Сар шинэ болохын өмнө буюу өнгөрсөн нэгдүгээр сарын 30-нд УИХ-ын намрын чуулганыг завсарлуулсан бол тун удахгүй ээлжит бус чуулган зарлана. 

Тодруулбал, хоёрдугаар сарын 15-нд ээлжит бус чуулган зарлах чимээ дуулдаж байна.  Мөн гишүүдийг ойрмогхон байж ээлжит бус чуулган зарлах үед хуралдаандаа оролцох ёстойг УИХ-ын зүгээс сануулаад авчээ.

Чуулган зарлагдсан нөхцөлд УИХ-аар Монгол Улсын 2014 оны төсвийн тодотголыг  хэлэлцэх учиртай. Чингэхдээ хөрөнгө оруулалтын зардал нь өссөн гэх 200 гаруй обьектоос аль, аймаг суманд баригдаж байгаа, баригдсан барилгын хөрөнгө оруулалтыг 2014 оны төсвийн тодотголд суулгах вэ гэдгийг шийдэх юм. Өнгөрсөн хоёр сар гаруйн турш Аудитын газрынхан орон нутагт ажиллаж төсөвт өртөг нь шингэсэн обьектуудыг шалгасан. Шалгалтын дүнгээ мөн УИХ-д танилцуулах ёстой.

Ерөнхий сайдын тодотгосноор төсөвт өртөг нь өсч ирсэн обьектуудад гол төлөв авлига шингэсэн байх магадлал өндөр. Зарим нэг жишээ татвал төсвөөс санхүүжиж байгаа 80 хүүхдийн дотуур байр барих зардал анх 800 сая төгрөгөөр төсөвлөгдсөн атлаа дараа жил нь дахин 300 сая төгрөгийн санхүүжилт шаардаж 1.1 тэрбум төгрөгт хүрсэн байх жишээтэй.

Мөн 2007 онд 300 сая төгрөгөөр төсөвт өртөг нь сууж байсан сургууль дараа жил нь 600 сая төгрөг болж өссөн, таван жилийн дараа 3 тэрбум төгрөг хүрч хэд дахин нугарсан баримт бий. Ийм замаар төсвийн хөрөнгө оруулалтын зардал өсөхөд нөлөөлсөн гол хүчин зүйл нь өнөөх авлига гэх. Хөрөнгө оруулалтын зардлыг өсгөж тавьж, дундаас нь хувь хүртдэг бүхэл бүтэн сүлжээ бий болсон гэдгийг Ерөнхий сайд Н.Алтанхуяг УИХ-ын намрын чуулганы хуралдаанд оролцох үеэрээ гишүүдэд сануулж байсан удаатай. Харин цөөнх “Ерөнхий сайд нь оруулж ирсэн төсвөө авлигажсан гэж зарлаж болдог юм уу. Бид лав төсвийг чинь зохиогоогүй шүү” гэх хариу барьж байв.

Хэдийгээр УИХ дахь цөөнхийн бүлэг 2013, 2014 оны төсвийн төсөөллийг хийгээгүй боловч тухайн оноос өмнөх төсвүүдийг төлөвлөж ирсэн. Өөрөөр хэлбэл, өнөөдөр 2014 он гарсан ч олон жилийн туршид төсөвт өртөг нь өсч ирсэн барилгууд яах аргагүй МАН-ынхны эрх барьж байх үед хамаардаг.

Харин арваадхан хоногийн дараа УИХ-аар 2014 оны төсвийн тодотголыг хэлэлцэж эхлэхэд УИХ дахь намын бүлгүүд хөрөнгө оруулалтыг нь царцаасан 200 гаруй обьектоос авлига шингээгүйг нь төсвийн тодотголд суулгаж өгвөл цаашдаа зөв жишиг тогтох учиртай.  Нөгөөтэйгүүр, намаар нь ялгаварлаж, тэр аймагт МАН ялсан тул хөрөнгө оруулалтыг нь царцаачихая, энэ дүүрэгт Ардчилсан нам ялсан тул хөрөнгө оруулалтыг нь ахиу тавьчихъя гэх замаар төсөвт хандвал эцсийн дүндээ улс орон хөгжихгүй намаараа талцаад хохироод л үлдэнэ.  Сүүлийн жилүүдэд гарсан том гажуудал энэ. Ардчилсан намыг Засгийн эрх барих үед энэхүү улиг болсон тогтолцоо ул болох нь уу гэтэл харин ч сэргэсэн. Тод томруун жишиг нь Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэг болж буй. Улаанбаатар хотод хүн амын тоогоороо тэргүүлэх төдийгүй хэд, хэдэн аймгийн хүн амтай дүйхүйц иргэдтэй энэ дүүрэгт хотын удирдлагууд 2014 онд долоон тэрбум төгрөгөөр төсвийг нь баталж өгч, алаг үзсэн. Гэтэл Сүхбаатар зэрэг дүүргийн 2014 оны төсөв 200 тэрбум төгрөгөөр батлагдсан байх жишээтэй. Хотынхоо удирдлагуудад хойд эцгийн хүүхэд шиг шоовдорлогдсон Сонгинохайрхан дүүргийг УИХ нь бас шоодоод төсвийн тодотголыг хэлэлцэх үед хатуурхвал иргэд л хохирно. Эцэс сүүлдээ улстөржилт гаарна. Ийм зүйлээс УИХ татгалзаж 2014 оны төсвийн тодотголыг баталж чадвал ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулсны үр дүн гарна.

Ugluu-logo17