Моррис Россаби: Тал нутагт ардчилал гэв үү?
2014/02/04
Доктор Моррис Россаби бол түүхч, Нью-Иоркийн сити их сургууль, Колумбийн их сургуулийн багш юм. Мөн Россаби Хятад дахь угсаатны цөөнх, тэдний хятадуутай харьцах харилцаа, Дотоод Ази ба Монголын түүх, Монголын нийгмийн шилжилтийг анхааран судалдаг нэр хүндтэй цөөн судлаачийн нэг.
Россаби дээрх сэдвүүдээр олон тооны бүтээл хэвлүүлсний дотор “Хубилай хаан: Түүний амьдрал, цаг үе” ном нь баримт, залруулга сайтай хэмээн үнэлэгджээ. Жишээ нь, Россаби энэ бүтээлдээ Марко Поло Хубилай хаантай уулзан шадарласан хийгээд түүний үлгэр домгийн мэт зарим яриа баримтаар нотлогдоогүй болохыг тодорхой харуулсан байдаг юм. Тэрээр мөн орчин үеийн Монголын талаар ном хэвлүүлээд буй. Энэ нь 2005 онд хэвлэгдсэн “Орчин үеийн Монгол: Хаадаас комиссарууд, капиталистууд хүртэл” хэмээх бүтээл бөгөөд сонирхолтой нь тэр энэ бүтээлдээ 1990 оны “ардчилсан хувьсгал”-ын шалтгаан, үр дагаварыг биднээс их л өөр өнцгөөс харжээ.
Харин нэгэн эрхэм “Орчин үеийн Монгол” номыг цэвэр гүтгэлэг гэж үздэг. Энэ хүн бол 1990 оны хувьсгалд биечлэн оролцож явсан нийтлэлч Баабар юм. Баабарын ихэд эгдүүцэн бичсэнээр Россаби Монгол дахь “ардчилсан хувьсгал” нь капиталист нийгмээс юу хүртэж болохыг бусдаасаа түрүүлж олж харсан, гадаадад бэлтгэгдсэн цөөн хүний санаа бөгөөд энэ хувьсгалд Хятад ба хятадын эрлийзүүдийн нөлөө үлэмж байсан хэмээн үзсэнээрээ 90 оны хувьсгалын удирдагчид, Монголын ард түмнийг үгүйсгэж, доромжилсон ажээ. Россаби энэ номыг хэн нэгний захиалгаар мөнгөөр бичсэн байж магадгүй гэнэ.
Моррис Россаби мөнгөнд толгойгоо мэдүүлж, учир утгагүй галзуу солиотой ном бичив үү? Моррис Россаби бол ноён Баабарын өөрийнх нь шүтдэг америк боловсролтой, тэндэхийн нэр хүндтэй их сургуульд багшилдаг судлаач хүн юм. Угтаа Россаби энэ номондоо Монголын ардчилсан хувьсгалыг гуйвуулан гутаах санаа, үг хэллэг агуулах бус, харин гадны байгууллагуудын зөвлөгөө, чиглүүлэг дор тус улсын ардчилал, нийгэм-эдийн засгийн шилжилт хэрхэн гажуудаж, монголчуудын аж амьдрал хэрхэн доройтож, улам өрөвдөлтэй болж буйг нийгэм судлаач хүний нүдээр олж харж бичжээ.
Россаби “Орчин үеийн Монгол” номоо хэвлүүлснээс хойш 10-аад жил өнгөрөв. Харин энэ хугацаанд Монголд ямар хямрал болж буйг монголчууд өөрсдөө нүдээрээ харлаа. Ардчилсан гэгддэгээрээ гайхуулж явсан Монголд сонгууль шударга бус болж, түүнийг эсэргүүцсэн үймээнээр хүмүүс буудуулж үхэв. Энэ улсын ихэнх баялаг ч цөөн хэдэн гэр бүлд бүрэн шилжив. 10 жилийн өмнө доктор Россаби чухам үүнийг л урьдчилан харсан мэт бичжээ. Хожмын үйл явдлуудаас харахад Россаби ардчилалын удирдагчдыг гүтгээд байна уу, эсвэл Баабар “үнэн” ээ нуугаад байна уу гэдэгт шууд хариулах боломжгүй, харин эргэлзээ л нэмэгдэж байна.
Саяхан буюу 2012 онд Россаби “East Asian Forum” гэдэг цахим сайтад өнөөгийн Монголын талаар өгүүлэл нийтэлжээ. Тэрээр энэ өгүүлэлдээ Монгол дахь нийгэм-эдийн засгийн хүндрэлүүд шийдэгдэх бус, улам даамжирч буйг сануулсан байх юм. Россаби Монголын ерөнхийлөгч асан Н.Энхбаярын баривчилгааг жишээ болгон дурджээ. Н.Энхбаярын баривчилгаа нь сонгуулийн өмнө зохион байгуулсан эрх баригчдын жүжиг бөгөөд энэ нь тус улсад ардчилал ба шударга ёс тогтож буйн илрэл огт биш гэнэ (Сонгууль дууссаны дараа эрх баригчид Н.Энхбаярыг сулласан). Түүний өгүүлэл Монголд дараагийн 10 жил ямар байхыг зөгнөж байж ч болох юм.
Монгол: Тал нутагт ардчилал гэв үү?
2012 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр хэдэн зуун цагдаа Монголын ерөнхийлөгч асан Намбарын Энхбаярын өргөөг бүслэн байж, түүнийг авлигын хэргээр баривчлав.
Гэвч Авлигатай тэмцэх газраас гол нь нэг жижиг зочид буудал, Буддын хийдэд олгосон санхүүжилтийг хувьдаа завшсан хэрэгт түүнийг буруутгасан нь ийм хэтийдсэн нүсэр хүч хэрэглэх үндэслэл биш болж таарсан юм. Монголын сонин хэвлэлүүд Энхбаяр шударга бус аргаар өөрөө баяжсан, мөн засгийн газрын олон албан тушаалтан нь эргэлзээтэй аргаар хөрөнгөө өсгөсөн гэх ам дамжсан яриаг цөөнгүй жил нийтэлж иржээ. Хэдийгээр өлсгөлөн зарласных нь дараа түүнийг батлан даалтаар суллаад буй боловч ийм нэг асуулт гарч ирж байна: Яагаад ганцхан Энхбаярыг баривчлав?
Учрыг нь сайн мэдэх эх сурвалжуудын хэлж буйгаар эрх баригчдын энэ болхи шоу улс төртэй холбоотой ажээ. Энхбаяр 2008 оны парламентын сонгуулийн үр дүнг эсэргүүцэгчдээс таван хүн амиа алдахад хүргэсэн нийтийн үймээн самууны тухай баримтууд дэлгээд байсан юм. Мөн, саатуулагдсан ерөнхийлөгч асан нь 2012 оны 6 дугаар сард болох сонгуулиар хоёр гол намд очих саналыг өөрт татах аюултай шинэ улс төрийн нам байгуулаад байв. Авлигатай тэмцэх газрын дэд дарга, Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн дарга асан Бат Хурцын оролцоо ч баривчилгаанд сөрөг өнгө аяс нэмжээ. Олон монголчууд хүчирхийлэл хэрэглэсэн явдлыг маш муу талын баатар Хурцтай холбон үзэж байгаа юм.
Пост-коммунист ертөнцийн хамгийн агуу амжилтын нэг хэмээн Монголыг хүчтэй сурталчилж буй Азийн хөгжлийн банк, Олон улсын валютын сан (IMF) болон бусад санхүүгийн агентлагийн гадаад зөвлөх, төлөөлөгчид дээрх үйл явдалд бантаж орхижээ. Тэд ардчилал ба зах зээлийн эдийн засгийг хамтад нь нэгтгэж, “Fortune” сэтгүүлд нэрлэснээр “капитализмд хүрэх Монголын үсрэлт”-д тус дэм болж байв. Гэвч “үсрэлт” гэгч нь Транспэрэнси Интернэшнл (Transparency International) байгуулага 2011 онд өөрийн судалгаанд хамрагдсан 183 орноос Монголыг төрийн байгууллагын авилгын асуулгын оноогоор 120-р байрт эрэмблэхэд л (авилга ихтэй орноор шалгаруулахад) түлхэц болсон ажээ. Мөн алт, зэсийн уурхайн эрчимжилт баялгийн шунал, хуулийг уландаа гишгэх явдлыг өдөөв. Засгийн газар гадаадын уул уурхайн компаниудтай хуйвалдан гэрээ байгуулсан хийгээд түүнийг дагасан авлига, байгаль орчны доройтол нь энэ улсыг гай зовлонд автуулжээ. Өнөөгийн Монгол нь албан ёсны мэдээ, Өрнөдийн хэвлэлээр зогсоо зайгүй харуулж байгаа шиг амжилтын түүх биш юм. Үнэндээ Энхбаярын хэрэг явдлын цаана буй жинхэнэ түүх 20 гаруй жилийн үйл явцын үр дагаварт л байгаа хэрэг.
1990 онд Монгол нь коммунизмаас салж, тусламж эрэхдээ олон улсын санхүүгийн агентлагууд руу хандсан юм. Тэдгээр агентлагаас өгөөмөр цалин хөлс хүртэх төлөөлөгч, зөвлөхүүд Монгол руу цуваж эхлэв. Цэвэр зах зээлийн эдийн засагт улайран итгэгч тэдгээр хүмүүс төрийн өмчийг нэн даруй хувьчилж, засгийн газрын эрх мэдлийг хязгаарлаж, төрийн албан хаагчдыг цомхотгож, татаасыг үгүй хийж, худалдаа ба үнийг либералчилж, эдийн засгийн хатуу бодлого явуулахыг зөвлөжээ. Олон улсын санхүүгийн байгууллагуудаас нэн хэрэгцээтэй зээл, буцалтгүй мөнгөн тусламж олж авахын тулд Монголын засгийн газар дээрх бодлогыг шуурхай хэрэгжүүлэх “шоконд оруулах эмчилгээ” гэгчийг эхлүүлэв.
Зах зээлийн эдийн засгийн үйл ажиллагааг ойлгож мэдсэн бөгөөд нөлөө бүхий найз нөхөдтэй буюу авилгад автсан цөөн тооны монголчууд л хувьчлалын үр ашгийг хүртсэн бол хүн амын ихэнх нь түүнээс бараг юу ч олж авсангүй. Үр дүнд нь Монголын нийгэм улам бүр нэмэгдэх орлогын жигд бус хуваарилалттай нүүр тулжээ. Шоконд оруулах ийм эмчилгээний үр дагавар өнөө хүртэл амь бөхтэй оршсоор байгаа юм. Хотын иргэдийн ажилгүйдэл хамгийн багадаа 20 хувь хүртэл өсжээ. Мөн, орон гэргүйчүүд, архидалт, гэмт хэрэг, гэр бүлийн хүчирхийлэл огцом нэмэгдэв.
Гэвч зах зээлийн эдийн засгийг дэмжигчдийн зөвлөсний дагуу эрх мэдлээ хязгаарласан засгийн газар дээрх асуудлуудыг шийдвэрлэх чадваргүй болсон байна. Нийгмийн хамгааллын сүлжээ эвдэгдэж, олон монголчуудыг эмзэг нөхцөлд хаяж орхив. Мөн засгийн газрын хомс нөөцөөс шалтгаалан коммунист системийн амжилт болох эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгаалалд зарцуулах улсын төсвийн зардлыг огцом бууруулжээ.
1994 он гэхэд олон улсын санхүүгийн байгууллагуудын төлөөлөгчид эдгээр асуудлууд, ялангуяа огцом ядуурлыг хүлээн зөвшөөрсөн юм. Дэлхийн банкны судалгаа хүн амын 27 хувь нь ядуурлын шугмын доогуур амьдарч буйг олж тогтоов. Үүний хариуд олон улсын санхүүгийн байгууллагууд “Ядуурлыг бууруулах хөтөлбөр” гэгчийг боловсруулж, 2000 он гэхэд ядуурлыг 10 хувиар бууруулах амлалт өгөв. Гэвч 1998 онд Дэлхийн банкны хоёрдахь судалгаа ядуурал буурах бус, харин 36 хувь хүртэл өссөн болохыг тогтоожээ. Ядуурлыг бууруулах хөтөлбөрийг хангалтгүй санхүүжүүлсэн бөгөөд энэ нь ядуурлыг шийдэхийн тулд хэрэгцээт хэсэгт тусгайлсан дэмжлэг үзүүлэхийн оронд эдийн засгийн ерөнхий өсөлтийг дэмждэг Рейганомикс гэгдэх философид суурилжээ.
Өмнө нь хүн амын гуравны нэгийн амьжиргааг тэтгэгч эх сурвалж байсан нүүдлийн мал аж ахуй асуудалтай тулгарчээ. 1990 оны эхээр мал сүргийг нэн даруй хувьчилсан нь цөөн дарга болон хуучин нэгдлийн мал, машин, техникийг хариуцаж байсан нөлөөтэй, холбоо сүлбээ сайтай хүмүүст л ач тусаа өгөв. Ядуу малчид мал эмнэлэгийн тусламж үнэгүй авах, улсаас худаг гаргах, нүүх, малын түүхий эдийг нь зах зээлд гаргах урьдын дэмжлэгийн тогтолцоогүй үлдсэн юм. Тэд бие даах хэрэгтэй болов. Харамсалтай нь тэдгээр үйлчилгээнээс хагацсан малчид асар их хохирол үзсэн бөгөөд олон тооны малчид мал аж ахуйгаа орхиж, аль хэдийн хүн ам шигсэн хотын бохир ядуу хороолол руу нүүсэн юм.
Олон улсын санхүүгийн агентлагууд энэ улсын талаар хэтэрхий өөдрөг, хуурмаг сайхан дүр зургийг танилцуулж байна. Монгол нь 1990 оноос хойш харьцангуй чөлөөт сонгуультай орон болсон юм. Гэвч эдийн засгийн ардчилалыг үл ойшоожээ. Энхбаярын хэрэг явдлаар илэрсэн авлига ба улам бүр нэмэгдэж буй эдийн засгийн тэгш бус байдал Монголд ардчилалын ирээдүйг зөгнөхгүй л байна.
Жич: Моррис Россаби нь Нью-Иоркийн сити их сургуулийн нэрт профессор, Колумбийн их сургуулийн Дотоод Азийн түүхийн орон тооны бус профессор юм.
Эх сурвалж: http://www.eastasiaforum.org/2012/06/01/mongolia-democracy-in-the-steppes/
Орчуулсан Шударга овогт Т.Лантуу
Зочин · 2014/02/05
Үнэн л бичиж дээ. Монголд яг л ийм юм болоод байна даа. Энхбаяраар жишээ авсан болхоос өмөөрсөн юм алга
Зочин · 2014/02/05
Порфессор нтр гээд энэ Моррис-ийг тоох хэрэггүй. Н.Энхбаярын захиалгаар бичсэн байх, манай нөгөө судлаач Ганхуяг мэтийн эр байна ш дээ.
Зочин · 2014/02/05
aa ene nogoo enhbayar barigdahaasaa omno mongo ogch zahialgaar bichuulsen yum l bainashd.
Зочин · 2014/02/05
unen l bn shdee,