Н.Алтанхуягийг бүх насаар нь ерөнхий сайдаар томилъё
2014/02/09
Засгийн газар дахин мөнгөний эрэлд мордохоор болжээ. Одоогоор хэний нэрийг барьж, хаанаас, хэдэн төгрөг хэрхэн оруулж ирэх нь тодорхойгүй байгаа аж.
Юуны түрүүнд томоохон бүтээн байгуулалтын ажлуудаа үргэлжүүлнэ гэдгээ мэдэгдээд буй. Тухайлбал, Тавантолгой Гашуун сухайт чиглэлийн 237 км төмөр замын царигийн асуудлыг энэ хавар шийднэ. Улаанбаатарын 15 уулзварыг өргөтгөж шинэчилнэ. Түүнчлэн ТЭЦ-5-ын ажлыг энэ онд эхлүүлнэ гээд төлөвлөсөн ажил олон. Гэвч өнөөх алдарт “Чингис” болон “Самурай” бондын хөрөнгө хаанаа ч хүрэлцэхгүй болсон талаар эх сурвалжууд хэлж буй юм.
Их ажлыг эхлүүлэхийн тулд хэмжээлшгүй их хөрөнгө шаардлагатай гэх байдлаар шинэчлэлийн Засгийн газрынхан “Чингис”-ийн нэрийг “худалдаж” билээ. Тухайн үед ах намынхан улсын дансыг улайлгачихаад өгсөн ч гэдэг.
Юутай ч Засаг солигдсоны дараагаар экспортын орлого буурч, хөрөнгө оруулалт багассанаар байдал илт хүндэрч эхэлсэн. Үүнд стратегийн салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг хязгаарлахтай холбоотой баталсан хууль болон “урт нэртэй” хууль хэрэгжиж эхэлсэн зэрэг нь түлхэц үзүүлсэн нь тодорхой биз. Ямартаа л хямрал даамжирснаар сүүлийн 2-3-хан жилийн дотор 17 хувь хүртлээ дээшилсэн эдийн засгийн өсөлт бүхэлдээ нуран унаж, хөрөнгө оруулалт буурч, улмаар компаниудын чадавхи сулран ажилгүйдэл эрс өсөх хандлага ажиглагдах болсон юм. Иймээс эрсдлээс хамгаалах ганц гарц нь “Чингис” бонд байсан хэмээн эрх баригчид тайлбарладаг. Улмаар тэр хөрөнгөөр их бүтээн байгуулалтын суурийг цутгасан гэлцдэг. Үнэхээр ч эзэн Чингисийн нэрээр оруулж ирсэн хөрөнгө хүндрэлийн үед төмөр зам болон авто зам, барилга, хөдөө аж ахуйн салбарыг дэмжсэн. Түүнчлэн, 1800 км авто зам барих, “Гудамж” төслийг хэрэгжүүлэх, нийслэлийн гэр хорооллыг дахин төлөвлөх, ноос боловсруулах угаах, сүү сүүн бүтээгдэхүүний үйлдвэр, орон сууцжуулах ажил, оёмол бүтээгдэхүүний үйлдвэрлэл, “Шинэ төмөр зам” төсөл зэрэгт их, багаар мөнгө хуваарилснаар гарч мэдэх эрсдлээс сэргийлж чадсан.
Гэхдээ хугацааг тооцоолоогүй, бэлэн төсөлгүй байж зээл авснаар улс орныг өрийн дарамтад оруулсан гэж сөрөг хүчнийхэн шүүмжилдэг. 2013 оны байдлаар 1.5 тэрбум ам.доллараас мөн арваннэгдүгээр сарын байдлаар 837 тэрбум төгрөгийг ашигласан боловч үүнийхээ 10 гаруй хувьтай тэнцэх 110 гаруй тэрбум төгрөгийг зөвхөн хүүнд төлөхөөр болсон гэх судалгааг МАН-ынхан хийсэн байдаг. Энэ бол 30 дунд сургууль, 50 цэцэрлэг барих мөнгө салхинд хийссэн гэсэн үг. Монгол Улсын зөвхөн гадаад зээлийн өр 2013 оны хүлээгдэж буй ДНБ-ий 17 орчим хувьтай тэнцэж буй зэргийг оны өмнө УИХ-ын чуулганы хуралдааны үеэр онцолж байлаа. Мэдээж, “Чингис” бондын болон дотоодын өр, болзошгүй өрийг нэмбэл ДНБ-ий 50 хувийг давахаар байгааг ах намын гишүүд олонтаа давтсан.
Ямар ч хараа хяналтгүй, нэг үгээр хэлбэл, хуулиас гадуур зарцуулагдаж байгаа гэх дээрх бондын мөнгөөр авто зам тавьсан талаар ард түмэн мэдэж буй. Хайч барьсан Н.Алтанхуягийг замын нээлт бүр дээр харсаар хэдийнэ танил ч юм шиг болж. 12 аймгийн төвийг нийслэлтэй холбох 1800 км автозамд 570 тэрбум төгрөг зарцуулахаас 855 км автозам, 260 км далангийн ажилд 300 орчим тэрбум төгрөг зарцуулсан мэдээллийг бүтээн байгуулалтын цагаараа өгч байсан удаатай. Юутай ч орон нутгийн замаар шороо татуулан явахаа больсны зэрэгцээ гурван хоногийн газрыг ганцхан өдөрт туулж, орон нутгийн үйлдвэрлэл сэргэн, хөдөөд хөгжил бий болсон гэж эрх баригчид нэг бус удаа томорч харагдсан.
Хэрэв шинээр өр тавихгүй байвал 2050 он гэхэд “Чингис”-ийн нэрээр тавьсан өрөө төлж дуусна гэж Н.Алтанхуяг хэлж байсан. Гэвч Ерөнхий сайд Н.Алтанхуяг төд удалгүй Их наран улс руу айлчлахдаа “Самурай” хэмээх “нөхөр”-ийг чихдээд ирэх нь тэр. Өмнөхөө хөрөнгө оруулалт уу, өр үү гэдгээ ялгаж чадалгүй суугаа монголчуудын хувьд танихгүй чөтгөр аймшигтай санагдаж байв. Харин эрх баригчид хүү багатай гэж тайвшруулж байсан юм. “Чингис” бондыг Засгийн газар 4.1-5.1 хувийн хүүтэйгээр гаргасан. Тухайн үедээ энэ нь хамгийн хямд эх үүсвэр байсан ч олон улсын зах зээл дээрх “Чингис” бондын хоёрдогч зах зээлийн хүү долоо орчим хувьд хүрч өссөн юм. Ганц Монголын бондынх ч бус бусад улсын ам.доллараар гаргасан бондын хүү нь өссөн. Шалтгаан нь АНУ-ын эдийн засгийн сэргэлттэй холбоотой байв. Тэр үед ам.доллараас дутахааргүй “Самурай” бонд гаргах нь хүүгийн хувьд харьцангуй хямд тусна гэж эдийн засагчид ч хэлж байлаа.
Түүнчлэн “Чингис” бондын хугацаа нь тав болон 10 жилээр тогтоогдсон бол “Самурай” бонд богино хугацаатай гэгдэж байлаа. Уг нь “Самурай” бондыг жилийн 1.52 хувийн хүүтэй гаргасан ч, Японы талд өгсөн 50 гаруй сая долларыг оролцуулж тооцвол бондын хүү дөрвөн хувь хол давах аж. Өөрөөр хэлбэл, манайхан Японы Хамтын ажиллагааны банкны баталгаатайгаар бага хүүтэй мөнгө босгоно гэж хөөрцөглөөд байсан нь талаар болов. Түүнчлэн бага хүүтэй бонд гаргуулсны төлбөрт Японы Хамтын ажиллагааны банкинд өндөр төлбөр авсан гэх мэдээлэл ч бий. Юутай ч 2050 он гэхэд өрөө төлж дуусна гэх гүйцэтгэх засаглалын тэргүүний үг талаар болсон юм. Тийн байтал дахин хөрөнгө босгох их аян өрнүүлэхээр сэм хэлэлцэж эхэлсэн гэнэ. Өмнөх Засгийн газрын ачааны хүндийг гайхаж байсан шинэчлэлийнхэн 2016 оны дараагийн багтаа гэдийх нь битгий хэл өндийхөөргүй их дарамт үүрүүлэхээр шийдэв бололтой. Иймээс эхлүүлсэн ажлаа өөрөө дуусгах тэр боломжоор Н.Алтанхуягийг хангая. Тэр бүх насаараа Засгийн газрын тэргүүний сэнтийд зайдагнаж, үйлдсэн лайгаа өөрөө үүрч дуусгаг.
Л.НИНЖСЭМЖИД
Зочин · 2014/02/17
arai l aimar bn aa bolimor yum da
Зочин · 2014/02/11
4 жилийн дараанаас хүүг нь төлж эхэлнэ гээд л яригдаад байгаа. Аягүй бол 4 жилийн дараа сонгогдохгүй нь тодорхой болохоор гарсан нам нь лайгаа эдэлнэ биз бид идээд авъя гээд сууж байгаа биз дэ
Зочин · 2014/02/11
4 жил МАН-н өвөрт байгаагүй, бодлого шийдвэр гаргахад нь оролцож байгаагүй юм шиг ярих юм.
Зочин · 2014/02/11
Чингисээрээ гудамжинд цэцэг тарьж, бичигтэй ******ны уут тараасандаа
Зочин · 2014/02/11
Чингисээрээ гудамжинд цэцэг тарьж, бичигтэй ******ны уут тараасандаа
Зочин · 2014/02/10
H****daa Mongol SUIRCH bgaa yum chini gej uu
Зочин · 2014/02/10
Tegie tegie tegeed bugd hoosrood *** deer usreh yum bna l daa