шинэ цэвэрлэх байгууламжийг барихдаа Францын ТЭЗҮ-ээр хийнэ
2018/08/01
Ерөнхий сайд Хятадад айлчлах үеэрээ тус улсын Экзим банкны 300 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлээр шинэ цэвэрлэх байгууламж барих гэрээг байгуулсан. Зундаа өмхий үнэрт дуниартах нь холгүй суудаг улаанбаатарчуудад үүн шиг сайхан мэдээ үгүй.
Нийслэлчүүдэд хүлээлт үүсгээд буй уг ажлыг Барилга хот байгуулалтын сайд Х.Баделхан ахалсан. Бүр тэрээр хар толгойгоороо хариуцаж байгаа. Учир нь Ерөнхий сайд У.Хүрэлсүх "Бид нийслэлийн цэвэрлэх байгууламжийг шинэчлэх, барих талаар их удаан ярилцсан. Одоо бодит ажил болгох цаг ирсэн байна. Ярих бус ажилдаа оръё. Цаашид энэ ажлыг Барилга хот, байгуулалтын сайд Х.Баделхан та хар толгойгоороо хариуцан ажиллана” хэмээн үүрэгдсэн билээ.
Төв цэвэрлэх байгууламжийг барихад 2-4 жилийн хугацаа шаардагдана гэж Хятадын талаас мэдэгдсэн. Шинэ цэвэрлэх байгууламжийг барихдаа өмнөх буюу Францын “Артелиа Вилл энд транспорт” ХХК-ийн боловсруулсан Төв цэвэрлэх байгууламжийн ТЭЗҮ-ийг ашиглах гэнэ. Харин Хятадын тал өөрсдөө шинээр дахин ТЭЗҮ хийх саналтай байгаа гэх мэдээлэл байна. Хэрэв энэ үнэн бол хотынхны шинэ Төв цэвэрлэх байгууламжтай болж, өмхий үнэрээсээ сална гэх хүсэл биелэхэд дахин багагүй хугацаа шаардагдах бололтой. Энэ талаар Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделханаас тодруулахад “Шинэ Төв цэвэрлэх байгууламж өмнө нь яригдаж байсан ТЭЗҮ-ээр хийгдэнэ. Францын “Артелиа Вилл энд транспорт” ХХК-ийн боловсруулсан ТЭЗҮ-ээр хийгдэнэ гэсэн үг. Энэ бол олон улсад алдартай компани. ТЭЗҮ-ийн хувьд дэлхийн стандартын шаардлага хангасан. Одоогоор ажлыг гүйцэтгэх компани шалгаруулж байгаа. Тун удахгүй ямар компани Төв цэвэрлэх байгууламжийг барих нь тодорхой болно. Гүйцэтгэгч компанийг сонгочихвол ажил эхлэхэд бэлэн” гэв. Мөн Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “Шинэ цэвэрлэх байгууламжийн ажил хугацаандаа хийгдэнэ” хэмээн цахим хуудаснаа жиргэжээ.
Төв цэвэрлэх байгууламжийг БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлээрбарьж байгаа тул тус улсын компани гүйцэтгэлийг хийх аж. Тиймдээ ч Хятадын компаниудын дунд хаалттай тендер зарлагдаж байгаа гэнэ. Цэвэрлэх байгууламж барих үед Мянганы сорилтын сангийнхан буцалтгүй тусламжаар цэвэрлэсэн усыг дахин боловсруулах тоног төхөөрөмж суурилуулж өгөхөөр болжээ. Энэхүү төхөөрөмжийн тусламжтайгаар Төв цэвэрлэх байгууламжаас гарсан усыг дахин боловсруулан “ДЦС-3”, “ДЦС-4”-т нийлүүлэх боломжтой юм байна. Мөн шинэ цэвэрлэх байгууламжийн хувьд хоногт 250 метр.куб бохир ус хүлээн авах хүчин чадалтай байх давуу талтай аж. Ямартай ч шинэ цэвэрлэх байгууламжтай болсноор нийслэлийнхэн ойрын 30 жилдээ айх айдасгүй байж болох юм байна. Төв цэвэрлэх байгууламж нь 1964 онд ашиглалтад орсон. Хоногт 160-190 мянган метр.куб ахуйн болон үйлдвэрийн бохир ус хүлээн авч цэвэрлэдэг. Гэсэн хэдий ч лаг боловсруулах байгууламж байхгүйгээс шалтгаалж хоногт 1000-1200 метр.куб буюу 10 тонны даацтай машинаар өдөрт 100 удаа зөөх хэмжээний нойтон лагийг ил талбайд усгүйжүүлэн хатаадаг юм байна. Үүнээс үүдэн 900 мянган метр.куб лаг хуримтлагдан байгаль орчин, агаар, хөрс бохирдуулж, иргэдийн эрүүл мэндэд ноцтой нөлөөлсөөр байгаа ажээ.
Тэгвэл шинэ Төв цэвэрлэх байгууламж барих хүртэл өмхий үнэрийг хэрхэн дарах талаар Барилга хот, байгуулалтын сайд Х.Баделханаас тодруулахад “Үнэр байхгүй болсон. Одоо Төв цэвэрлэх байгууламжийг барих хүртэл гарч байгаа усыг стандартын шаардлага хангасан байлгахын тулд цэвэрлэх байгууламжид багагүй шинэчлэл хийж байгаа. Тиймдээ ч гарч байгаа усны чанар сайжирч байгаа гэж ойлгож болно. Хоёрт, Японы компанитай гэрээ хийсний дагуу 50 жил хадгалагдсан лагийг хар бордоо болгож байна. Одоо бол үнэр дарагдаж байгаа. Хуучин шиг үнэр байхгүй болсон. Гэхдээ тэр хавьд маш олон арьс ширний үйлдвэр байдаг юм билээ. Тэдгээрийг нүүлгэхгүй бол үнэр бүрэн дарагдахгүй” гэсэн юм.
Төв цэвэрлэх байгууламжийн үнэргүйжүүлэх ажлыг дөрөвдүгээр сараас эхлэн эрчимжүүлжээ. Одоогоор төв цэвэрлэх байгууламж ашиглалтад орсноос хойш буюу 50 гаруй жилд хуримтлагдаад байсан 250 мянган метр.куб хур лагийг биологийн аргаар үнэргүйжүүлж, бактераар хоргүйжүүлэн бордоо болгон хувиргах ажил хийгдэж эхэлжээ. Япон эрдэмтдийн гаргаж авсан энэ бактерийг Япон монголын хамтарсан компаниуд хамтран үржүүлж, агаарт дэгдэх үнэр, орчинд тархах халдварыг устгах ажлыг гүйцэтгэж байгаа юм байна. Уг ажил тавдугаар сарын 22-ноос эхэлжээ.
Энэ талаар “Эко тайхи” компанийн гүйцэтгэх захирал Ш.Ганчимэг “Эко энергийн систем” компани манайхтай хамтарч энэ ажлыг хийж байгаа. Хоккайдогийн их сургуулийн эрдэмтэд, судлаачид уг бактерийг гаргаж авсан. Энэхүү бактери нь Японы маш олон газар туршигдсан байдаг. Фүкүшимагийн атомын цахилгаан станцын дэлбэрэлтийн нөлөөгөөр үүссэн хөрсний бохирдлыг уг бактериар цэвэрлэсэн юм. Ингэхдээ хамгийн хортой цацраг идэвхт бодисуудыг багасгасан туршилт бий. Төв цэвэрлэх байгууламж дээр дээрх бактерийг ашигласнаар үнэр эрс багасч байгаа.
Бид энэхүү бактерийг ашиглахдаа нэн тэргүүнд үржүүлдэг. Үржүүлэх процесс нь маш нарийн. Технологийн дагуу хийхгүй бол бактери дахин үрждэггүй. Үртэс, модон материал дээр сайн үрждэг. Иймд бид үртсэнд энэхүү бактерийг үржүүлж байгаа. Ойгоо цэвэрлэж бас үнэрээсээ салж байгаа давуу талтай. Лаг эргээд бордоо болно. Бордоог цаашид яах талаар судалгаа шинжилгээг давхар хийгээд явна. Ямартай ч ойн болон уул уурхайн нөхөн сэргээлтэд бүрэн ашиглах боломжтой байх болов уу гэж харж байна” гэлээ.
Түүнчлэн Төв цэвэрлэх байгууламжийн цэвэршүүлэлтийн хувийг сайжруулах зорилгоор улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хоёр тунгаагуур, био цөөрөм барьж байгаа юм байна. Ингэснээр Төв цэвэрлэх байгууламжийн цэвэрлэгээний түвшин дээшилж, Туул голд нийлүүлэгдэх усны чанар сайжрах үр дүнтэй гэнэ. Хур бороо ихтэй байгаагийн улмаас хоногт цугларах бохир усны хэмжээ 200 мянган тонн давах болсон талаар ч албаныхан онцолсон. Мөн бохир усны цэвэршүүлэлт 75-85 хувьтай байгаа гэсэн.
Ямартай ч холбогдох албан тушаалтнуудын хэлж байгаагаар цэвэрлэх байгууламжаас гарах эвгүй үнэр тодорхой хувиар буурч байгаа аж. Энэ талаар “Ногоон титэм” лабораторийн эрхлэгч, химич Б.Алтангадас "Бидний зүгээс Төв цэвэрлэх байгууламжийн үнэрт шинжилгээ хийж байгаа. Янз бүрийн үнэрт бодисуудыг агаарт ямар хэмжээгээр дэгдэж байгаа эсэхийг бид шинжилж байгаа юм. Бид эцсийн дүгнэлтээ арваннэгдүгээр сард хүлээлгэж өгнө. Урьдчилсан дүгнэлтээр цэвэрлэх байгууламжийн үнэр 30-50 хүртэлх хувиар буурсан.
Ерөнхийдөө агаарт дэгдэж буй бодисууд бидний биед нөлөөлж, шууд өвчлөл үүсгэх нь харьцангуй бага. Гэхдээ удаан хугацаагаар дотор нь ажиллаж байгаа, ойр орчимд амьдарч буй хүмүүсийн төв мэдрэлийн систем, зүрх судаст нөлөөлж болохуйц бодисууд ялгарч байгаа" гэлээ.
Тэгвэл Төв цэвэрлэх байгууламжийн үнэр буурсан эсэх нь иргэдэд хэрхэн нөлөөлж байгаа талаар иргэдээс тодрууллаа. Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны иргэн Х.Оюунаа “Цэвэрлэх байгууламжийн үнэр өглөө, оройдоо бол заавал үнэртдэг. Үнэртэж байх үед л цонхоо онгойлгоно гэж саналтгүй л байдаг юм. Гэхдээ багассан байж болох талтай. Өмнө нь зарим тохиолдолд цонх, тагт бүгд хаалттай байхад ч үнэртээд байдаг байсан. Ойрд угаартуулах шахам үнэртэх нь гайгүй л байна. Ер нь нэг мөсөн арилчихвал муухай үнэр ороод ирэх вий нялх хүүхдэд маань муугаар нөлөөлчих вий гэж санаа зоволтгүй л цонхоо дэлгээд байж баймаар санагддаг. Энэ үнэрээс болж цонхоо дураараа нээж чаддаггүй гэсэн үг шүү дээ. Зундаа цонхоо онгойлгох эрхгүй, өвөлдөө утаа, өмхийнд дарагдана гэдэг хүсээд байх зүйл биш. Тэр зовлонг төв цэвэрлэх байгууламжтай ойр байдаг, үнэр нь салхинд ирж үнэртдэг айл өрхүүд сайн мэднэ дээ” гэж ярьлаа.
Харин Хан-Уул дүүргийн тавдугаар хорооны иргэн Н.Ганцэцэг “Манайх яармагийн буудлын ойролцоо учир цэвэрлэх байгууламжийн үнэр үе үе л үнэртдэг. Заримдаа бүр айхтар үнэртэнэ. Ямар тохиолдолд тэгж их үнэртдэгийг сайн хэлж мэдэхгүй л байна. Төв цэвэрлэхийн үнэр буурсандаа биш салхи, хаанаас байна гэдэгтэй л холбоотой болов уу. Яахав бага ч гэсэн буурч байгаа нь сайшаалтай л юм. Гэхдээ бид заавал өмхий үнэртэж, тав тухтай амьдрах боломжоо алдах ёсгүй шүү дээ. Төв цэвэрлэх байгууламжтай ойр амьдардаг нь бидний буруу биш гэдгийг төр, засгийнхан ойлгох хэрэгтэй” гэв.
Хэдий шинэ цэвэрлэх байгууламж барих хүртэл үнэрийг дарахаар дор бүрнээ анхаарал хандуулж байгаа ч шинээр барихаас нааш үнэр бүрэн дарагдах эсэх нь эргэлзээтэй. Хэрэв Төв цэвэрлэх байгууламж барих компаниа энэ хавартаа багтаан Хятадын талыг сонгуулчихсан бол зуны дэлгэр цаг гэж налайн суулгүй барилгын ажлаа эхлүүлчих боломж бидэнд байсан. Ингэж чадвал үнэр дарах гэж зовж суух цаг багасах нь ойлгомжтой. Нэгэнт л хоёр улс Төв цэвэрлэх байгууламж барихаар сэтгэл шулуудсанаас хойш яаравчлах нь зүйтэй юм. Иймд хар толгойгоороо хариуцсан салбарын сайд маань дахин нэг анхаарах нь зүйтэй болов уу.
ЗОЧИН · 2018/08/01
ТЭР ХАВИЙН АРЬС ШИРНИЙ ҮЙЛДВЭРҮҮДИЙНХ ГЭЭД БАДЕЛХААН ШААЖ ӨГЧ БАЙНАА .