-ТЭТГЭВРИЙГ 2-7 ХУВЬ НЭМЛЭЭ. НУУЦЛААД БАЙГАА НЬ ЭНЭ-
Хөөрхий дөө, Ерөнхий сайд Н.Алтанхуяг болон Засгийн газрын сайд, дарга нарын хувьд, бид “мал” л юм байх. Энэ Засгийн газар төрийн тамга барьснаас хойш “Ард түмнийхээ цалин тэтгэврийг нэмлээ” гэж алган дээр нь сохор зоос ч тавиагүй. Тэгсэн байтлаа бүх зүйлийн үнэ тарифийг дунджаар 30-40 хувь нэмчихээд байгаа. Н.Алтанхуяг даргатай АН-ынхан сонгуулиудад яаж сайхан амлаж байлаа. Монголыг диваажин, ард түмнээ баян, өргөн амьдруулах юм шиг амлаж байж билээ. Үнэ тогтворжуулна гэж өөрсдийнхөө сайд, дарга нарт тэрбум, тэрбумаар нь мөнгө хуваарилсан. Тогтворжсонгүй, бүр тэнгэрт хадсан. “Цалин тэтгэврийг үнийн өсөлттэй уялдуулан нэмнэ” хэмээн бүтэн жил зургаан сар хуурсан. Оюутны тэтгэлгийн 70 мянгыг 90 мянга болгох тухай яриа ч гарч байсан. Одоо бүр болиод ирэх намраас тэтгэлгийг хасах болов. “Хүн болгонд хүртээж байсан 21 мянган төгрөгийг насан туршид нь олгох болно” хэмээн хийрхэж байсан хүн өнөөдөр төрийн сайд болчихсон нүүрээ буруулаад явж байна. “Газрынхаа нэг метр квадратыг нэг саяас доош буулгаж болохгүй шүү” гэж сурталчилж байсан улсын баатар Э.Бат-Үүл гэр хорооллын дахин төлөвлөлт нэрээр иргэдийнхээ газрыг хямд авах гэж улайрах боллоо. Шинэчлэлийн Засгийн газар хэмээх сайхан баг өмссөн хэдэн хүн Монголыг буруу тийш нь шинэчилчихлээ. Энэ худлаа амлалт, хувийн ашиг сонирхолтны хамгийн сүүлчийн нэг баримтыг ард түмэндээ дэлгэн тавих нь зүйтэй юм болов уу. Н.Алтанхуягийнхан мөн ч олон сар цалин тэтгэвэр нэмэх тухай ярьсан даа. Ард түмэн горьдож байсан, итгэж байсан.

 “Энэ Монголын мөнгөөр гулигж байгаа сайд, дарга нар одоо л биднийг харж үзэх нь. Аварлын гараа сунгах нь” гэж хэн хүнгүй л бодож байсан байх. Зарим нь ч “Хэзээ л билээ. Н.Алтанхуягийн молигыг амсаж ханаагүй л байна уу. Тэр ер нь үнэн үг хэлдэг юм уу” хэмээн таашаахгүй байж билээ. Цалин тэтгэврийг нэмэх төсөв УИХ-аар батлуулж авахаас нь өмнө Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо цалин тэтгэврийг 40 хувиар нэмэх, УИХ дахь МАН-ын бүлэг 30-40 хувь нэмэх, гэхдээ бага тэтгэврийг их нэмэх, харьцангуй өндөр тэтгэврийг багаар нэмэх зарчим баримтлахыг шаардаж байж билээ. Энэ бол хоёр байгууллагын санал ч биш, Монголын ард түмний шаардлага байсан юм. Тэгтэл Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Цалин тэтгэврийг нууцаар нэмнэ” гэж мэдэгдсэн нь олон түмний дунд сэжиг төрүүлсэн. Аливаа нууцалсан юм бүхэн сэжиг таавар дагуулдаг болохоор хүмүүс янз бүрээр ярьж эхэлсэн дээ. “Цалин тэтгэвэр нэмэхээр төсөвт суулгаж авсан 200 гаруй тэрбум төгрөгийг чинь Н.Алтанхуягийнхан нууцаар хувааж авч байгаа юм байх”. “Олон янзын судалгаа явуулсан. Түүний цаана нэг “но” байсан. АН-ынхан ардчиллыг дэмжигч өндөр настан, ах дүү, хамаатан садныхаа судалгааг гаргаж тэдний тэтгэврийг нууцаар илүү нэмэх гэсэн хэрэг”. “Судалгаа нь бүрэн гарахгүй болохоор хугацааг нь сар сараар хойшлуулаад л байгаа юм”. “Нууцаар хуваагаад, бидэнд бол үнэрлүүлээд л өнгөрнө”...гэхчлэн шивэр авир ярьцгааж байсан. Олны үг ортой гэсэн манайхны бичигдээгүй хууль бий. Манай ахмадууд тэсч ядан хүлээсэн тэтгэврээ сар шинийн дараа авлаа. Олонхи нь тэтгэврийн зээл аваад цагаалчихсан. Банкны кассууд эл хульхан байна. Хөөрхий дөө, ёстой л их санасан газар есөн шөнө хоосон гэгч болов. Тэтгэврээ хоёр сарынхаа нэмэгдэлтэй авсан буурлууд маань инээх хэцүү, уйлах хэцүү болдог байгаа. Н.Алтанхуяг, түүний Засгийн газрын ээлжит молигыг үмхэж байгаа нь энэ. Насаараа улсад ажиллаад бүрэн тэтгэвэр тогтоолгосон И гуай 288 мянган төгрөгийн тэтгэвэр авдаг байж. Саяхан хоёр сарын нэмэгдэлтэйгээ 311 мянган төгрөг авчээ. Үүнийг нэг сарын нэмэгдлээр бодвол 3.9 хувь нэмэгдсэн байна. Улсад 40-50 жил ажиллаж бүрэн тэтгэвэр тогтоолгосон Г гуай 409 мянгын тэтгэвэртэй. Хоёр сарын нэмэгдэлтэйгээ 431 мянган төгрөг болсон байна. Нэг сарынх нь нэмэгдэл 2.7 хувь болж байна. Хамгийн бага 180 мянган төгрөгийн тэтгэвэр авагчдынх 206 мянга боллоо гэнэ. Энэ нь хэрвээ хоёр сарын нийлбэр бол 7.2 хувиар нэмэгдсэн байж таарна. Н.Алтанхуягийн нууцаар нэмнэ гээд байсан тэтгэвэр маань иймэрхүү л дүнтэй байна. Тэгсэн чинь Засгийн газрын мэдээ орой болгон зурагтаар цацагдаж байгаа. “Цалин, тэтгэврийг 15-30 хувь нэмж байгаа” гэх. Одоо хүмүүс шивнэлдэхээ больсон. “Тэтгэврээ 30 хувь нэмүүлсэн хэн байгаа юм. Н.Алтанхуяг болон түүний Засгийн газар УИХ-ынхны аав ээж, төрөл төрөгсөд үү. Үнэнээр нь ил тод дэлгэн тавь” гэж шаардах боллоо. Энэ бол зүй ёсны шаардлага. Цалин хэдэн хувиар нэмэгдэх нь удахгүй тодорхой болох байх. Н.Алтанхуягийн “Нууц арга” бас л ийм байдалд хүргэхгүй гэсэн баталгаа үгүй. Монголд мөнгө бий юү. “Бий”.

 Татварын олон их наяд, “Чингис”, “Самурай” бонд, хандив тусламж гээд энэ Засгийн газар шиг баян Засгийн газар Монголд байгаагүй юм гэнэ лээ. Дээгүүрээ мөнгөөр бол бараг л гулигж байгаа. Шүүгч нарын сарын цалинг 4.5 сая төгрөг хүртэл нэмнэ гэнэ. Нууцаар нэмчихсэн ч юм уу бүү мэд. Дээдсийн тансаглал хэмээс хэтэрсэн. Утаанаас дайжин улс дамжин зугаалж явдаг боллоо. Хогийн уутаа хүртэл гурван тэрбум төгрөгөөр хийлгэж байна. Нүүр гараа угаах усгүй байгаа Монголд талбай угаадаг машиныг хэчнээн тэрбум төгрөгөөр авч ирэв дээ. Дарга, сайд нарын гэр бүл үр хүүхэд, хамаатан садан, танил тал гээд хэдэн зуу, мянган хүнд өрөө тасалгаа, сандал ширээ бэлдээд тэрбум тэрбум төгрөгөөр цалинжуулж байна. Н.Алтанхуягийнхан ийм их мөнгөтэй хэрнээ хэзээ мөдгүй бурхны оронд залрах хэдэн буурайгаасаа харамлаж байгаа царай нь. Ичих булчирхай байдаг бол ичмээр л юм даа. Энд би нэг зүйлийг зориуд хэлэх гэсэн юм. Тэтгэврийг бага тэтгэвэр авагчдад их, өндөр тэтгэвэр авагчдад багаар нэмж тэгшитгэх бодлого сүүлийн үед давамгайлах боллоо. Өнөөх л солиализмын тэгштгэх хуваарилалт биш юм уу. Өндөр тэтгэвэр тогтоолгогчдыг ад үзэх хэрэггүй байх аа. Тэд голдуухан уул уурхайн хүнд нөхцөлд амь хайргүй зүтгэж байсан хүмүүс, ууж идэх, унтах нойроо хасаад дэлхий тойрч явсан тээвэрчид, хортой хүнд нөхцөлд ажиллан эрэмдэг зэрэмдэг бологчид байдаг. Тэдний хөдөлмөр зүтгэлийг ажлын хөнгөнийг хайн аар саархан зүйл хийж явсан хүмүүстэй зүйрлэхийн аргагүй ээ. Тэгээд ч энэ бүхнийг тал талаас нь нягтлан тогтоосон тэтгэвэр байдаг. Одоо хэн нэгэн сайд, даргын үзэмжээр нэгэнт тогтоосон тэтгэврийг тэгшитгээд эхэлж болохгүй байх хэмээн би боддог. Цалин, тэтгэврийг хэдэн хувиар нэмэх шийдвэр гарна, алагчлахгүй нэмэх л хэрэгтэй. Ерөнхий сайд Н.Алтанхуяг шиг нууцаар нэмнэ гээд “халаасандаа” бантагнуулж болохгүй. Эцэст нь Н.Алтанхуяг сайд минь өчнөөн сар жилээр цалин, тэтгэвэр нэмнэ гэж яриад, хэдэн зуун тэрбум төгрөг төсөвт суулгаж аваад, биднийхээ тэтгэврийг ганц килограмм махны үнээр нэмэхээсээ ичихгүй байна уу. Би таны өмнөөс ичиж байна. Ийм увайгүй Ерөнхий сайдтай байгаа даа. Ард түмэн маань ч олон улсын өмнө ичиж байгаа байх. Өнөө их, юм болгонд Чингисийн гэж ханхалздаг улсын маань Ерөнхий сайд ард түмнийхээ тэтгэврийг нэг килограмм махны үнээр нэмлээ гэхэд дэлхий ичнэ дээ.

 
Г.ЖАМЪЯН
/Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн/