2009 оны ерөнхийлөгчийн сонгуулиар нэгэн дуулиан дэгдэв. АН-аас нэр дэвшигч өмнөд солонгосчуудын дэмжлэгтэйгээр Монголын төрийн тэргүүн болохоор санаархаж байна гэх агуулгатай видео бичлэгийг өрсөлдөгч нам нь цацжээ.

Энэ шуугиан АН-ыг ихээхэн сандаргасан юм. Шуугиан Өмнөд Солонгосын хууль хүчний байгууллагын зүгээс сандарч мэгдсэн АН-д туслаж, энэ бичлэг хуурамч гэсэн залруулга хийхэд хүргэсэн ажээ. Хэдийгээр эсрэг намынх нь тараасан бичлэг нийгэмд ихээхэн шуугиан дэгдээсэн боловч АН-ын нэр дэвшигч ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан юм.

Хэдийгээр дээрх сонгуульд солонгосчууд нөлөөлсөн эсэх нь тодорхойгүй үлдсэн боловч тун удалгүй солонгосчууд Монголд үлэмж нөлөөтэй болсныг илтгэн харуулсан нэгэн үйл явдал болов. 2010 оны сүүлээр Өмнөд Солонгосын иргэд Дорнод аймгийн Халх гол сумын газар нутгийг түрээслэн авч байгаа тухай мэдээлэл түгжээ. Ингээд 2011 оны эхээр солонгосчууд Халх голын сав газарт албан ёсоор үйл ажиллагаа эхэлж буйгаа мэдэгдсэн ба нээлтэнд нь Монгол улсын ерөнхийлөгч өөрийн биеэр очиж үг хэлэв. Тэрээр Халх голд очихдоо энэ төсөлд “асар том” ирээдүй буйг зөгнөн үг хэлэхийн сацуу солонгосчуудад ажлаа шуурхайл хэмээн сануулжээ.

Гэвч гадаад, дотоодын хэвлэл мэдээллээр Монгол улс нь газар нутгаа харийханд түрээслүүлэх бус, бүр худалдсан тухай мэдээлэл хөвөрч эхэлсэн юм. Монголын хамгийн үржил шимтэй, 60 см зузаан хар хөрс бүхий Халх голын сав газрыг 99 жилээр түрээсэлсэн, худалдсан аль нь ч байсан энэ нь тус улсын үндэсний аюулгүй байдалд шууд хор учруулах үйлдэл ажээ. Юуны өмнө, дэлхий нийт ус, хүнсний хомсдолд орж, байгалийн бус хүнс хэрэглэснээс хорт хавдар гэх мэт аймшигт өвчин дэлхий даяар хурдацтай нэмэгдэхийн зэрэгцээ улс орнууд усны төлөө дайн хийхэд бэлэн энэ цаг үед Халх гол нутгийг харийнханд мэдүүлсэн нь манай улс газар тариалангийн сүүлийн түшиц газраа харь улсад алдсан хэрэг байв. Солонгосын талын мэдэгдсэнээр Халх голд солонгосчууд монголчуудын голлон хэрэглэдэг тариа, ногоо бус, харин өмнө зүгийнхний хүнс, генийн өөрчлөлттэй шар буурцаг, эрдэнэ шиш, гахайн тэжээл гэх мэт ургамал тарих юм.    

Нөгөө талаар Монголын зүүн хязгаарт их хэмжээний газар нутаг харь улсын мэдэлд очиж буй нь тэнд  харь үндэстний эрх мэдэл тогтож хот суурин, сүм нь босч, харь соёл дэлгэрснээр хэзээ нэгэн цагт энэ нутгийн монголчууд Хятад дахь Өвөр Монголын монгол малчдын хувь тавиланг угтаж, үндэстнийхээ хувьд устах аюултай тулгарч ч магадгүй юм. Энэ нь өнөөдөр бидний хувьд төсөөлж болшгүй мэт хэрэг явдал боловч энэ байдлаар явбал 20 жилийн дараа Монгол улс ямар байдалтай болохыг Өвөр Монгол, Сибирь дэх хятадуудын жишээнээс харж болох юм.  

Халх голын асуудал нь Монгол дахь Солонгосын нөлөөллийн зөвхөн нэг жишээ ажээ. Сүүлийн жилүүдэд солонгосчууд Монголын улс төр, эдийн засаг, боловсрол төдийгүй соёлын салбар, түүгээр зогсохгүй маш болгоомжтой, тэнцвэртэй явж ирсэн тус улсын уламжлалт гадаад харилцааг ч эвдэхээр нөлөө үзүүлэх болсон нь харагдав. МУИС-ийн багш, солонгос судлаач Ж.Баттөрийн бичсэнээр  солонгосчууд Монгол улс дэлхийн хамгийн тогтворгүй, аюултай бүс нутаг гэгдсэн Солонгосын хойгийн зөрчлийн асуудалд шууд татагдан ор гэдгийг үргэлж Монголын талд тасралтгүй сануулан зөвлөх болжээ.

Үнэхээр тэдний зөвлөгөө биелэлээ олов. Монголын “ардчилсан” ерөнхийлөгч 2013 онд дэлхийн хамгийн харгис дэглэмтэй, цөмийн дайн өдөөхөөс ч буцахгүй гэгдэх Умард Солонгост албан ёсоор айлчилахдаа гэмгүй хойдуудад “ардчилалын лекц” гэнэт уншаад иржээ. Тэдний зөвлөгөө, лобби жийрэглэх бариул мэт үзэх балчир хүүхдийг эрсдэлтэй, аюултай зүйл рүү турхиран хөөргөхийн зэрэгцээ түүнээс идэх хоолыг (хөрс, шороог) нь хууран авч буйтай төстэй биш гэж үү!

Ах, дүү мэт МАН, АН-ын дотоод байдлын талаар нэлээд сайн мэдэх нэгний хэлснээр өмнөд солонгосчууд Монголд нөлөөллөө хүчтэй тогтоох болсны эхлэл одоогоос 10 гаруй жилийн өмнө баттай тавигдсан гэнэ. Түүний бичсэнээр энэ ажлыг хэрэгжүүлэгч нь Монголын улс төрд идвэхтэй үйл ажиллагаа явуулдаг Зүүн Хойт Азийн нийгэмлэг бөгөөд үүнд АН, МАН-ын хамтран байгуулсан “Алтан гадас” байгууллага онцгой үүрэг гүйцэтгэдэг ажээ. Түүний бичсэнээр, “тэдний захиалгаар “Дорнод аймгийг Зүүн Хойт Азийн бүс нутгийн хамтын ажиллагаанд оролцуулах боломж, арга замыг тодорхойлох” гэсэн нэрийн дор дотроо 18 төсөл бүхий  судалгааны ажил хийж, түүндээ 300 мянга гаруй доллар зарцуулсан. Өнөөгийн манай эрх баригчид Өмнөд Солонгосын нөлөөнд хэт автжээ.

Өнөөгийн ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хоёрдахь удаагаа ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаж байгаа юм. Монгол Улсын хуулиар тэр дахин ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх боломжгүй бөгөөд 2017 онд албан тушаалаас буусны дараагаас өмнөх хоёр ерөнхийлөгчийн адил улс төрийн идвэхтэй амьдралаас холдож ч болох юм. Үүнээс гадна,  Монголд улс төрийн үйл явц маш хурдан өөрчлөгдөж, ард иргэд нь шударга ёс амалсан шинэ хүчинд санал өгөхөдөө нэг их эргэлзээд байхааргүй болсон үед өнөөгийн эрх баригч нам болон гол сөрөг хүчин, муу нэртэй МАН ирээдүйд улс төрийн тавцанд  улам бүр амжилт олох эсэх нь тодорхойгүй.  

Харин энэ цаг үед Өмнөд Солонгост нэгэн эрхэм өөрийн цаг дахин ирэхийг хүлээн сууна. Энэ хүн бол нэгэн цагт “авлигын загалмайлсан эцэг” нэрээр алдаршсан, Монгол улсын ерөнхийлөгч асан Н.Энхбаяр юм. Тэр 2012 онд авлигын хэрэгт буруутгагдан шоронд ороод 2013 онд суллагдсаныхаа дараа Өмнөд Солонгост очиж сайтар төвхнөж авчээ. Н.Энхбаяр нь шоронд өлсгөлөн зарласны улмаас олсон эсийн алдагдалын ховор өвчнөө эдгээхээр Өмнөд Солонгост асар их өртөгтэй эмчилгээ хийлгэж багагүй хугацаа өнгөрөөжээ. Гэхдээ тэр улс төрийн идэвхээ багахан ч сулруулаагүй бөгөөд Өмнөд Солонгосоос өөрийн намыг удирдаж байгаа юм. Түүний намыхан одоо Өмнөд Солонгост хуралддаг болжээ.

Н.Энхбаяр дараагийн нүүдлээ хийхээр нэгэнт зэхжээ. Үүний тулд тэр Өмнөд Солонгост улс төрийн их ажил амжлуулжээ. Тэр одоо солонгосчуудын дэмжлэгтэй Монголд буцаж ирнэ. Түүний илрэл нь тэрээр өөрийн үзэл суртлын гол зэвсэг “ТВ-9” телевизийн захиралаар солонгос иргэн томилсон явдал юм. Монголд хэвлэл мэдээллийн хэрэгслийг үндэсний аюулгүй байдалтай шууд холбоотой стратегийн чухал салбар гэж үздэг боловч энэ салбар дахь гадаад иргэдийн талаар хуулийн заалт байхгүйг ашиглан Н.Энхбаярын үзэл суртлын телевизийг Ким Юн Ён гэгч улсдаа нөлөө бүхий солонгос хүн удирдахаар болжээ.

Гүйцэтгэх захирлаар томилогдсон Ким Юн Ён нь тус телевизийн нэвтрүүлгийн бодлогод оролцох эрхтэй гэнэ. Түүгээр зогсохгүй Н.Энхбаяр өөрийн бизнесийг солонгосчуудад хариуцуулах, тэднээс улс төрийн зөвлөгөөг авах санаатай байгаагаа хамтран ажиллагсаддаа дуулгасан гэх мэдээллийг манай хэвлэлүүдээр бичиж буй. Үүнээс гадна, тэрээр Солонгосын буддын шашныхантай холбогдож тэднээс дэмжлэг олжээ.

Нэгэн цагт тэд христийн шашин ба түүнтэй холбоотой улс төрчдөөр дамжуулан  Монголд нөлөөллөө тогтоосон бол энэ удаа Монголын гуравдахь ерөнхийлөгч Н.Энхбаяр ба түүнийг ивээлдээ авсан солонгос буддын шашныг дэмжжээ. Гэтэл яагаад ч юм энэ цаг мөчид “Шударга ёс” нэртэй, УИХ дахь Н.Энхбаярын тоглоомын эвсэл Газрын тухай шинэ хуулийн төслийг хэлэлцээд гадаад улсын аж ахуйн нэгжид Монгол Улсын газар нутгийг түрээсэлж болно гэсэн шийдвэрт хүрснээ зарласан юм.

 

Ш.Т.Лантуу