Байт харвааны талбайн нээлт боллоо
2018/08/03
Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд олон улсын стандартад нийцсэн, “Дайчин чанар-Тэсвэрийн талбар” байт харвааны 360 талбайн нээлтийн ёслол боллоо. Байт харвааны зориулалтын энэ талбай нь “360 градус” төслийн хүрээнд хийгдэж байгаа бөгөөд уг байгууламж шинэлэг сайхан санаачлагаар, олон мянган хүний бие сэтгэл, зүтгэлийн хүчээр босож байгаа юм. Өөрөөр хэлбэл байтын тамирчид өөрсдөө манлайлан ажиллаж, иргэд, дэмжигчдийн хандив, тусламжаар богино хугацаанд, төсвөөс нэг ч төгрөг авахгүйгээр стандартын талбайтай болж байгаа нь энэ юм.
Нээлтийн ёслолд НИТХ-ын дарга С.Амарсайхан оролцлоо. Тэрээр," Энэ ажил бол иргэд, оршин суугч, аж ахуйн нэгж, төр, төрийн бус байгууллагууд зөвхөн хөгжил дэвшилийг шаарддаг, шахдаг, хүсдэг,хүлээдэг ,шүүмжилдэг биш санаачлага, оролдлого байвал юуг ч хийж болдог юм гэдгийг харуулсан тод жишээ болжээ. Мөн Нийслэлийн иргэд оршин суугчид төдийгүй Монгол улсын маань нийт иргэд энэ сайхан байгууламжид чөлөөт цаг заваа өнгөрөөх спортынхоо салбарыг хөгжүүлэх үйлст үнэтэй хувь нэмэр оруулах боломжийг бүрдүүлэх тал дээр нийслэлийн удирдлагуудын зүгээс шат шатандаа анхаарч ажилланх болно" гэлээ.
Одоогийн байдлаар 800 орчим хүнээс 300 гаруй сая төгрөгийн хандив бэлэн мөнгө болон бэлэн бус байдлаар цугласан бөгөөд үүний зарцуулалтыг facebook шилэн дансаар байнга мэдээлж байгаа аж. Байт харвааны энэ зориулалтын талбайд мэргэжлийн тамирчид бэлтгэл сургуулилтаа хийхээс гадна сонирхогчид ирж, сум тавьж чөлөөт цагаа өнгөрөөж болох юм байна. Байт харваа Монголд 1960 оноос хөгжиж эхэлсэн ч өнөөг хүртэл зориулалтын талбайгүй байсан юм. Ийнхүү байтынхан 60 жилийн дараа 60 хоногийн дотор зориулалтын талбайтай боллоо. Ингэснээрээ Байт харвааны холбооныхон олон мянган дэмжигчийн бие сэтгэлийн хүчээр өөрсдийн спортын амжилтыг ахиулах, хүүхэд залуусын боловсролд том хувь нэмэр оруулах спортын талбайтай болж, спортын түүхэнд үлгэрлэл, манлайлал үзүүлж байгаа юм. Байтынхан бусад спортын төдийгүй монгол түмэндээ ийм бүтээн байгуулалт хийснээрээ сэдэл санаа өгч, туршлага боллоо. Ингээд зогсохгүй байтынхан бахархам түүх ихтэй тамирчид. Онцолбол, байтын Д.Дэмбэрэл 1971 онд Монголын анхны дэлхийн аварга болж байсан бол 2008 оны Бээжингийн паралимпоос Д.Баатаржав алтан медаль хүртэж, мөн л паралимпийн Олимпийн анхны аварга хэмээх эрхэм алдрыг эх орондоо авчирч байжээ.
Сонирхуулахад, тус талбайд Гиннесийн номд орох хамгийн том буюу 27х13 метр Олимпын цагариг босох аж. Энэ нь Монголын байтаас олимпын аварга төрөхийг бэлгэдсэн хэмээн бүтээн байгуулагчид ярьж байна. Байт харвааны талбайн нээлтийн ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга болон спортын алдартнууд оролцоно. “360 градус” төслийг Монголын байт харвааны холбооны Ерөнхийлөгч П.Цагаан санаачилсан бөгөөд Монголын байт харвааны холбооны Удирдах зөвлөлийн гишүүн С.Эрдэнэболд удирдан гүйцэтгэжээ.
НИТХ-ын ХМОНХХ