УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ чуулганы нэгдсэн хуралдаан дээр фейсбүүкийн Candy crush тоглоомоор тоглож байгаад сэтгүүлчдэд бариг­даж нэг хэсэг шүүмжлүүлсэн.

Өнгө өнгийн чихрийг нурааж тоглодог энэ тоглоомонд дуртай хүн олон. Хор шар малтана. Да­хиад тоглох хүсэл өөрийн эрхгүй төрүүлнэ. Дээрээс нь чамгүй сонир­холтой. Нойр хүрвэл чихрээ нурааж өндөр оноо аваад эхэлмэгц шууд сэргээд ирнэ. Чихэр нурж байгаа чимээ нь хүртэл цаанаа л нэг сонсгололтой. Нэг тоглоод ирэхээр бухимдал төрүүлдэг олон зүйлийг өөрийн эрхгүй мар­туулан, улайруулдаг сайн тал ч энэ тоглоомонд бий. Тийм болохоор л УИХ-ын гишүүд нь хүртэл ажил дээрээ тоглоод сууж байдаг сайхан тог­лоом гэж хэлээд байгаа юм.

Төрийн өндөр албан тушаалт­нуу­даас З.Баянсэлэнгэ гишүүн ган­цаараа энэ талаар мэддэг гэж бодож байсан чинь үгүй юм байна. Учир нь өчигдөр болсон НИТХ-ын ээлжит хуралдаан дээр МАН-ын гишүүн Г.Төмөрбаатар ухаантай хүн гэд­гээ харуулж Candy crush тоглолоо. Дахиад л сэтгүүлчид түүний тоглож байгааг олоод харчихаж.

 УИХ-ын гишүүд, НИТХ-ын төлөөлөгчид маань улс эх орноо хөгжүүлж, асуудал хэлэлцэх гээд тол­гой нь байнга л өвдөж явдаг байж таарна. Олон цагаар хуралдахаар нойр нь хүрч, бие нь чилдэг л байлгүй. Өөрт нь хамааралгүй, сонирхолгүй юм хэлэлцээд байхаар энэ мэтээр зугаатай тоглоом тоглож сэтгэлээ сэргээхгүй бол сонгуульт дөрвөн жилээ дуусгахаас өмнө мэдрэлийн ядаргаанд орчихно. Үүнийг зарим гишүүн, төлөөлөгч гярхай ажиглаж түр ч болов тархиа сэргээж, ядаргаанаас урьдчилан сэргийлж байгаа нь энэ шүү дээ. Тийм болохоор тэднийг ажлаа хийхгүй тоглолоо гэж битгий загнаарай. Харин ч төрийн байгууллагын ажил, УИХ, НИТХ-ын хуралдааны дундуур нэг цагийн завсарлага авч Candy crush тоглодог бүх нийтийн цагтай болмоор байна. Нэгхэн цагийн хугацаанд сэтгэлээ сэргэтэл сайхан тоглочихвол бусад үед хийх ажлын бүтээмж ч өндөр­сөх магадлалтай. Тиймээс гишүүд, төлөөлөгчид минь Candy crush-даад байгаарай.

Т.УРАНГЭРЭЛ