаргалсайхан “Ардчилалаасаа татгалзаж байгаа бол тэгнэ л биз. Ардчилсан намаа ч гэсэн доромжилсон юм болно. Тэгээд бүгдээрээ нэг коммунист намтай болно биз. Ер нь ардчилалыг бий болгосон хүмүүсийн яриа биш байх. С.Баярцогт  залуучуудын холбооны нөхөр байсан биз дээ. АН, Ардчилсан холбоо байгуулагдах үед байгаагүй. Ардчилалынхан шоронд орж байхад жижиг намууд л өмөөрч байсан шүү. Бүлгийн дарга Д.Эрдэнэбатыг ардчилалд байсныг би л мэдэхгүй юм. Тиймээс дэмий зүйл донгосож байх нь дэмий биз дээ. Аливаа зүйл чинь ээлжтэй шүү дээ” гэсэн бол ИЗНН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Ганбат “Манай намын хувьд АН-ын тус мэдээллийг эсэргүүцэж байгаа. Заавал их хуралд төлөөлөлтэй байж нам оршин байх эрхтэй болно гэдэг нь   том намуудын өөрсдийгөө хэтэрхий бодсон үйлдэл болно. Шинэ урсгал, шинэ намыг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн хааж, боосон үйл ажиллагаа. Энэ бол жирийн иргэдийн үзэл бодлоороо эвлэлдэн нэгдэх эрх чөлөөг зөрчиж байгаа үзэгдэл гэж бодож байна. Манай нам бол дунд нам. Гэхдээ АН-ын тавьж буй асуудлын дагуу бол бидэнд ч гэсэн эрсдэл бий болно гэсэн үг” гэв.

 

 


 Хөдөлмөрийн үндэсний намын дарга н.Энхбат “Хүний үзэл бодлоороо эвлэлдэн нэгдэх асуудлыг ингэж боож болохгүй. Парламентад суудалтай ч бай, үгүй ч бай хүн ямар намаа байгуулах нь өөрсдийнх нь асуудал биз дээ”. Монголын ногоон намын дарга Ч.Мөнхбаяр “Монголын ногоон нам үүнийг эсэргүүцэж, Монголын ардчилалд аюул учирч байна гэж ойлгож байна. Цаашид нэг намын дарангуйлал ч юм уу эсвэл нэг хүний дарангуйлал тогтоох бодлого явагдаж байна гэж ойлгож байгаа. Монголын ардчилалыг үгүй хийх гэсэн оролдлого. Монголын парламентад суудалгүй намуудын уулзалт өнөөдөр болно. Тэгээд үүнийг эсэргүүцэж мэдэгдэл гаргана” гэсэн байдаг. Харин Хамуг Монголын хөдөлмөрийн намын цэцийн дарга Ц.Шинэбаяр “Энэ бол Ардчилсан нам багаа хуулж жинхэнэ төрхөө үзүүлж байгаа үйлдэл. Нам эвлэлдэн нэгдэх эрхийг булааж авахаар шийдсэн бололтой. Энэ намууд өөрөө хууль зөрчиж орж ирсэн. Тэд бол автомат машины хүүхдүүд. Тийм учраас одоо дураараа аашилж байна. Ийм санал гаргах асуудлаар С.Баярцогт нэг удаа бидэнтэй уулзсан. Улс төрийн намуудын асуудлаар ярилцана гэсэн боловч боловсруулж байгаа хуулийн төслөө бидэнд өгөөгүй. Одоо хэрэгжиж байгаа хуулийн төслийг хавтсанд хийж өгөөд, ерөнхий шүүмжлэл өрнүүлж байгаад салсан. Түүнээс хойш нэг ч удаа хойшлоогүй. Одоо парламентын бус нам Монголд гай тариад байгаа юм уу, парламентад байгаа намууд гайтай шийдвэр гаргаад байгаа юм уу гэдгийг ярих хэрэгтэй. Гэхдээ ингэж ярьж байгаа нь их сайн. Ардчилсан нам Улс төрийн намуудын тухай хуулийг хэлэлцэхдээ энэ асуудлыг гаргаж ирсэн нь Монголыг дарангуйллын тогтолцоо руу шилжүүлэх дотоод санаагаа ил болгож байгаа хэрэг. Үүгээрээ их зөв. Одоо багаа хуулсан дээр нь бид улам сайн хуулалцаж өгөх хэрэгтэй болж байна даа. Сонгууль болохоор жижиг намуудыг булаацалдан “Биднийг дэмжээч” гэж урьдаг. Бид улс орныг эрүүл саруул байлгахын төлөө байнга дуу хоолойгоо өргөж байгаа. Монголын улс төрийг цэвэр байлгахын төлөө тэднээс илүү ажиллаж байгаа” гэсэн юм.

 

 

Намуудын хувьд үндсэн хуульд заасан хүмүүсийн эвлэлдэн нэгдэх эрхийг АН-ынхан боомилох нь ардчилалаасаа ухарсан үйлдэл гэдгийг хатуухан хэлж байгаа юм. Гэхдээ АН-ын бүлгийн даргын хувьд намуудыг зүгээр л цаашлуулсан байж. Арван жилд байхдаа л бид хийхээ олж ядан нэгнээ цаашлуулж, доог дохуу хийдэг байлаа. Яг л тэрэн шиг үйлдлийг эрх баригч АН-ын бүлгийн дарга нь гаргав. Нэг ёсондоо ард түмэн бидний итгэл хүлээлгээд, улс орноо жолоодон залаад яв гэсэн хүмүүс маань хэн нэгнээрээ доог дохуу хийх маягаар л, нэгнээ “цаашлуулсан” шиг ажиллаж байх юм. Гэтэл ард түмэн бид нь өдрийн хоолоо, унааны мөнгөө, сар шинийн баяраа хэрхэн тэмдэглэх билээ хэмээн шаналж суух. Түүнчлэн цалин мөнгө нь нэмэгдэхгүй, орох оронтой болох нь хүсэл тэмүүлэл нь нуран унасан байх юм.

 

Ямартай ч улстөрийн жижиг намуудыг хөдөлгөөнд оруулах гэсэн Д.Эрдэнэбатын супер арга нь нийгэмд “сенсаци” тарих юм байх. АН-ын угшилтай, УИХ-ын гишүүн Түвдэндорж хүртэл Лондонд байрлах ЭСЯ-ны дансыг ФАТФ-аас хаасан тухай ноцтой мэдээллийг хэвлэлээр дамжуулан олон нийтэд хүргэсэн. Түүний мэдээллийн дараахан Лондонгийн элчин сайдын яамнаас түүний мэдээллийг үгүйсгэсэн юм. Энэ мэтээр эрх баригчид нийгэмд худал “сенсаци” тарих хандлага ажиглагдах болоод байна.

 

Д.Эрдэнэбатын “супер” арга нь хэр үр дүнд хүрсэн бэ гэдэг нь эргэлзээтэй.

 

Н.Чинзориг