​Хаврын урь орж улс тө­рийн хүчнүүд идэвх­жиж эхэл­жээ. МАХН-ын удирдлагууд БНСУ-ыг зорихоор болсон бол Нийслэлийн МАН-ын­хан дотооддоо зөрчилдөөнтэй байна.

Сөүл хотод эмчилгээ хийлгэж буй намын дар­га Н.Энхбаярыг эргэхээр МАХН-ын дэд дарга, шадар сайд Д.Тэрбишдагва, Ерөн­хий на­рийн бичгийн дар­га Г.Ший­лэг­дам­ба болон тус намаас Зас­гийн га­зарт ажиллаж буй гишүүд өнөөдөр явах ажээ. Түүнч­лэн МАХН-ын нарийн бич­гийн дарга нар ч хамт явах юм байна.

Намын нарийн бичгийн дарга нараас Хөдөө орон нутаг хариуцсан нарийн бичгийн дарга П.Ангараг нар тэргүүтэй намынхан нь Н.Энхбаярыг эргэхээр очоод байгаа ажээ. Нийт МАХН-ын арав гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг Өмнөд Солонгосыг зорих гэнэ. Ингэж олон хүний бүрэлдэхүүнтэй намын даргаа эргэхээр явах болсон нь өөр шалтгаантай гэх таамаг байгаа юм.

Амралтын өдрүүдийг да­лимдуулан МАХН-ынхан намын даргатайгаа уулзаж, хуралдах гэж байна гэсэн хар байна. Учир нь МАН-ын зарим гишүүд МАХН-ын үйл ажиллагааг зогсоох, татан буулгах талаар улсын Дээд шүү­хэд нэхэмжлэл гаргаж хүргүүлсэн нь Н.Энхбаярыг айлгахад хүр­чээ. Иймд Н.Энхбаяр намынхаа гишүүдийг дуудаж хуралдахад хүрсэн бололтой. Улсын Дээд шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй холбоотойгоор МАХН-аас МАН-ын дарга М.Энхболдод хандан шаардлага хүргүүлээд буй. Хоёр намын энэхүү сөргөлдөөнтэй холбоотойгоор Н.Энхбаяр на­мынхантайгаа  хуралдах бололтой. Түүнчлэн МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат сар шинийн дараахан БНСУ-ыг зорьжээ. Түүнийг Н.Энхбаяртай уулзаж, хоёр намаа нэгтгэх, улс төрийн нэг хүчин болгох зорилго тээж намынхан нь явуулсан гэх мэдээлэл байна.

МАХН-ынхан намын дарга дээрээ очиж хуралдах гэж байгаа бол МАН-ын хувьд дотооддоо зөрчилдөөнтэй байгаа гэдгийг дээр дурьдсан. Нийслэлийн Монгол Ардын намын хороо болон дүүргүүдийн намын хороод энэ оны эхний улиралдаа багтаан хоёр жилд нэг удаа зохион байгуулдаг тайлангийн хурлаа хийхээр бужигнаж эхэлсэн байна. Намын хороо өнгөрсөн хоёр жилд ямар ажил хийж амжуулсан, хэр ажил хийсэн гэдгээ ээлжит тайлангийн хурлаараа танилцуулдаг уламжлалтай. Намын хорооны хурлаар тайлан сонсож, тааруу ажилласан гэж үзвэл намын хорооны удирдлагуудаа өөрчлөх, шинээр томилгоо хийх юм байна. Гэхдээ ажлаа сайн, муу хийсэн гэж дүгнэхээсээ илүү албан тушаалд очихын тулд амбицлаж байгаа эрхмүүд цөөнгүй байгаа гэнэ. Нийслэлийн Монгол Ардын намын хорооны даргыг унагах гэсэн өрсөлдөөн битүүхэндээ өрнөж эхэлсэн. Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Ц.Сандуй ажилладаг. Тэрбээр уг албан тушаалд томилогдсоноос хойш жил гаруй хугацаа өнгөрч буй юм. Түүний оронд УИХ-ын гишүүн, МАН-ын нарийн бичгийн дарга Д.Сумьяабазар очих сонирхол байгаагаа илэрхийлжээ. Тэрбээр намаасаа УИХ дахь нийслэл хотын ганц төлөөлөл гэдгээрээ нийслэлийн МАН-ын хороог удирдах эрхтэй гэж намынхаа гишүүдийн дунд мессеж нисгэсэн гэнэ. Гэвч УИХ-ын гишүүн, намын удирдах зөвлөл, нарийн бичгийн дарга, дээр нь Сонгинохайрхан дүүргийн МАН-ын хорооны дарга гээд олон сонгуульт ажил эрхэлдэг нь нэг хүний хийх ажил биш гэж үзэх нэгэн байгаа ажээ. Иймд Д.Сумьяабазар намынхаа удирдлагуудаас дэмжлэг авах магадлал багатай гэнэ. Ц.Сандуйгийн хувьд МАН-ын дарга М.Энхболдын хүн. Түүний толгойлдог “хотын” фракцид харьяалагддаг. Иймээс Ц.Сандуй албан тушаалдаа үлдэх магадлал өндөр байгаа ажээ. Ц.Сандуй оны өмнөхөн нийслэлийн 152 үүрээр орж, намынхаа гишүүдийн санал бодлыг сонссон нь урьд өмнөх дарга нартай харьцуулахад намын жирийн гишүүдээ ойлгодог гэх имиж бүрдүүлсэн гэнэ. Д.Сумьяабазар, Ц.Сандуй нараас гадна нийслэлийн намын хороог удирдах сонирхолтой залуус ч хурлын үеэр гарч ирэхийг үгүйсгэхгүй байгаа. Нийслэлийн намын даргын суудлын төлөөх өрсөлдөөн ийнхүү олон нийтэд ил болсон бол дүүргүүдийн МАН-ын хороод ч ээлжит хурлаа хийхээр бэлтгэж эхэлсэн байна.

Нийслэлийн есөн дүүргээс Баянзүрх дүүргийн МАН-ын хороо оны өмнөхөн хуралдаж, даруухан өндөрлөсөн. Энэ оны эхний улиралдаа багтаан дүүргүүдийн МАН-ын хороод хуралдаж дуусах юм байна. Чингэлтэй дүүргийн МАН-ын хорооныхон дотроо ихээхэн зөрчилдөөнтэй байгаа ажээ. Учир нь нийслэлийн есөн дүүргээс ганцхан дүүрэгт МАН засгийн эрхийг барьж буй. Энэ нь Чингэлтэй дүүрэгт. Иймээс одоо Чингэлтэй дүүргийн МАН-ын хорооны дарга, дүүргийн Засаг даргаар ажиллаж буй Д.Ганболдыг на­мынх нь даргаас буулгах сонир­холтой гишүүд байгаа гэнэ. Хэр­вээ Д.Ганболд намынхаа даргыг өг­вөл, Засаг даргын ажлаасаа ч огцро­ход хүрэх гэнэ. Иймээс Чингэл­тэй дүүргийн МАН-ын хороо­ны даргын өрсөлдөөн ширүүссэн байна. Түүнчлэн Нийслэлийн намын хорооныхонтойгоо Д.Ган­болд дарга таарамж муутай байгаа ажээ. Дүүргүүдийн МАН-ын хорооны ээлжит хуралдаанаа зохион байгуулах болсонтой холбоотойгоор албан тушаалын төлөө багагүй өрсөлдөөн өрнөх бололтой байна.

Сар шинийн дараагаас Засгийн газар бужигнаж эхлэнэ гэсэн яриа дэгдсэн ч одоохондоо чимээ аниргүй байна. Харин МАХН-ынхан намын даргаа эргэхээр БНСУ-ыг зорьсон нь өнөөдрийн улс төрийн онцлох сэдэв боллоо. Нууцхан хуралдах МАХН-ынхан МАН-тай хийсэн маргаан болон Засгийн газрын цаашдын ирээдүйн бодлогоо тодорхойлох нь. МАН-ын хувьд нийслэлийн намын хороо нь ийнхүү хө­дөлгөөнд орсон нь улстөрчдийн анхаарлыг татах сэдвийн нэг юм. МАН-ын  дарга М.Энхболд өөрийн “өсгөж, төрүүлсэн” Д.Сандуйгаа хамгаалж үлдэх үү, нийслэлийн намын хороондоо гол түшиг тулгуур нь болж яваа Д.Сумьяабазараар удирдуулах уу гэдгийг ирэх өдрүүдэд харах үлдэж байна.

Т.АМАРТҮВШИН