Гамшигт бэлэн эсэхийг шалгасан өдөр
2018/09/16
Цахилгаан эрчим хүч гэгч зүйл бидний амьдралд ямар чухал болох, түүнгүйгээр ямар олон асуудал, эрсдэл үүсэхийг мэдрүүлсэн нэгэн амралтын өдөр өндөрлөлөө. Байгаа үед нь огт анзаараад байдаггүй боловч байхгүйд нь хамгийн их үгүйлдэг, алхам бүрт минь чухал тог цахилгаангүй бол өнөө үед аж төрөхөд хүндхэн болжээ.
Өчигдөр Дулааны IV цахилгаан станц ТӨХК-д гэмтэл гарсны улмаас Улаанбаатар хотын хэмжээнд 09:54 минутад цахилгаан эрчим хүч тасарсан. Ингээд цахилгаан 2-3 цаг орчим хязгаарлагдсаны дараа нийт хэрэглэгчдийг хэвийн эрчим хүчээр хангаж эхэлсэн юм. Гэвч оройн 21 цаг хүртэл зарим газрууд цахилгаангүй өнжсөн. Энэ цөөн цагийн хугацаанд ямарваа нэгэн гамшиг осол болбол иргэд хэрхэн бэлтгэлтэй байгааг шалгасан бяцхан "шалгуур" болсон гэхэд болно.
Гэрлэн дохио ажиллахгүйн улмаас уулзварууд дээр түгжрэл үүсч, хаа очиж иргэд уур бухимдалгүйгээр асуудалд тайвнаар хандаж байсан. Мөн дэлгүүрүүд харанхуй зааландаа ажиллаж, иргэддээ хэвийн горимоор үйлчилсээр байсан юм.
Харин тог цахилгаангүй үед зарим байруудын ус тасарч, нэгэн зэрэг хоёр "байхгүйн зовлон"-г мэдэрсэн. Станц зогсолт хийсэнтэй холбоотойгоор Ус сувгийн удирдах газар мөн доголдсон байна. 09.54-13.35 минут хүртэл цэвэр ус даралтгүй болсон бөгөөд хэрэглэгчид шугаманд байсан усаа хоосолжээ. Ингээд 13.35 насос ажилласан боловч чадал нь хүрэхгүй байсаар 15.15 цагт Налайх дахь дээд эх үүсвэрээс эхний насосыг түлхсэн байна. Гэр хорооллуудын зөөврийн усны худгууд ч мөн ажилласангүй. Ингээд усгүй, тоггүй, тарвага болохын зовлонд нэрвэгдсэн иргэд дэлгүүрүүдээс 5 литрийн ус, хийн зуух, жижиг гаазыг шавхах шиг л болсон. Энэ өдрийн хамгийн гүйлгээ ихтэй бараагаар эдгээр бүтээгдэхүүн тодорсон биз ээ. Гэвч цахилгаангүй улмаас АТМ-ууд ажиллагаагүй байж, бэлэн мөнгөгүй зарим иргэд нэлээд сандарч байгаа харагдсан.
Азаар намрын дулаан өдөр байсан болохоор иргэд аливаад барьц алдаж сандарсангүй. Хэрвээ өвлийн жихүүн өдөр ийм тэг зогсолт хийгдсэн бол ар араасаа олон асуудал ундрах байсан биз ээ.
Гэхдээ цөөхөн цагийн энэхүү зогсолт иргэдийн гамшиг осолд бэлэн байдлыг шалгасан гэхэд болно. Аливаа нэгэн хүндрэл үүссэн үед иргэд хамгийн түрүүнд ундны цэвэр усны нөөцтэй байх ёстой, лаа шүдэнд, хийн зуух, амархан муудахааргүй хүнсний бүтээгдэхүүн нөөцөлсөн байх ёстой гэдгийг толгойд ортол нь сануулаад авлаа.
Д.Мөнх
http://erennews.mn/index.php?view=article&type=item&val=13023