Засгийн газрын тэргүүний ар, өврийн “Дэнзэнгүүд” уван цуван ил болсоор байна.  “Том” хүний хамаатнууд ямархан үйл хэрэгт гар бие оролцож явдгийг тэдний явдал суудал ч илчилж эхэллээ.

Энэ намрын гол дуулиан нь Н.Алтанхуяг сайд өөрийн хүргэн  жинхэнэ Г.Дэнзэнгээ ЗГХЭГ-ын даргын суудалд залруулсан явдал байлаа.  Хавь ойрын хамаатан саднаа сандал суудалтай болгосон энэ явдалд Ерөнхий сайдын танхим бүү хэл,  олон нийтийн зүгээс ч маш их эсэргүүцэл гарсан юм. Мэдээж, энэ явдлыг намжаахын тулд хөөрхий хүргэн хүү том суудлаасаа буухад хүрсэн. Эл шуугианы чимээ тасраагүй байтал Засгийн газрын тэргүүнтэй холбоотой бас нэг асуудал босч ирээд байгаа нь Н.Алтанхуягийн өврөөс бус араас төрсөн “Дэнзэнгүүдийн” асуудал юм.  Тодруулбал,  Ерөнхий сайд Н.Алтанхуягийн гэр бүл, хамаатан садангийнх нь хүрээллээс дахин нэг “Дэнзэн” төрж байгаа талаарх мэдээлэл олны анхааралд байна.  Арга ч үгүй, Засгийн газрыг тэргүүлж, олон нийтийн итгэл хүлээсэн “том” эрхэм хамаатан саднууддаа “том бялуу” хүртээж байгаа явдал угаас анхаарлын төвөөс холдох учиргүй. Хэрэг явдлыг сийрүүлбэл, Ерөнхий сайд Н.Алтанхуяг Тэргүүн шадар сайд байхдаа буюу одоогоос хоёр жилийн өмнө хүргэнийхээ дүүгийн охинд Нүхтийн аманд 1100 метр.кв газар олгосон нь өдгөө түүнийг ар, өврийн “Дэнзэнгүүдийн” эзэн гэх нэрэнд лаг шавар мэт суулгачихаад байна. Энэ шавраас мултрах гарц Н.Алтанхуягт тийм ч амар олдохгүй бололтой. Учир нь,  хамаатныхаа ахын ачаар ийм их хэмжээний газар авсан охин  өнгөрсөн онд уг газраа бусдад худалдсан нь ийнхүү дуулиан шуугиан дагуулаад байгаа юм.  Гол асуудал нь өнөөх газар авдаг охин тухайн үед 21-тэй, харин өдгөө 23-хан настай байгаа юм. Тэрбээр тухайн үеийн Байгаль орчин аялал, жуулалчлын сайдын тушаалаар маш их хэмжээний газар эзэмшихээр болсон атлаа газрын үнэ галзуураад буй энэ үед гэнэт худалдахаар болсон нь хавь ойрын хамаатан саднуудаа “олны танил” болгох эхийг тавиад байгаа юм.  Харин хэрэг явдал хэрхэн өрнөснийг баримт дурдан өгүүлье. 

 Шинэхүүгийн /Ерөнхий сайдын худ/  охин Ш.Ундрал нь 2011 оны арванхоёрдугаар сарын 9-нд БОАЖ-ын /тухайн үеийн/ сайдын №А-338 тоот тушаалаар зуслангийн зориулалтай 1100 метр.кв газрыг таван жилийн хугацаатайгаар ашиглах 87 тоот газар эзэмших гэрчилгээнд эзэн суусан байна. Хамгийн хачирхалтай нь түүний эзэмшихээр болсон газар нь Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд гэж байгаа. Бас болоогүй тусгай хамгаалалттай газрын захиргааг толгойлж байсан аав нь /Д.Шинэхүү нь тухайн үед Богдхан уулын дархан цаазат газрын захиргааны албыг хашиж байсан/ ийнхүү их хэмжээний газар эзэмших зөвшөөрлийг сайдаар батлуулан байж охиндоо олгосон явдал. Дарга, цэрэггүй гар бие оролцон, идэвх зүтгэл гарган байж, тусгай хамгаалалтын бүсээс энэ их хэмжээний  газрыг олгосон явдалд Шадар сайдын /Н.Алтанхуягийн/ үүрэг оролцоо маш өндөр байсан байж таарна. Дарга нар хөшигний цаана хэрхэн хөөрөлддөгийн амьд жишээ энэ.    

Өөр нэг асуудал нь ийнхүү “солгой гараар” бусдын гарт орсон  1100 метр.кв газрыг бусдад зарах, хувьдаа өмчлөх нь хуулиар хориотой. Иймд таван жилийн хугацаанд “зуслангийн зориулалтаар ашиглах” гэж тушаал гаргасан байгаа юм. Гэтэл Ш.Ундрал нь өөрөө ашиглана хэмээн авсан газраа өрөөл бусдад зарчихаад байгаа нь гар бариад бугуй барьж байгаа явдал юм. “Том”  артай хүнээс л тусгай хамгаалалттай газраас эзэмших, гэсэн атлаа түүнээ зарах зүрх зориг гардаг байх.  Ш.Ундрал нь өнгөрсөн оны зургадугаар сарын 1-нд Баянгол дүүргийн  XV хорооны иргэн М.Урнаад бусдад худалдахыг хуулиар хориглосон буюу тусгай хамгаалалттай газрыг хууль зөрчин байж худалдсан байх юм. Тэрбээр  хууль зөрчин байж, наймаа хийснийхээ дүнд өдгөө 65 сая төгрөг халааслачихаад байгаа. Гэхдээ энэ бол газар эзэмших гэрчилгээгээ шилжүүлсний төлөө авсан мөнгө. Харин тусгай хамгаалалттай газрыг эзэмших гэрчилгээгээ шилжүүлэх нь чухам ямар хуулийн  зүйл заалтыг зөрчиж байгааг хамгийн сайн мэдэж байгаа Д.Шинэхүү “Иргэн М.Урнаагаас 65 сая төгрөг хүлээн авлаа. Тус газарт барилгын ажил явуулахад татгалзах зүйлгүй” хэмээн гарын үсэг зуржээ.  “Том” хүмүүсийн дунд өрнөсөн наймаа учраас газар эзмших гэрчилгээг шилжүүлсэн үйл явц маш хурдан буюу нэг өдрийн дотор /2013 оны зургадугаар сарын 7/ ян тан бэлэн болсон байгаа юм. Газар эзэмших тэр дундаа тусгай хамгаалалттай газраас эзэмших эрх хүснэ, гаргуулж авна гэдэг  жирийн иргэн та бидний хувьд алганы хонхорхойгоо хазахтай агаар нэг асуудал юм. Гэтэл томчуудын ханцуйн доторх наймаа гэдэг маш нарийн хэлхээ сүлжээгээр холбогдож, хэдэн жилээр ч дарагддаг байх нь. Ямартай ч энэ асуудал олны анхааралд орсон нь олз юм. Хэрэг хуучирдаггүй гэдэг. Хийсэн үйлдэл, хэлсэн үг, хэргийн эзэн нь ил байна. Ах дүү, амраг садан гэж алагчлалгүй төрийн төмөр нүүрийг харуулж, хэзээ, яаж хариуцлага тооцохыг чинь хүлээж суугаа хүн олон байгааг дуулгая, Ерөнхий сайд аа, Г.Дэнзэнг явуулсан шиг ээ Ш.Ундралын асуудлын учрыг олно байгаа.  Цаад Г.Дэнзэн чинь барьцах вий. 
 


М.Өнөржаргал