Төрийн дайсан гэдэг шиг Н.Алтанхуяг нэг "дайсантай" болжээ.  Төрийн албан хаагчдын холбооны тэргүүн Б.Энхбаяр  сүүлийн  жил гаруйн хугацаанд "Засгийн данхайрал", "Үүрэг гүйцэтгэгч засаг", "Хашгирсан ард түмэн" цуврал нийтлэл бичиж, нийгэмд тулгамдсан асуудлууд, түүний хууль зүйн талаархи задлан шинжилгээ  олны анхаарлыг татаж эхэлсэн юм.

Түүнд эрүүгийн хэрэг үүсгэжээ. Өнгөрсөн долоо хоногт хэвлэлээр цацагдсан энэ мэдээлэл анхаарал татав. Ерөнхий сайд Н.Алтанхуягийн өргөдлөөр Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст эрүү үүсгэсэн аж. Юуны учир гэвэл тэрбээр Т.Сайнжаргалын хамт өнгөрсөн онд хэвлэлийн бага хурал хийлгэж, Засгийн газрын тэргүүний багцаас  500 гаруй сая төгрөгийн санхүүжилт бүхий хоёр төсөл анхаарал татаж байна, зохих байгууллага шалгана уу гэсэн асуудал хөндөж. "Бумбардай" комикс хийлгэхээр "Нүүдлийн зургийн  өгүүлэмж" Төрийн бус байгууллагад шилжүүлсэн 255 сая, "Эх хэлний эзэн" медиа хөтөлбөрт зарцуулсан 293 сая төгрөгийн санхүүжилт нь Ерөнхий сайдын багцаас ямар ч тендергүй гарсан. Дээрх төрийн бус байгууллага 20 мянган төгрөгийн дүрмийн сантай байгуулагдаад нэн удалгүй 255 сая төгрөгийн ажил авсан. Ерөнхий сайдын захирамж гарсны дараа уг байгууллагатай гэрээ байгуулсан, гэрээнд засгийг төлөөлж гарын үсэг зурсан хүн байхгүй зэрэг нь Төсвийн хууль зөрсөн, мөнгө угаах ба шамшигдуулах зэрэг шинжтэй байж болзошгүй тул шалгаж өгнө үү гэж АТГ-т хандсан байна. Манай Ерөнхий сайд "тээндэр мээндэр гэж би мэдэхгүй, Оюуны өмчийн эрхийн гэрчилгээтэй байгууллагад л тендер зарладаггүй" гэж ярьсан атлаа дээрх төрийн бус байгууллагыг Оюуны өмчийн эрхээ авахаас өмнө тендер өгсөнд хэргийн гол нь байгаа юм. АТГ энэ асуудлыг том толгойлон огтхон ч анхааралдаа аваагүй. 

Мөн Ерөнхий сайдын багцын задаргаагүй 50 тэрбумын талаархи 40 гаруй хуудас материалыг шалгуулахыг хүссэн нь бүтэлтэй юм болоогүй. Тэр материал дотор худал зүйл нэг ширхэг ч байгаагүйг Н.Алтанхуяг маш сайн мэдэж байгаа. Зориуд сонирхож, тухайн үед хийлгэсэн хэвлэлийн бага хурлын бичлэгийг үзэхийг уншигчдадаа санал болгоё. Хэвлэлийн хурал дээр Б.Энхбаяр, Т.Сайнжаргал нар Ерөнхий сайдыг гүтгэж, гутаан  доромжилсон үг хэллэг огтхон ч хэрэглээгүй бөгөөд зөвхөн баримт дэлгэж, түүнд хуулийн байгууллагын анхаарлыг хандуулж, шалгуулахаар өгөх гэж буйгаа мэдээлсэн байх юм. Гэтэл гэнэт Ерөнхий сайд Н.Алтанхуягийн нэр хүндийг гутаан доромжилсон, гүтгэсэн гэсэн үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэжээ. Ер нь бол бичигч би Б.Энхбаярыг өмөөрөх гээд байгаа юм алга. Зүгээр л асуудлыг сонирхоод, судлаад үзэхээр өөр зүйл бодогдоод байгаа юм....


Н.Алтанхуяг Н.Энхбаяр нар ганц энэ зүйл дээр ч биш, овоо учраатай хоёр л доо. Төр данхайж, төрийн албан хаагчдыг хоморголон халж буй асуудлаар Үндсэн хуулийн Цэц  хүртэл үзэлцэж авсан нөхдүүд. Б.Энхбаяр нь Цэцэд олонтаа  ханджээ. Бага суудлын хуралдаанаар хэлэлцээд хэрэг үүсгэх болонгуут, Ерөнхий сайд маргаан үүсгэсэн асуудлаархи захирамжаа хүчингүй болгож орхино. Жишээлбэл, Засгийн газрын 2013 оны 4-р сарын 13-ны 145 тоот захирамжаар Төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийн Түр орлон гүйцэтгэх журмын зарим заалтыг хүчингүй болгосон нь Цэц уг асуудлаар Б.Энхбаярын  өргөдлөөр маргаан үүсгэх болсонтой холбоотой байх жишээтэй. Энэ бол нэг баримт.

Ингэхэд Б.Энхбаяр гэж хэн бэ. МАН-ын гишүүн. Хууль зүйн яаманд Газрын дарга, Засгийн газрын агентлагт Тамгын газрын дарга, УИХ-ын дарга Д.Дэмбэрэл болон МАН-ын дарга С.Батболд, Ө.Энхтүвшин нарын зөвлөх зэрэг албыг хашиж байсан. Өнгөрсөн сард УИХ дахь МАН-ын бүлгийн хуулийн зөвлөхөөр томилогджээ. Хуульч, улстөрч, улс төр, төрийн албаны туршлагатай нэгэн юм байна.  Аль 2000 онд Төрийн албан хаагчийн ёс зүйн асуудлаар ном гаргаж,  ёс зүйн  стандарт, дүрэм журмыг боловсруулалцсан зэргээс нь, хийж, хашиж явсан ажлуудыг нь харахад улс төр, төрийн албаны асуудлаар хийтэй дуугарахааргүй нэгэн бололтой. Тэр өөрийнхөө буюу МАН-ыг засгийн эрх барьж байх үед хүсэлтээрээ ажлаа өгсөн тухайгаа хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурджээ.  Эндээс үзэхэд албан тушаалаа алдан шокдож яваа  МАН-ын нөхдүүдийн нэгэн мэт ойлгон хардах ч учир дутагдалтай санагдана. Өөрөөр хэлбэл, улс төр гэж юу болохыг мэдэх тул тэгж хоосон хана түнших туршлагагүй нэгэн биш л дээ. Харин төрийн албыг мэргэшсэн, хүчтэй, цэвэр тунгалаг байлгахын төлөө яваад байгаа юм биш үү. Засгийн данхайрал нийтлэлдээ өгүүлсэн төрийн албаны дүр төрх, түүнийг хэрхэн чанаржуулан сайжруулах тухай үзэл санаа нь нь өдгөө Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн  ухаалаг төрийн бодлоготой агаар нэгэн.  

Улс төрд Засгийн эрхийг эрх баригчид ба сөрөг хүчин барьдаг. Б.Энхбаярыг  сөрөг хүчний үүргийг гүйцэтгэж байна гэж ойлгож болох талтай. Тэгэхдээ хоосон лоозогнож, хов жив хөөцөлдөж биш, популизм хийж оноо цуглуулах гэж биш, харин хууль зөрчсөн тодорхой асуудлыг гаргаж ирэн, тавилгүй явж, Үндсэн хуулийн Цэцээс авахуулаад хууль шүүх, төрийн зохих байгууллагын шийдвэрийг гаргуулж, мэргэжлийн түвшинд хандаж, ажиллаж буй нь улс төр дэх жишиг тогтоох сайн үзэгдэл гэлтэй. 

Инээсэн бүхэн нөхөр биш, уурласан бүхэн дайсан биш гэдэгчлэн шүүмжлээд буй нөхрөө таних, түүний үгийг тусган авах нь нь улстөрч ер нь том хүний шинж байдаг. Гэтэл эрүү үүсгүүлэн нухчин дарах бодол арай манай Ерөнхий сайдад баймгүй юм. Жижиг хүн л хүчирхийллээр айдсаа дардаг нь шалгарсан арга билээ.  За энэ ч яахав, хэрхэхийг цаашид харъя. Харин нэг зүйл байна. Монголын  нийгэмд айдас хэмээх нэгэн  үзэгдэл бий болж. Юм л бол эрүү үүсгээд, авж явчих гээд байдаг. Нийгэм бүхэлдээ нэг тийм айдастай байх боллоо гэсэн яриа гараад удаж буй. Энэ бол эрх баригчдад халгаатай юу гэхээс оноо авчрахгүй.    "Парламентын түрэмгийлэл дарангуйлал" болжээ гэж сэтгүүл зүйн амьд домог, доктор Б.Лигдэн хэлсэн байна лээ. Энэ бол хоёр нийгэм дамжсан улстөрч-сэтгүүлч, дэндүү том улстөрийн судлаач хүний үг юм. Манай эрх баригчид өвгөн сэтгүүлчийн энэ үгийг анхааралдаа аваасай. Хүчиндээ эрдэх биш, хэрэгтэй шүүмжлэлийг хүлээн авч, ажилдаа тусгах нь эрх баригчдад агаар ус мэт хэрэгтэй зүйлсэн. Тийм үгийг өөрсдийнх нь биш сөрөг хүчин, нийгэм дэх оюунлаг сэхээтэнлэг хэсэг хэлдэг. Харин хүчирхийлэл хүчирхийллийг төрүүлдэг жамтай. 

                                      Б.Ууган