Шинжлэх ухааны үндэсний парк байгуулах ажлыг эхлүүлнэ
2018/08/24
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга С.Амарсайхан, НИТХ-ын тэргүүлэгч, Нийгмийн бодлогын хорооны дарга Д.Мөнхжаргал болон холбогдох албаныхан, Израил Улсын “Карассо Шинжлэх ухаан технологийн төв”-ийн захирал профессор Нэтзак Фарбиаш тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Тус уулзалтаар Улаанбаатар хотод Шинжлэх Ухааны Үндэсний Парк байгуулах талаар санал солилцов.
НИТХ-ын дарга С.Амарсайхан ”Шинжлэх ухааны хөгжлийг дэмжихгүйгээр улс орон хөгжихгүй. Та бид Улаанбаатар хотод Шинжлэх ухааны үндэсний парк байгуулах боломж нөхцлийн тухай ярьж байна. Энэхүү парк байгуулагдсанаар Монгол улсын шинжлэх ухааны салбарын хөгжил дэвшлийг шинэ шатанд гаргах, хүүхэд залуучуудын мэдлэг боловсрол, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, монгол эрдэмтэд олон улсад өрсөлдөх чадварыг дээшлүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулах өндөр ач холбогдолтой учир дээрх ажлыг эхлүүлэхэд гадаад дотоодын байгууллагууд, эрдэмтэн судлаачидтай хамтран ажиллах болно” гэдгээ илэрхийлэв.
Профессор Нэтзак Фарбиашийн хувьд манай улсад анх удаа ирж байгаа бөгөөд Израйл улсын Карассо шинжлэх ухаан, технологид суурилсан паркыг үүсгэн байгуулсан эрдэмтэн юм. Тус шинжлэх ухаан, технологийн паркад хүүхэд залуучууд, төдийгүй бүх насныханд тохирсон илүү шинэлэг, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлсэн бүтээлүүд байхаас гадна өөрийн биеэр тэр бүтээлүүдийг туршиж үзэх боломжийг олгодгоороо давуу талтайг тэрбээр дурьдлаа.
Мөн тус паркад шинжлэх ухааны судалгаанд суурилсан бүтээлүүдээс гадна сонирхолтой үзүүлбэр, тоглолт, том дэлгэц бүхий 3D кино, урлагийн бүтээл, баяр наадам, шинжлэх ухааны үзэсгэлэн, бусад олон гайхалтай үзмэрүүд багтдаг гэдгийг Профессор Нэтзак Фарбиаш яриандаа онцолсон бөгөөд “Монгол Улсын хувьд арвин баялаг үүх түүхтэй, дахин давтагдашгүй өв соёлтой учир хүүхэд залуучуудын боловсролд үнэтэй хувь нэмэр оруулах парк удахгүй нээгдэнэ гэдэгт итгэл төгс байгаа" гэдгээ илэрхийлэв.
НИТХ-ын ХМОНХТ