Зава Дамдин: Тарнийн зэмсэг "эрих" буюу шид авах "мала"-ны тухай
2018/07/16
Мөхөс би балчир ахуйдаа дүүтэйгээ аав, ээжийн нутагт очиж аавын нагац эгч болох “ажаа”-гийндаа зусдаг байлаа. Ажаа маань гурван лам ахтай байсан ба ах нар нь бүгд эрдмийн цолтой “Далай Вангийн Хошуу даасан зурхайч”, “гавж” гэх тэргүүтэй лам нар байсан учир бүгд хэлмэгдсэн бөгөөд “ажаа” орой малаа хотлуулж, үнээгээ сааж гүйцээд үргэлж нэгэн лам ахынхаа эрихийг үнэрлэн адис авч маань уншдаг байлаа. Тэр үеээс “эрих” гэдэг ямар эрхэм нандин зүйл болохыг ухаарсан агаад “ажаа” минь ч намайг ах нарын минь нэгний сүнс буцаж ирсэн хэмээн ихэд хайрлан хоймортоо ор засаж унтуулаад өглөө дуудалгүй унтуулж босож ирэхэд өрөмөнд дэвтээсэн цагаан будаа зооглуулдаг байв.
“Ажаа”-гийн барих тэр “эрих” тун сайхан үнэртэй ба бас сайхан шарлаж элэгдсэн “бодинз эрих” байлаа. Лам ах нь баригдаад явахдаа үлдээсэн эрих, шоо, тагш гурвыг “ажаа” минь намайг лам болоод очиход баярлан баярлан уяран хайлж одоо эд миний хүүгийнх боллоо гээд өгсөн юм. Тэр үеээс л эрихнээс салхаа байж “судар, тарни”-ийн ном үзэхэд эрдэмтэн багш нар ч бас эрихнээс үл салан шад, шүлэг, бүлэг ном болгоныг эрихээр тоо авч айлдах ба заримдаа түүнээ сампин мэт ашиглаж бүр тоо ч бодно. Бас биднийг бага хэмээлгүй “нямба” бүтээл хийлгэж эрихээр яаж тарни тоолох, яаж тоо авахыг хүртэл зааж өгсөн ба нэгэн удаа аг тарнийн багшаас эрихний тухай асуусан ба багш нэгэн сударт мутраар заан тайлбарласан нь ийн: “эрих бол тарнийн зэмсэг бөгөөд үүгээр тангаргийн ядам бурхад, баатар дагинас, номын хүчит сахиус нугуудын тарнийг уншиж урин дуудах ба тэдгээрийн зүрхэн тарни, ба үйлийн тарниар амарлингуй, дэлгэрэнгүй, эрх хүчний, догшин үйлийн, маш хэтэрхий олон үйлсийг бүтээх тэргүүтэй тарни унших зэмсэг бөгөөд тоо авах үүрэгтэй” хэмээн айлдсан.
Мөхөс би багаасаа Гандан хийд, Богдын ордон, Чойжин ламын сүм тэргүүтэнд бараалхан мөргөх дуртай ба Бурхад болон Богд, Ихэс лам нарын эдэлж хэрэглэж байсан гоёмсог агаад чухаг нандин эрихүүдийг ажин харж бас Монгол Ринбүчи Багш маань маш сайхан эрдэнийн эрихүүд эдлэж соёрхон саатдаг байсан ба бусдад бас хайрлан соёрхдог байсан тул хэзээ нэгэн цагт төгс сайн “эрихний соёл” дэлгэрүүлэх юмсан хэмээх бяцхан мөрөөдөл сэтгэлдээ тээсээр эдүгээ тэр мөрөөдөл минь хэдийнээ биелж эхэлжээ.
Эрихийг Санскрит хэл бээр “Mala” хэмээх бөгөөд утга нь “Шид авах” хэмээх утгатай.
Манай Монгол оронд дэлгэрсэн Бурханы шашинд 108 болон 21 тоотой эрихүүд байдаг вэ хэмээвээс: 108 эрихний учир нь Буддын гүн ухаанд “дүрс”-ээс “бурханы билиг оюун” хүртэл бүхүйл юмс үзэгдэл 108-д хуваагдан багтдаг тул ийн тоотой эрих голчлон хэрэглэдэг.
Эрих болгон толгойтой байдаг ба гурван бөөртэй байдаг нь нэг эрих тарни уншихад 111 унших боловч 100-гаар тоо авч 8 болон 3 бөөр нийлсэн 11-ийг тоонд оруулалгүй тэдгээр илүү уншсан нь бусад 100 уншсан доторх алдаа дутагдалтай уншсан байж болзошгүйг нөхөж байх учиртай.
Бас заримдаа “очир”, “хонх”, “пүрэв”, “дигүг” тэргүүтэнтэй аравт, аравтын хос тоолууртай байдаг нь “ядам бурханы нямба бясалгал” хийх болон өдөр тутмын уншлага, тарни уншхад болон авсан номынхоо авшиг ба тангаргаас шалтгаалж биедээ үргэлж очир, хонх тэргүүтэн авч явах тарнийн зэмсэг болдог.
Хос тоолуурыг ашиглахдаа бүтэн эрих тарни уншаад “очиртой аравт”-аасаа нэгийг татсаар 1000 болох ба тэр үед “хонхтой аравтаасаа нэгийг татна ингэсээр “түм” буюу 10,000 болно. Ийм тоолууртай эрихэнд бас “шахуурга” хэмээх тоолуур байна. Үүгээрээ “түм” тоог 3 бөөртэй 108 эрихээсээ нэгийг татна ингэсээр арав болоход “бум” буюу 100,000 болно. Бас тоолсоор 100 хүртэл шахуургаа шахахад “сая” буюу 1,000,000 болно гэх мэт.
Бас ийм тарнийн эрихний хэлхээнээс гарсан хоёр унж уургатай хос дусал байх ба энэ нь “арга, билиг” хоёр ба бас “хоосон чанар, бодь сэтгэл” хоёр тэргүүтнийг билэгдэнэ.
21 тоотой эрих нь бөөртэй ч бай бөөргүй ч бай 21 байдаг ба үүний учир нь 21 Дарь Эхийн тоогоор бэлгэдэн байдаг ба Бурханы шашинтан хүмүн өдөр тутам уншлага уншихдаа ажил ихтэй цаг амжих бэрх бол хураангуй уншлага, тарни тоолоход зориулдаг эрих юм.
Жич үл өгүүлэн өгүүлэхэд “зөгий цэцэгэнд өөрийн эрхгүй дурладаг” шиг тарнийн ёсыг дээдэлж явдаг хүмүн ийм чимэгтэй тарнийн зэмсэг болох эрих биедээ авч явбал огторгуйд зорчигч баатар, дагинас сахиусан тэнгэрүүд баясан таалж өөрийн эрхгүй сүүдэр мэт даган явж муу ёр, саад тотгор, хар зүгийн тэнгэр зэтгэрүүдээс сахин хамгаалж байдаг гайхамшигт шид бүтээлтэй бөлгөө.
Зава Дамдин Ринбүчи