Эрх баригчид энхбаяртнуудад халгаатай болжээ
2014/02/05
Ерөнхий сайд өөрийнхөө халаас руу өнгийсөн сахилгагүй нөхрийг хуулийн байгууллагад шалгуулахаар өгчээ. Учир нь мань эр ар, өврийг нь уудалж, өнөөх “Шинэчлэлийн 50 тэрбум”-ыг нь шиншлээд байж.
Иймээс эрх баригчдад нааштай үйлчилгээ үзүүлдэг нэгэн байгууллагад хүн гүтгэсэн үндэслэлээр өгчихсөн гэнэ. Шинэчлэлийн Засгийн газар байгуулагдаж 2013 оны төсвийг хэлэлцэх үеэр Н.Алтанхуягийн халаасанд 50 тэрбумыг хийх санаачилга гарсан. Товчхондоо, кабинетынхных нь санал санаачилга. Сөрөг хүчний зүгээс эсэргүүцсэн боловч тэр мөнгийг баталж өгөхгүй бол гар мухар, хөл нүцгэн хүн юугаа хийх юм бэ гэж Ерөнхий сайд уцаарласан гэлцдэг.
Эцэст нь олонхийн саналаар асуудлыг шийдэж билээ. Гэхдээ бүр 2013 оны төсөвтэй хамт Төсвийн тухай хуулийн зарим заалтыг хамааруулахгүй байх тухай гэсэн дөрөвхөн заалтыг хамтад нь батлуулж дөнгөсөн юм. Нэрнээс нь сонссон ч Төсвийн хуульд төсвийн хуулийн заалтыг хамааруулахгүй байх гэсэн энэ хуулийн гол зорилго нь Ерөнхий сайдын 50 тэрбумын задаргааг дөрвөн сарын хугацаа өгч Засгийн газарт өгөх боломжийг олгох агуулгатай байв. Ингэж Ерөнхий сайд Н.Алтанхуягт баруун, солгойгүй дур мэдэн зарцуулах 50 тэрбумын эрх үүссэн гэж хэлж болно.
Дээрх хөрөнгөөр долоон ажил хийхээр төлөвлөсний нэг нь замын цагдаагийн бэлэн бус торгуулийн систем байлаа. Нийт үнийн дүн нь 1.8 тэрбум төгрөг бүхий энэ системийг хэний саналаар хаана хянаж оруулж ирсэн нь тухайн үед хэнд ч тодорхойгүй байсан. Сонирхох хүн ч байсангүй. Гэвч энэ нь “Смарт солюшн” гэдэг компани амандаа орсон үнээр улсад бараа шахах боломжийг нээсэн болохыг иргэн Б.Энхбаяр нийтэд ил болгов. Хяналтгүй мөнгө иймэрхүү замаар зарцуулагддаг хэмээн нэг бүрийнх нь үнийг хоёр дахин нугалж замын цагдаагийн шалгах төхөөрөмж, зөөврийн хэвлэгч машиныг улсад шахсан тус компани 1.8 тэрбум төгрөг улсын төсвөөс авсан баримтыг дэлгэсэн. Ямартаа л тухайн үед 1.8 тэрбум төгрөгөөр 350 биш 3500 цагдааг торгуулийн машинтай болгох байсан гэх үг эдийн засагчдын амнаас цухалзаж байлаа. Учир нь тус хэвлэгч нь гэхэд 420-500 мянган төгрөгийн үнэтэй атал нэг сая 474 мянга 902 төгрөгөөр шахжээ.
Б.Энхбаяр нарын дэлгэсэн дараагийн баримт нь өнөөх халаасны 50 тэрбумыг хуулиас гадуур, тендергүйгээр хэрхэн зарцуулсан тухай байв. Өнгөрөгч оны зургаадугаар сарын 28-ны өдрийн 101 тоот захирамжаар Ерөнхий сайдын төсвийн багцад тусгагдсан Засгийн газрын шинэ бодлогын нөөцийн 31.7 тэрбум төгрөгөөс “Эх хэлний эзэд” медиа хөтөлбөрт 293.1 сая, “Бумбардай” комикс есөн цуврал номыг санхүүжүүлэхэд 255.6 сая төгрөгийг шилжүүлэх эрхийг ЗГХЭГ-ын дарга Ч.Сайханбилэг, Санхүү хөрөнгө оруулалт, үйлчилгээний хэлтсийн дарга Ж.Бямбасүрэн нарт олгосон байдаг. Гэвч Ерөнхий сайдын захирамж гаргах үед тус байгууллагатай ЗГХЭГ ямар нэг хэлцэл байгуулаагүй, тендер зарлагдаагүй байсан аж. Өөрөөр хэлбэл, Ерөнхий сайдын энэхүү захирамжаар шууд эдгээр байгууллагатай, эл үнийн дүнгээр хэлцэл байгуулж, мөнгө шилжүүлэх эрхийг өгсөн аж. Үүний дараа буюу 2013 оны долоодугаар сарын 4-ний өдөр ЗГХЭГ-ын Тэргүүн дэд даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ч.Сайханбилэг “Нүүдлийн зургаан өгүүлэмж” байгууллагын тэргүүн Н.Эрдэнэбаяртай гэрээ байгуулж, улмаар эхний 127 сая 800 мянган төгрөгийг Голомт банкны 1410009606 тоот данс руу шилжүүлжээ. Нөгөөтэйгүүр, “Бумбардай” хүүхдийн номыг санхүүжүүлэх эх үүсвэр Монгол Улсын Төсвийн хууль, Төсвийн байнгын хорооны тогтоолд тусгагдаагүй. Уг номыг санхүүжүүлэх, гэрээ хэлцэл хийхтэй холбоотой аливаа хэлбэрийн тендер, сонгон шалгаруулалт явагдаагүй гэнэ.
Түүнчлэн хэлцлийг хийгч “Нүүдлийн зургаан өгүүлэмж” гэх төрийн бус байгууллага 2013 оны гуравдугаар сард 20 мянган төгрөгийг өөрийн хөрөнгөтэйгөөр байгуулагдсан гэх боловч “Бумбардай” комикс зохиолд оюуны өмчийн гэрчилгээг Оюуны өмчийн газрын даргын долдугаар сарын 1-ний өдрийн тушаалаар олгосон байдаг. Мөн тус газраас 256 сая төгрөгөөр номын эх зохиолыг үнэлснээ долдугаар сарын 3-ны өдөр баталгаажуулжээ. Гэтэл Ерөнхий сайд Оюуны өмчийн газраас урьтаад зургадугаар сарын 29-нд захирамж гарган, энэ үнэлгээг баталгаажуулсан. Гэтэл Ерөнхий сайд Н.Алтанхуяг Оюуны өмчтэй зүйлд тендер зарладаггүй гэж мэдэгдсэн нь бий. Тиймдээ ч АТГ ч үүнийг сонсоогүй, бас хараагүй мэтээр шалгахаас татгалзахыг үгүйсгэх аргагүй.
Бас нэг анхаарал татахуйц зүйл нь долоодугаар сарын 4-ний өдөр ЗГХЭГ-ын Тэргүүн дэд даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ч.Сайнбилэг “Боловсрол суваг” телевизийн гүйцэтгэх захирал Н.Мэндбаяр нар 2013-04 тоот гэрээ байгуулсан аж. Улмаар эхний санхүүжилт болох 146 сая 511 мянган төгрөгийг Голомт банкны 1901028285 тоот дансанд долоодугаар сарын 8-ны өдөр шилжүүлсэн байна. Гэтэл гэрээнд уг төслийн зорилго, ач холбогдол, хүрэх үр дүн, агуулга, чанар гэх мэт гэрээний гол үндсэн шаардлагын талаар тусгагдаагүй. Гагцхүү тайз, тоног төхөөрөмж бусад гэсэн хаягтайгаар 35 сая, шатахуунд 13 сая гэх мэтчилэн төлөвлөжээ. Мөн гэрээ хүчин төгөлдөр гэдэг нь эргэлзээтэй. Учир нь гэрээний нэг тал болох Захиалагчийг төлөөлж Ерөнхий сайдын зөвлөх Б.Ган-Очир гэсэн хэсэгт гарын үсэг зурж баталгаажаагүй аж. Мөн хавсралт өртөг, ажлын задаргаа ч захиалагч талаар баталгаажаагүй. Иймээс энэ бүх эх баримтаа баримтжуулан олон нийтэд ил болгож Авлигатай тэмцэх газарт шалгуулахаар өгсөн байна. Гэвч АТГ-аас ямар нэгэн хууль зөрчөөгүй хэмээн үзэж, хэрэг үүсгэхээс татгалзсан юм. Энэхүү хариуг Прокурорын газар ч хүлээн авч, зөвшөөрсөн хариулт өгөх нь тэр. Улмаар эцэст нь дээрх мэдээллийг ил болгосон иргэн Б.Энхбаярыг хүн гүтгэсэн үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгуулахаар цагдаагийн байгууллагад өгчээ. Иргэн Б.Энхбаяр энэ талаар цахим хуудсандаа “Ард иргэд өөрсдийн татвараар төлсөн хөрөнгийг юунд, хэрхэн, хуулийн дагуу зарцуулагдаж буй эсэхийг мэдэх эрхтэй. Бас хардах боломжтой байх ёстой. Ерөнхий сайдын ярьж байгаа шилэн тендер нь юуны урьд өөрийнх нь төсвийн зарцуулалт нээлттэй, ил тод байхаас эхлэх учиртай” хэмээн бичсэн байдаг.
Задаргаагүй мөнгө хэрхэн замбараагүй зарцуулагдаж байгааг илчилсэн эрхэм ийнхүү эрх баригчдад нүд үзүүрлэгдэж эхлэв бололтой. Түүнчлэн мань хүн өмнө нь Ерөнхий сайд Н.Алтанхуягийг Үндсэн хууль зөрчсөн үндэслэлээр Үндсэн хуулийн Цэцэд гурвантаа гомдол гарган, шийдвэрлүүлж байсан билээ. Иймээс гүйцэтгэх засаглалын тэргүүний хорхойтой араанд зуугдсан ч байж мэднэ.
Л.НИНЖСЭМЖИД