-Зургаан настай хүү рүү дайрч, гэмтээсэн адууны зургийг Туул тосгоны фэйсбүүк хуудсаас авав-

“Хан-Уул дүүргийн XIII хорооны нутаг дэвсгэр, Туул тосгонд зургаан настай хүүхдийг галзуурсан байж болзошгүй адуу хазаж, гэмтээжээ” гэх мэдээлэл өнгөрсөн амралтын өдрүүдээр олныг цочирдуулсан.

Тодруулбал, өнгөрөгч Бямба гарагт буюу энэ сарын 28-ны өдөр 11.00 цагийн үед хар хээр зүсмийн адуу галзуурсан байдалтай, айлын үхэр тангараад, машины эд анги салгаж, улмаар хашааныхаа үүдэнд зогсож байсан зургаан настай хүүг хазжээ гэх мэдээллийн дагуу бид Туул тосгон буюу бидний нэрлэдгээр Шувуун фабрикыг зорилоо.

Туул тосгон нийслэлийн баруун урд энгэрт ч гэлээ хөгжил тааруу, хүн зон нь дүнсгэр байна. Байгаль ээж бороо хураа харамгүй хайрласны ачаар зуншлага сайхан болжээ. Хэдий газрын магнай өнгөө зассан ч хэвлий нь сэндийчүүлж тартагтаа тулжээ. Үхрийн зам мэт үе, үе бүтэн үлдсэн зурвас газар харагдах бүрт “Угтаа бол энэ газар ийм ч байгаагүй юм л даа. Ийм болгосон хүмүүс нь бэрдийн ходоодтой болчихоод ханаж цадахгүй газрын хөрсийг гахай шиг л эргүүлж байна” хэмээн халаглах.

…Байсгээд л малын гоц халдварт шүлхий гарч хорио цээрийн дэглэмд шилждэг энэ бүсэд галзуу адуу хүүхэд бэртээсэн хэргээс гадна малын зүй бус хоргодол хэрээс хэтэрсэн гэдгийг малчид хэлж байна. 2018 он гарсаар арваад үхэр хайрга, дайрга олборлогчдын үүсгэсэн хиймэл нууранд живжээ. Мөн хүнсний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг үндэсний томоохон аж ахуйн нэгжүүд Шувуун фафрикт үйлдвэрийн хог хаягдал, муудсан, хугацаа нь дууссан гурил, гурилан бүтээгдэхүүн булшладагаас болж мал хөөж үхэх, хордлогод орох, хүндээр өвддөг байдал гаарчээ.

 

Бид хууль бусаар хайрга, дайрга олборлогчид гэж хэн бэ. Ерөнхийлөгчийн хүнсний аюулгүй байдал хариуцсан зөвлөх өө, үүнийг хэрхэх вэ, Шувууны сангас иргэдийн эрүүл мэндэд заналхийллээ... зэрэг асуудлыг энэ бүсээс хөнден цувралаар уншигч танд хүргэх болно. Манай сурвалжлах баг энэ удаад галзуу адуу хүүхэд хазсан сэрдхийм мэдээллийн мөрөөр уншигдадаа мэдээлэл хүргэе.

Биднийг Хан-Уул дүүргийн XIII хороонд очиход Бөхөг голын орчимд арав гаруй хүн цугласан байв. Тэдний дунд галзуу адуунд хазуулсан С.Билгүүдэй хүүгийн өвөө Б.Дашдорж гуай ч байж таарав. Ингээд хүүгийн өвөөгөөс юу болсон талаар тодрууллаа.

-Тухайн өдөр яг юу болов. Хүү хаана явж байгаад галзуу адуунд хазуулав?

-Миний зээ хүүг адуу хазсан. Манайхаас саахалт орчмын зайнд Төрөө гээд залуу байдаг юм. Тэднийх хоёр адуутай. Төрөө адуугаа аргамжих санаатай гартаа сүх барьчихсан явж байж л дээ. Тэгсэн гэнэт нэг хар хүрэн зүсмийн адуу тэдний хойр адуутай ноцолдож байгаад Төрөөгийн дуунаар цааш давхичихсан байгаа юм.

Яг энэ үеэр миний зээ хүү хашааны гадна зогсож байгаад галзуу адууны хөлд өртчихлөө.

-Хүү биеийн аль хэсэгтээ бэртэл авсан байна вэ?

-Галзуурсан адуу хүүгийн минь хажуугаар давхиад өнгөрч явснаа гэнэт зогтусч буцаж эргээд хүүг минь урд туурайгаараа цавчаад толгойд нь буюу дагзан тус газар нь тангарч унагаад ноцож эхэлсэн байгаа юм. Хүү орилж чарлаад морины хөлд унаж байгааг харсан манай нохой эзнээ хамгаалж өнөө галзуу морь руу боргож ноцсоор хүүгийн минь толгой, цээжин тус газрыг хамгаалсан гэнэ.

Галзуу адуу, хүүг минь нүүрээрээ унахтай зэрэгцэн нохой руу цамнаж эхэлж. Нохойг жаахан холдох зайнд адуу газар тэрийгээд хэвтэж байгаа хүү рүү минь дахин дайрч л дээ. Яг энэ үед манай нохой галзуу морины урд хөлийнх нь шилбэ орчмоос зуугаад авчээ. Нохой маань ингэж хөлийг нь зуугаагүй байсан бол хүүг минь дахин тангарч өшиглөх гэж байж. Гэхдээ л морь үрийн минь толгойн хэсгээс хазчихсан юм уу тангарч өшиглөөд толгойн арьсийг нь ярчихсан байх юм.

-Энэ явдлыг үзэж, харсан гэрч ойр орчинд нь байсан уу. Галзуу адууны хөлд хүүхэд үрэгдэх гэж байхад харгалзах томчууд яагаад юу ч хийж чадаагүй юм бэ?

-Хүүхэд, морь, нохой гурав ингэж дуу шуу болж байх үед хоёр адуугаа аргамжих гэж явсан Төрөө гэдэг залуу нэлээд холоос хараад хүү рүү минь яарч гүйж байхдаа энэ бүх үйл явцыг харсан байдаг юм. Замаасаа нэг төмөр олж аваад сүхээ далайгаад очихтой зэрэгцээд хүүгийн минь арван настай эгч нь ч хашаанаасаа гараад очжээ.

Газар тэрийгээд уначихсан хүүг минь босготол толгойноос нь нэлээд цус урсчихсан, хувцас хунар нь цусанд будагдсан байдалтай байгааг хараад шууд түргэн тусламж дуудсан. Ингээд Гэмтэл согог судлалын үндэсний төв рүү хүргэгдсэн. Толгойдоо долоон оёдол тавиулсан. Ясных нь зургийг авахуулах гэсэн боловч жаахан хүүхэд учраас цочирдож айснаасаа болсон уу, уйлаад ер зураг авахуулаагүй. Эмч нар “Шөнө унтаж байхад нь зургийг нь авъя. Унтах үеэр нь аваад ирээрэй" гээд биднийг явуулсан.

Тэгээд Бямба гаригийнхаа орой 23 цаг өнгөрөөгөөд дахин гэмтлийн эмнэлэг дээр яваад очсон. Хүүхэд учраас машины явдалд бөх унтаж чадахгүй байсан. Яг эмнэлэг дээр очихоор сэрчихээд байсан. Ингээд л толгойн ясны зураг авахуулах гэж бөөн уйлаан, шуугиан болж байж арай гэж авахуулсан. Азаар тархины яс гэмтэлгүй гэсэн хариу гарсан. Ингээд даваа гаригийн өглөө найман төрлийн сорил тавиулаад галзуугийн тариа хийлгэсэн.

-Галзуу адуу байсан гэдгийг тогтоосон юм уу. Ямар үндэслэлээр хүүд галзуугийн тариа хийсэн бэ?

-Галзуу адуу гэдгийг ер нь шинжилж тогтоогоогүй. Ням гарагт дүүргийн Мал эмнэлгийн газраас хэдэн хүн ирсэн. Галзуу адуунд хазуулсан байж болзошгүй гэх үхэр, нохой, адуунд галзуугийн тариа хийгээд явсан. Миний хүүгийн хувьд тарианы хоёр дахийг гурав хоногийн дараа хийлгэнэ. Дараагийн тариаг нь дөрөв хоноод, дараагийнхийг нь долоо, дахиад 21 хоноод тариулна гэсэн.

-Одоо хүүд ямар шинж тэмдэг илэрч байна вэ?

-Адуунд уруулсан шөнө халуурсан. Маргааш нь толгой өвдөж байна гэсэн. Түүнээс хойш биед нь нэг их зовиур ажиглагдаагүй ч шөнөдөө цочиж уйлаад тайван унтаж чадахгүй байна. Хүү минь одоогоор эмнэлэгт хэвтээгүй, гэрээрээ байгаа.

-Адууны эзэн олдов уу?

-Олдоогүй. Гэхдээ тамга тэмдгээр нь хөөвөл олдох байх. Уг нь манай мал эмнэлгүүдийн нэгдсэн санд монголын бүх морьд тамга тэмдэг, эзэн холбогдогчтойгоо бүртгэлтэй байдаг гэдэг боловч ийм нэгдсэн нарийн мэдээлэл байдаггүй юм байна. Их учир битүүлэг бүртгэл байна. Тухайлбал, Доржийн адуу хоёр ширхэг. Батын адуу арван ширхэг гэж л бүртгэсэн байх юм. Тамга тэмдэг, өнгө зүсээр нь ялгаж бичсэн нэг ч нарийн мэдээлэл алга. Тиймээс энэ адууны эзнийг олно гэдэг бэрхшээлтэй.

-Мориноос шинжилгээ авч амжаагүй үхсэн гэсэн мэдээлэл бий. Хэрхэн устгалд оруулсан юм бол?

-Тухайн хэрэг явдал амралтын өдрүүдэд болсон учраас “Ажлын эхний өдөр дээж, шинжилгээ авна. Тиймээс амьд байлгах хэрэгтэй. Дахиад ч хүн, мал бэртэх эрсдэлтэй учраас гэрлийн шонгоос уячих гэдгийг дүүргийн мал эмнэлгийнхэн зөвлөсөн. Гэтэл Даваа гарагийн өглөө өнөөх галзуу адуу үхчихсэн байсан. Үхсэн адууг Мягмар гарагийн13 цагийн үед дүүргийн мал эмнэлгийн газрынхан хайрга, дайрга олборлодог том машинд ачаад явсан. Сэг зэмийг нь хаана устгасныг нь мэдэхгүй.

-Адууны шүлс хүрсэн мал, нохойд шинжилгээ хийсэн үү. Орчныг ариутгаж халдваргүйжүүлэх ажил эхлэв үү?

-Ариутгалын ажил ер хийсэнгүй. Адууны сэгийг ачихдаа хүүхдүүд байнга тоглодог тогтоол усанд хэд хэдэн удаа унагасан. Хүүхэд тоглодоггүй юм гэхэд мал, нохой энэ тогтоол уснаас уувал яах вэ. Морь үхсэн гэрийн буйр шиг хэсэгт хлормин цацаад явсан. Ийм ариутгал гэж баймааргүй юм. “...Адуу бол битүү туурайтан. Тиймээс малын гоц халдварт элдэв өвчин тусдаггүй болов уу. Адуу галзуурчээ гэж өр сонсоогүй” гэх явган яриа Туул тосгоныхон дунд “тэнэж” явна.

Дээрх ам дамжсан яриа хэр үнэний ортой болохыг Man эмнэлгийн ерөнхий газрын мэргэжилтэн Х.Бодьсайханаас тодрууллаа.

Х.БОДЬСАЙХАН: ГАЛЗУУГИЙН ХАЛДВАР ШҮЛСЭЭР ДАМЖИНА

-Адуу галзуурдаг юм болов уу. Малын элдэв өвчний халдвар тээдэггүй гэх юм?

-Галзуурна. Ноднин Архангайн Хашаат суманд азарга галзуурсан тохиолдол гарсан. Мөн Хөвсгөлд ч адуу галзуурч байсан. Адуу өвдөхөөрөө, ямар нэг халдварт өвчин тусахаараа өвчинд тэсвэргүй.

-Галзуурсан бол ямар шинж тэмдэг илрэх вэ?

-Эхний үе шатандаа их номой болно. Халуурна, хоол тэжээлэнд дургүйлхэнэ. Галзуугийн хоёр дахь шатнаас хазаж хэмлэх юу л байна, тэр бүхнийг хазна. Тангарна, хүн мал руу ноцно. Юунаас ч айж бэргэхгүй. Хөөрлийн үе эхэлж байгаа юм. Өвчин эцсийн шатандаа орвол саажилтын үе эхэлнэ. Цочимтгой, гэрэл харж чадахгүй, салхинаас хүртэл айна. Ам хамраас нь шүлс, нус гоожино.

-Өнгөрөгч амралтын өдрөөр Туул тосгонд галзуурсан адуу хүүхэд, мал руу халдсан гэх мэдээлэл авсан уу. Нутгийнхан галзуурсан байж болзошгүй адуунаас холбогдох газрууд дээж, шинжилгээ авсангүй гэж байгаа?

-Мэдээлэл авсан. Хүний өвчлөлтэй холбоотой учраас ЭМЯ-наас мэдээлэл ирүүлсэн. Мэдээлэлд, тухайн адууны тархинаас дээж авсан. Галзуурсан гэдэг нь тогтоогдсон. Улсын мал эмнэлэг ариун цэврийн төв лабораторид баталгаажуулахаар дээжийг нь дахин явуулжээ. Одоогоор хариу нь эцэслэгдээгүй байна.

-Малаас хүнд галзуу өвчин халдах уу. Хүнд халдсан тохиолдолд ямар шинж тэмдэг илрэх вэ?

-Зэрлэг, тэжээвэр ан амьтанд шүлсээр дамжиж халдварлахаас гадна хүнд халдана. Ингэхдээ 10-90 хоногийн дараа өвчний шинж тэмдэг илэрнэ. Нэгэнт хазуулсан бол тусгай эмчилгээ, тариа хийлгэнэ. Галзуугийн вакцин бол эмчилгээ биш. Урьдчилан сэргийлэх л арга хэмжээ.

-Галзуу малыг ямар аргаар устгадаг юм бэ?

-Буудах юм уу шатаах замаар зориудаар устгана. Үргэлжлэл бий...

 

 М.МӨНХТУНГАЛАГ,

Эх сурвалж: "ҮНДЭСНИЙ ШУУДАН" СОНИН