Монголд хамгийн үнэ­тэй сууц бол барилга. Өнөөгийн байдлаар энгийн орон сууцны метр квад­ратын үнэ дунджаар хоёр сая төгрөгт дөхөв. Зэрэглэлийн хувьд, газар нутаг, байршлаасаа хамаа­раад энэ үнэ дээшээ хяз­гааргүй өснө.

БАРИЛГЫН САЛБАРТ ЭРҮҮЛ ЗАХ ЗЭЭЛИЙГ ТӨР ЯАГААД БИЙ БОЛГОЖ ЧАДАХГҮЙ БАЙНА ВЭ

Монголд хамгийн үнэ­тэй сууц бол барилга. Өнөөгийн байдлаар энгийн орон сууцны метр квад­ратын үнэ дунджаар хоёр сая төгрөгт дөхөв. Зэрэглэлийн хувьд, газар нутаг, байршлаасаа хамаа­раад энэ үнэ дээшээ хяз­гааргүй өснө. Хэн бүхэнд нийт­лэг ойлгогддог хоёр сая төгрөгөөр 30 метр квадрат буюу хамгийн бага талбайтай орон сууц худалдан авахын тулд 60 сая төгрөг зарцуулна гэсэн үг. Энэ хэмжээний бэлэн мөнгө цалингаас цалингийн дунд яваа жирийн иргэнд байхгүй тул 20 жилийнхээ амьдралыг банкинд “барьцаална”. Ингэхдээ дор хаяж сарын 600 мянган төгрөг төлөх нөхцөлтэйгээр банкнаас зээл авна гэсэн үг. Энэ нь олон улстай харьцуулахад дундаж цалин харьцангуй бага манай орны иргэдийн хувьд үхэж болохгүй, өв­дөж болохгүй байх үүрэг билээ.

Ийм эмгэнэлийн ард ч иргэдэд урт хугацаанд өндөр хүү төлөөд ч болов орон сууцанд орох туйлын хүсэл байсаар. Гэтэл ийм дүр зургийн нөгөө талд орон сууцны үнийг тэнгэрт тултал өсгөсөн компаниудын эрх ашгийг төр хамгаалсаар. Өрх бүрийг орон сууцжуулах яриа, бодлого 2009 оноос эрчимтэй яригдсан ч тэр цагаас өнөөдрийг болтол шальтай өөрчлөлт гарсангүй ээ. Тодруулбал, сүүлийн арван жил монголын төр, эрх бариг­чид өвөр зуураа талцах, тулга тойрсон хэрүүл л хийлээ.

Энэ бол монголд орон сууцны үнэ буурахгүй байгаагийн хамгийн том шалтгаан. Тэгвэл иргэдийн амин чухал хэрэгцээ болсон орон сууцны метр квадратын үнийг хямдруулах боломж бий юу. Үнэндээ энэ талаар сүүлийн хэдэн жил иргэд ч хэвлэл мэдээллийнхэн ч тасралтгүй ярьж ирсэн. Үр дүнд нь сууцны үнэ буурах бус нэмэгдсэн. Бүр салбарын яамнаас анх 4000 айлын орон сууц хөтөлбөрийг зарлаж байхад орон сууцны метр квадратын үнийг 650 мянган төгрөг байх бололцоотойг мэдэгдэж, тооцоо судалгаатай нь танилцуулж, компаниудаас үнээ буулгахыг шахаж шаардаж байлаа. Энэ бол өдгөөгөөс 5-7 жилийн өмнөх яриа. 

Гэвч энэ дүнг нэг ч компани мөрдөөгүй. Ядахдаа энэ шахалт нь орон сууцны үнийг тогтвортой барихад ч нөлөө үзүүлж чадаагүй. Тэгвэл барилгын салбараа хазаарлаж дийлэхээ больсонд хэн буруутай вэ. Эрх баригчид уу, Барилга хөгжлийн газар уу. ТОСК гэх үүрэг, оролцоо нь улам бүр бүдгэрсээр байгаа газар уу.  Энэ тохиолдолд бид яах ёстой вэ. Товчхондоо үнэ буурах нөхцөлийг бүрдүүлэх нь сууцны үнийг хямдруулах хамгийн боломжит алхам билээ. Үүний тулд төрөөс ихээхэн зүйл шалтгаалах нь дамжиггүй. Харамсалтай нь барилга, орон сууцны салбарт төрийн бодлого хэрэгжиж байна уу, үгүй юу гэдэг нь ихээхэн эргэлзээтэй цаг үед монголын залуу гэр бүлүүд бойжиж байна. Хамгийн сүүлийн жишээ бол 100 мянган айлын орон сууц хөтөлбөрийн хэрэгжилт юм. Засгийн газраас тус хөтөлбөрийн хүрээнд зургаан хувийн хүүтэй зээл гаргаж байгаагаа зарласан даруйд хүн бүр Орон сууц санхүүжилтийн корпораци гэх газрын үүдэнд хонон өнжин дугаарлаж байсныг бид мартаагүй. Энэ ажил ч тодорхой хугацаанд хөөсрөөд таг чиг болсон.

Нэг үгээр хэлбэл, төр засаг нийлүүлэлтийг зохицуулж чадаагүй байж эрэлтийг өсгөж зээл олгосон алдаа гаргаж байлаа. Одоо эргээд бодоход, алдаа гэхээсээ илүү сонгуулийн шоу байж дээ. Хэрэв үнэхээр монголын төр, хотын захиргаа хоёр уялдаатай ажилладаг байсан бол нийслэлийнхэн нийтээрээ орон сууцтай болох боломж түүх болохооргүй байв. Өөрөөр хэлбэл, хотоос барилга орон сууц барих төлөвлөлтөө гаргадаг, газрын албанаас зохих талбайн зөвшөөрлийг чирэгдэлгүй олгодог, мэргэжлийн хяналт нь шаардлагатай хяналтаа тавьдаг, ХХААХҮЯ яам нь барилгын материалын үйлдвэрүүдээ хөгжүүлдэг, Эрчим хүчний яам нь цахилгаан, дулааны эх үүсвэрийг шийддэг, Сангийн яам нь энэ бүхэнтэй уялдуулж зээлийн эх үүсвэрээ шийддэг байсан бол төр барилгын салбарын бодлогын хэрэгжилтээ хянаж, үүнийг дагаад салбарын хөгжил цэгцтэй болох байлаа. Даанч ийм зүйл болсонгүй. Цогцоороо энэ салбар хөгжсөнгүй. Тиймээс орон сууцны үнэ яагаад өсөөд байгаагийн шалтгааныг  барилгын компаниудаас бус эрүүл зах зээлийг бий болгож чадахгүй байгаа төрийн бурууг бултаараа хэлэлцэх нь зүйтэй болов уу. Үнэндээ барилгын компанийн эзэд бизнес эрхэлж байгаа. Бизнест ашиг нэн тэргүүнд тавигддаг нь зүй. Нэгэнтээ бодлого тодорхойлогчид нь энэ талаар ам нээхээсээ өнгөрсөн бол нийтээрээ орон сууцны үнийг буулгах ямар боломж байгааг хайя.

ХЯМД ҮНЭТЭЙ ОРОН СУУЦЫГ ИНГЭЖ БАРЬЯ

Элс, хайрга, тоосго, блок, мод гэх мэт барилгын гол түүхий эд манайд ямар ч үнэгүй. Хаанаас л бол хаанаас ухаад, ачаад авчихаж болно. Монголд юу л байна шороо, ус, ажиллах хүч байна. Орон гэрийнхээ хана, баганыг хүртэл гадныхнаар түшүүлэхээ болъё. Монгол хүн бүрийг эх орныхоо бүтээн байгуулалтад дуудья. Ажилгүй иргэдийг барилгын салбарт бүртгэж, оюутнуудаар тоосго цохиулж, шавар зууруулж сургая. Эх орныхоо төлөө тангараг өргөсөн цэргүүдийг дайчилъя. Үүн дээр нэмээд байр сав нь хүрэлцэхгүй, багтаж шингэхгүй байгаа өнөөх хоригдлуудыг ашиглая.

Ингэж чадвал харийнхан руу цацдаг цалин хөлс дотооддоо үлдэнэ. Зайлшгүй энэ салбарт чухал хэрэгтэй мэдлэг боловсролтой ажилчдад үлдэнэ. Ингэснээрээ бид ажиллах хүчинд зориулдаг мөнгөө асар их хэмнэх боломжтой болж байна. Юун хятад, солонгос барилгачид вэ. Тэд мартагдана. Нийслэлд барилга байтугай ундны ус хүрэлцэхгүй байна гэсэн дүн мэдээ хэн бүхнийг сэрдхийлгэсэн. Тэгвэл бодоод үзье. Бидэнд цас, борооныхоо усыг тосож, өнөөх муу усаа цэвэршүүлээд барилгын ус болгож ашиглах боломж байна. Бохир ус болон бороо цасныхаа ус ашиглалтаараа Сингапурыг жишээлдэг юм билээ. Тэд Малайзаас бохир усыг нь авч цэвэршүүлээд усны хэрэглээндээ зарцуулдаг байдлаас нь суралцъя.

Ус ашиглалтаараа үргүй зардал гаргадаг орон сууцныхны хэрэглээг цэгцэлье. Өглөөнийхөө өлөн хирнээс салахдаа л хэдэн тонн цэвэр ус гоожуулж сул асгачихдаг тэдний усыг үнэлгээжүүлье. Ийм байдлаар цэвэр усаа хэмнэсний үр ашиг гарч л таарна. Мөн бороо, цас, бохир усаа барилгын салбар руу нийлүүлье. Ингэж чадвал усанд зарцуулах зардлаа хэмнэж орон сууцны үнээс ангид болж хувирна. Мэдээж мод бэлтгэлийн асуудал хөндөгдөнө. Манай улс жилд дунджаар 850-950 мянга орчим шоо метр мод бэлтгэхийг зөвшөөрдөг байна. Үүн дээр гадагшаа вагон вагоноор нь зөөдөг болон өнөөх хууль бус мод бэлтгэлийг тооцвол энэ салбарт мод дахиад л үнэгүй. Тэгвэл одоо яах вэ. Тоосго, блок, шавар, элс, цемент, ус, мод, ажиллах хүч...бүгд үнэгүй байх боломжтой байхад чанаргүй, өндөр үнэтэй орон сууц Монголд моод болох хэрэг байна уу. Бидэнд угтаа 40 мянган айлын орон сууц хөтөлбөрийн хүрээнд бүх аймгуудад 650-700 мянган төгрөгөөр, Улаанбаатар хотод 730 мянган төгрөгөөр орон сууц барьсан түүх бий. Тэгвэл дэд бүтэц, газрын асуудлыг үнэгүй шийдвэл дээрх үнээр байртай болох боломжтой. Тухайлбал,  Баянхонгор аймагт 30 айлын орон сууцыг м.квадратыг нь 656 мянган төгрөгөөр, Говь-Сүмбэр аймагт 80 айлын орон сууцыг метр. квадратыг нь 239 мянган төгрөгөөр борлуулсан байдаг. Тэгэхээр барилгын компаниудын дунд эрүүл өрсөлдөөн бий болгох үнийн санал дээр төр хатуу бодлого бариасай.

Дөрвөн уулынхаа хонхорт багтаж шингэхгүй утаа, угаартаа хахаж цацсаар байгаа иргэдээ энэ мэт бодлогоор зохицуулаад орон гэрийг нь засаад өгөөч, эрх баригчид аа. Гэрээ засаад төрөө засдаг гэдэг биш билүү.

Эргүүлж мөлжихөд хүзүү сайхан гэдэг шиг манай улсад мөлжүүртэй энэ салбарт сая хүрэхгүй хүнийг хямд үнээр орон сууцжуулах боломж байхгүй юм гэж үү. Зуун ямаанд жаран ухна гэдэг шиг монголд барилга угсралт, барилгын зураг төсөл, барилгын материал үйлдвэрлэлийн эрх авсан байгууллага, аж ахуйн нэгжийн тоо 3000 хол давсан байдаг гэсэн тоог албаныхан хэлдэг. Эдгээр компаниуд иргэдийн амьжиргааны төвшин, нийгмийн хариуцлагын хүрээнд орон сууцны үнийг буулгах боломжгүй юм гэж үү. Гурван сая хүрэхгүй иргэнээ 3000 гаруй барилгын компани үнэ өртөгөөр чөдөрлөн гэр хорооллыг цэцэглүүлж байгааг төрийн бодлогын гаж зохицуулалт гэж харах нь иргэдийн буруу л лав биш. Юм л бол төрийн хайр хишгийн чамгүй хүртдэг барилгын салбарт яалт ч үгүй хатуу бодлого хэрэгтэй байна. Ингэхийн тулд төрийн мэдлийн барилгын груптэй байя. Төрийн мэдлийн барилгын ийм гоё груптэй болчихвол өнөөх яриад байгаа хямд үнээр иргэдээ орон сууцжуулчих юм бил үү. Чанар гэхээсээ үнэ өртөг ярьж суудаг өнөөх хэдэн хувийн компаниуд дээлээ нөмрөнө үү, дээсэн дөрөөн дээр дэлчигнэнэ үү тавилангаараа болог. Хэрэглэгчээ жинхэнэ утгаар нь “хаан” гэж ойлгосон цагт мөнгө үрждэгийг тэд ойлгог.

Үндэсний шуудан сонин