Ганцхан шөнө нойргүй хоноход л глюкоз ялгаруулах болон инсулиныг задлах элэгний чадварт нөлөөлдөг бөгөөд энэ нь элэг өөхлөх, 2-р хэлбэрийн чихрийн шижин зэрэг бодисын солилцооны өвчнүүд даамжрах эрсдэлийг нэмэгдүүлдэг байна.

Ийм дүгнэлтийг Японы Тохо их сургуулийн эрдэмтэд хийсэн бөгөөд хулганууд дээр хийсэн тэдний туршилтын талаар “American Journal of Physiology — Endocrinology and Metabolism” сэтгүүлд нийтэлжээ.

Японы эрдэмтэд хулгануудыг хоёр хэсэгт ялгаад, нэг хэсэг хулгануудад шөнийн хугацаанд 6 цагийн турш унтах боломж олгоогүй бол нөгөө хэсэг хулгануудын унтах цагийг хязгаарлаагүй байна.

Эхний шөнө өнгөрсний дараа хэмжилт хийж үзэхэд, унтаж чадаагүй хулгануудын цусан дахь глюкоз болон триглицеридуудын /өөх/ хэмжээ нь унтаж амарсан хулгануудынхтай харьцуулахад нэлээд их байсан аж.

Триглицеридууд ихсэх нь инсулин эсэргүүцэх чадвартай холбоотой байдаг бөгөөд ийм чадвар нь 2-р хэлбэрийн чихрийн шижин өвчин даамжрах эрсдэлийг үүсгэдэг гол хүчин зүйл юм. Түүнээс гадна, шөнө нойргүй хонох нь элгэн дэх бодисын солилцоог зохицуулж байдаг ферментүүдэд нөлөөлсөн байна.

Нойр муутай явдаг хүмүүс илүү их идэж, бага хөдөлдөг учраас 2-р хэлбэрийн чихрийн шижнээр өвчлөх нь олонтоо аж.

Эдгээр дүгнэлтүүд нь нойргүйдлээс үүдэлтэй бодисын солилцооны өвчин даамжрах явцыг зогсоохын тулд цаашид үргэлжлүүлэн судалгаа хийх хэрэгтэй гэдгийг харууллаа. 

 

Э.Аянзаяа

Эх сурвалж: Монцамэ агентлаг