Байнга олны анхааралд орохыг эрмэлзэж явдаг УИХ-ын гишүүн Ж.Батзандангийн тухай бас л нэгэн сенсааци маягийн мэдээлэл гарчээ.
Түүний хувьд нэр нь л гарч байвал худал, үнэн байна уу, таалагдах, эс таалагдах нь хамаагүй үймээн дэгдээхийг эрмэлзэж явдаг нэгэн. Тодотговол тэрээр “Ц.Мөнхбаярт ял өгөх бус шагнал өгөх хэрэгтэй. Байгаль орчин, эх орноо хамгаалан тэмцдэг хүн бүрийг би өмөөрөх болно. Асуудал Мөнхбаярт байгаа юм биш. Түүний тэмцлийн зорилго, утга агуулгандаа байгаа юм” гэжээ. Зөвхөн үүгээр ч зогсохгүй хоригдож байгаа Ц.Мөнхбаяртай өнөөдөр уулзана гэдгээ мэдэгдсэн байна. Үнэн хэрэгтээ эрхэм гишүүн Ц.Мөнхбаярыг өмөөрч байгаа бол твиттер хуудсаар бус УИХ-ын чуулганы индэр ч юм уу хууль тогтоох байгууллагынханд хандах хэрэгтэй байв. Өмөөрөх үндэслэлээ тодорхой дурдах байв. Магадгүй түүний өнөөх л ээлжит шоуных нь нэг байж ч болох юм. Гэхдээ тэр үнэн сэтгэлээсээ өмөөрсөн байх магадлалтай. 2008 оны сонгуулийн үр дүнг зөвшөөрөөгүй улстөрийн хүчнүүд хэсэг хүмүүсийн хамт долдугаар сарын 1-нд үймээн дэгдээж, таван хүний амь хөнөөсөн аймшигт явдал болж байв даа. Үүнийг толгойлогчдын эгнээнд Ж.Батзанданг зүй ёсоор бүртгэж боддог, ард түмэн. Энэ үймээний хэргээр ч багагүй шалгагдаж байсан нэгэн. Тэгэхээр өөрөө зовлон үзсэн болохоор түүнийг өмөөрөх нэгэн шалтгаан болсон байж магад. Ерөөсөө л тэмцэгчдийн зан авир хууль тогтоох дээд байгууллагын танхимд илэрч байна гэсэн үг. Нөгөө талаар түүний өдүүлсэн хэргийн дэргэд Ц.Мөнхбаярынх жижигхэн гэж хэлэхэд болно. 

      Уг нь ч Ц.Мөнхбаяр нар буун дуу гаргаж, тэсрэх бөмбөг булсан болохоос биш таван хүний аминд хүрээгүй л дээ. Нэг ч хүн шархдуулаагүй, бас хохирол байхгүй. Тэд байшин барилга шатаагаагүй. Эрх баригчдын буруутай үйл ажиллагааг эсэргүүцсэн нэгэн. Бурууг нь ажаад сануулаад байхад алдаагаа засаагүй эрх баригчдад ээлжит сануулга өгсөн л нөхөр шүү дээ. Тэгэхээр Ж.Батзандан өөртэйгөө жишиж үзээд ийнхүү өмөөрөхөөр шийдсэн хэрэг юм болов уу. Өөрөөр хэлбэл, таван хүний амь, байшин барилга шатаасан зэрэгтэй зэрэгцүүлж үзэхэд Ц.Мөнхбаяр зүгээр л саваагүйтсэн мэт санагдаж болох юм. Үнэн хэрэгтээ таван хүний амь хороосон хэргийн эзэд тодроогүй, байшин барилга шатаасан хохирлыг хэн ч төлөөгүй. Гэм зэмгүй үймээнд ирж оролцсон хэсэг залуусыг яллаад өнгөрсөн. Дараа нь цагдаагийн хурандаа нарт цөөн жилийн ял өгөөд энэ хэрэг замхарсан. Харин Х.Тэмүүжин хэдэн жилийн турш хэдэн хонгио үзүүлж, хэргийн эздийг тодруулахыг зорьж байсан ч Хууль зүйн сайд хэмээх суудлаар ам руугаа алгадуулаад чимээ алдарсан. Одоо энэ хэргийн талаар хэн ч сөхөхгүй, бас хэнийг ч буруутгахгүй. Өөрөөр хэлбэл хэргийн жинхэнэ эздийг тодруулж чадахгүй болсон гэдэг нь ойлгомжтой. 

       Ц.Мөнхбаяр нарт өндөр ял оноосон хэмээн иргэд шүүмжилж байна, аргагүй 21.6 жил гэдэг өндөрт тооцогдоно. Нэг талаасаа Төрийн ордны хамгаалалттай бүсэд тэсрэх бөмбөг тавьж, буун дуу гаргана гэдэг яавч болохгүй асуудал. Хууль дүрмээрээ бол ял авахаас зайлшгүй. Хүн тэнгэрийн дор амьдарч хуулийн дор бөхийж явах учиртайгаас хойш ял авч таарна. Галт зэвсэг агсаад, тэсрэх бөмбөг булаад явж байгаа нөхрийг шууд утгаар нь өмөөрөх эрх зүйн ямар ч үндэслэл алга. Өмөөрч байгаа хүмүүсийг ч дэмжихэд бас л хэцүү. Төрийн ордонд зөвхөн УИХ-ын 76 гишүүн, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд ажилладаггүй. Тэнд эгэл жирийн олон ажилтан бий. Цэвэрлэгч үйлчлэгчээс эхлээд дурдавч баршгүй олон хүн хоногийн хоолны төлөө ажиллаж байгааг Ц.Мөнхбаяр яагаад мэдэхгүй гэж. Түүнчлэн түүний энэхүү ажиллагаа Төрийн ордноос хальж Байгаль орчин, ногоон хөгжлийн яам, "Central Tower"-т тэслэгч тавьж, зуу зуун хүний амь насанд заналхийлсэн нь гарцаагүй үнэн. Хууль хяналтынхан Төрийн ордны арын цэцэрлэг, Байгаль орчин, ногоон хөгжлийн яам, "Central Tower" гэсэн гурван газраас нийт гурван буу, 7,62 мм-ын голчтой 36 ширхэг сум, есөн ширхэг гар гранат, бусад тэслэгч илрүүлсэн байдаг. Энэ бүгдээс харахад түүнийг өмөөрөх ямар ч үндэслэл алга. Ийм хэмжээний зэр зэвсэг тэсрэх бөмбөг энд тэнд булж, бидний амь насанд аюул заналхийж яваа хүнийг зөвтгөж шагнал өгөх тухай бичиж байгаа Төрийн түшээг яалтай ч билээ. Ж.Батзанданд олон хүний амь юу ч биш, урьдын явдлаас түүний цочироо нь гарсан ч байж болно. 

         Яахав, “Байгаль орчин, эх орноо хамгаалан тэмцдэг хүн бүрийг би өмөөрөх болно. Асуудал Мөнхбаярт байгаа юм биш. Түүний тэмцлийн зорилго, утга агуулгандаа байгаа юм” гэдэгтэй бол санал нийлж болох талтай. Монгол Улсын иргэн яагаад газар шороогоо хамгаалж, эх орон тусгаар тогтнолынхоо төлөө эрх баригчдын өөдөөс яагаад буу шагайж болохгүй гэж омогшиход өөрийн эрхгүй хүргэж байгаа байх, зарим нөхдийн хувьд. Ц.Мөнхбаяр эрх баригчдыг газар шороогоо үрж, идэж ууж байгааг нь хараад тэвчээгүй. Бусад шиг амиа бодоогүйд л хамаг учир бий гэх. Тэглээ ч энгийн номхон иргэдийн амь насанд давхар заналхийж явна гэдэг байж боломгүй асуудал.   

      Харин “Ц.Мөнхбаярт ял өгөх бус шагнал өгөх хэрэгтэй” гэсэнтэй яагаад ч хэн ч санал нийлэхгүй. Энэ бол эрүүл бус хүний яриа. Угаасаа эрхэм гишүүн маань нэрээ л гаргаж байвал элийрч балайрах нь энүүхэнд байдаг гэдгийг уншигч та юу эс андах билээ. Тэр л агуулгаараа санаанд орсноо бурсан хэрэг байх даа. Яагаад гэхээр өндөр ял сонссон эх орончдыг өмөөрөх ард түмний хүрээ тэлсээр байгааг хашир гишүүн мэдчихгүй юу. Ийм орон зайг Ж.Батзандан хэзээ ч алдахыг хүсэхгүй, гал өрдөхийг л хичээнэ. Уг нь бол учраа мэдэхгүй “эх орончид”-ын цээжээ дэлдэж байгаа явдал л түүнийг өмөөрөхөд хүргээд байгаа хэрэг шүү дээ. Дахин хэлэхэд долдугаар сарын 1-ний аймшигт үймээнийг зохион байгуулагчийн хувиар өөртэйгөө дүйж бодсон нь ийн хэлэхэд хүргэснээс гарцаагүй байх. Ерөөсөө Ж.Батзандангийн Ц.Мөнхбаярыг өмөөрдөг шалтгаан нь энэ л юм. 

С.Баяр