​УИХ-ын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Г.Баярсайханыг “Ярилцах танхим”-даа урилаа.

-Хамтын тэтгэвэрийн тухай хуулийн төслийг та болон УИХ-ын гишүүн, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ нарын гишүүд санаачлан өргөн барьсан. Хамтын тэтгэвэрийн тухай хууль гэхээр анхаарал татаж байна л даа.

-Хамгийн гол нь нийгэм эдийн засагт үзүүлэх эерэг нөлөөтэй хууль. Гэр бүлийн үнэ цэн гэдэг чухал. Хань ижлээ хайрлан хамгаална гээд үнэтэй зүйл. Одоо хамтран амьдрагч гэж утгагүй зүйл байна. Үүнийг байхгүй болгох ёстой. Монгол гэр бүлийн үнэт зүйлийг хангах, гэр бүлээ хайрлаж хамгаалахад нь төрөөс дэмжлэг үзүүлэхэд бодлого болж хэрэгжих хууль юм. Тэтгэврийн санд хуримтлуулсан мөнгийг тухайн хуримтлалын эзэн нь хань, гэр бүлдээ өвлүүлж үлдээх нь тэр хүний өөрийнх нь эрхийн асуудал гэж би хувьдаа бодож байгаа. Тийм учраас энэ хуулийн төслийг зайлшгүй дэмжээд явах ёстой. Тэтгэврийн санд ямар нэгэн хүндрэл үүсэхгүй. Хоёр буурай тэтгэврээ аваад явж байгаад нэг нь бурхан боллоо гэхэд үлдсэн гэр бүлийнх нь хүнд, авч байсан тэтгэвэрийнх нь 50-70 хувийг олгодог байя гэж байгаа. Монголчууд үүнийг анх сэдээд хийгээд явж байгаа юм биш. Ардчилсан засагтай, хүн ардынхаа төлөө шийдвэр гаргаж чаддаг улс орнууд энэ хуулийг хэрэгжүүлээд явж байна.

-МАН-ын бүлгийн хувьд энэ хуулийн төслийг эсэргүүцэж байгаа юм билээ?

-Ардын нам энэ хуулийн эсрэг Улс төр хийж байна лдаа. Үнэхээр Монгол хүний төлөө гэж байгаа бол хуулийг дэмжээд явах ёстой. Сар шинийн өмнө маш буруу зүйл хийлээ. Намынхаа нэр хүндийн хувьд очков алдлаа л гэж харж байна. Ардын нам, манай намд ч тэтгэврийн хөгшид бий.

-Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Ерөнхийлөгч санаачилсан. Гишүүдийн “Давхар дээл”-ийг тайлах хуулийн үзэл санааг дэмжиж байгаа ч хэрэгжүүлэх хугацаан дээр санал зөрүүтэй байна. Таны хувьд ямар байр суурьтай байгаа бол?

-Эдийн засгийн хүндрэл бэрхшээл учирч байна. Улс төр, бизнесийн олигархиуд төрийн шийдвэрт нөлөөлж чадаж байгаа нь өнөөдөр бидний улс төрийн тогтолцооны гажиг юм. Ардчилсан нам Засгийн газраа байгуулаад багагүй хугацаа өнгөрлөө. Энэ хугацаанд эдийн засгийн хүндрэлээс гарч чадах боломж байсан. Бид төлөвлөсөн нүүрсний экспортоо хийж ч чадахгүй байна шүү дээ. Нүүрсний экспортыг 30 сая тоннд хүргэхийн тулд төмөр зам тавих ёстой. Нарийн царигийн төмөр зам, өргөн нарийн царигтай төмөр зам гээд геополитек яривал утгагүй асуудал. Хятадууд танк ачаад ороод ирнэ гэдэг. Одоо тэгж танктай манайх руу орж ирдэг үе өнгөрсөн. Дайн хийнэ гэвэл агаараар пуужин харвадаг. Орчин үеийн дайн тийм л болсон. Тэгэхээр бизнесийн бүлэглэлийн энэ өрсөлдөөнд төрийн шийдвэрт нөлөөлж сөрөг үр дүн гарч. Энэ бүгдийг яагаад яриад байна гэхээр “Давхар дээлтэй” холбох гэсэн юм. УИХ нь өөрөө Засгийн газраа хянаад явах ёстой. Бизнес хийж байгаад их хуралд орж ирсэн хүмүүс төрийг бизнесийн нүдээр хараад улсын шийдвэрт хориг саад тавиад байна. Нарийн царигтай төмөр замыг аль хэдийн тавьчих боломж байсан. Уг нь төмөр замаа барьчихсан бол ингэж эдийн засгийн хүндрэл гарахгүй байлаа. Одоо хариуцлагыг хэнд хүлээлгэх вэ гэдэг асуудал байна. Тиймээс “Давхар дээл”-ээ тайлаад явах ёстой. УИХ зөвхөн Засгийн газраа хянаж ажиллая. Засгийн газар УИХ-ын өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээд явах ёстой. Харин хэзээнээс хуулийг хэрэгжүүлэх вэ гэдэг нь чухал юм. Би даруй засаад явах нь зөв зүйтэй гэж бодож байна.

-“Урт нэртэй” хуулийн дагаж мөрдөх журамд өөрчлөлт оруулах асуудлыг УИХ-д өргөн барьсан. Гэвч төрийн бус байгууллагуудын эсэргүүцэлтэй тулгараад чимээгүй болчихлоо. Хэзээ хэлэлцэх вэ. Яг ямар өөрчлөлт орох юм бэ?

-Би энэ хуулийг санаачлагчдынх нь нэг. Хууль батлагдсанаас хойш ширгэсэн олон гол горхи дахин урсаад эхлэж байна. Хүний буруу гараар сүйдсэн байгаль дэлхийн шарх нь аниж эерэг үр дүн гарсан. Засгийн газар хуулиа хэрэгжүүлээд явах ёстой. Дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах гол шаардлага нь дутуу орхисон байгаа ордуудыг гүйцэт ухаж, эргээд тухайн компаниар нь нөхөн сэргээлт хийлгэе гэсэн санаа. Би энэ тал дээр өөр бодолтой байдаг. Заавал ногоон бүсэд уул уурхайн үйл ажиллагаа явуулах онц шаардлага байна уу. Ногоон бүсэд хамаарахгүй говийн бүсэд хайгуул хийж, алтны ордоо нээгээд тэндээ алтны олборлолтоо явуулаач гэж хэлмээр байна.

-Хуулийн дагаж мөрдөх журамд өөрчлөлт орохтой холбоотойгоор Ц.Мөнхбаяр нарын хүмүүс зэвсэг барьж эсэргүүцэл илэрхийлсэн. Түүнээсээ болоод 22 жилийн хорих ял сонслоо. Байгалиа хамгаалах гэсэн иргэдэд төр хатуурхлаа гэсэн шүүмжлэл байна? Та тэднийг дэмжиж ирсэн хүний хувьд ямар бодолтой байна?

-Байгаль орчныг хамгаалах тал дээр хамтарч дуу хоолойгоо өргөж явсан. Тэд шаардлагатай үед дуу хоолой болдог байсан байгаль хамгаалагчид. Өнөөдөр шүүхээс 22 жилийн хорих ял оноолоо. Шийтгэлийн чанга, зөөлнийг би яриад хэрэггүй. Шүүхийн байгууллагын мэдэх асуудал. Тэдэнд зэвсэг бариад монгол хүнийхээ цусыг урсгах бодол байхгүй байсан болов уу. Нөгөө талаар тэмцлийн хэлбэрийг буруу байдлаар илэрхийлсэн. Төрийн ордон руу нум сумаар харвасан. Галт зэвсэг барьж хувийн өмчид халдсан. Дараа нь гэгээн цагаан өдөр буун дуу гаргалаа. Бид хэдий ардчилсан тогтолцоотой улс орон ч зэвсэг барьсан ийм тэмцлээс хол байх ёстой.

-Оюутолгойн хоёрдугаар шатны хөрөнгө оруулалтын хэлэлцээрийн явц ямар байгаа бол. УИХ-ын гишүүний хувьд энэ талаар мэдээлэл авсан зүйл байна уу?

-Оюутолгойн хэлэлцээр үргэлжилж байгаа. Ер нь төр өөрсдөө татвараа сайн авах ёстой. Төр хэтэрхий бизнест хутгалдаж ороод байна. Дандаа авлига хээл хахуулийн хэрэгт холбогдож байна. Ер нь уул уурхай гэлтгүй төр бизнесээс хөндий баймаар байна. Татварын ойлгомжтой бодлого явуулаад татвараа авах ёстой. Иймээс Монгол Улс Оюутолгойд эзэмшиж байгаа 34 хувиа дотоодынхоо хөрөнгийн биржээр дамжуулаад зарах нь зөв. Энэ оновчтой шийдвэр байх шүү. Гэрээ хийчихээд түүнээсээ ухарч буцаад байхаар дэлхийд монголчуудын нэр хүнд муудлаа. Тохирч болдоггүй, гэрээ өөрчилдөг найдваргүй хүмүүс гэсэн ойлголт өгч байна.

-Тамхины тухай хуулийн хэрэгжилтэд хэрхэн анхаарч байна вэ. Хуулийн хэрэгжилт тааруу байгаа нь хэн бүхэнд ил байна. Хүмүүс хаа сайгүй тамхи зарж, хэрэглэсээр л байна?

-Тамхины тухай хууль сайн болсон. Дэлхий эрүүл мэндийн байгууллага энэ хуулийг сайшааж байгаа. Одоо гол нь хуулийг хэрэгжүүлэх, ухуулга сурталчилгаа зайлшгүй шаардлагатай. Үүнд Эрүүл мэндийн яам анхаарч хөрөнгө мөнгө зарцуулах хэрэгтэй юм. Хуулийг хэрэгжүүлэх, тамхинаас татгалзахын эерэг талыг олон нийтэд сайн сурталчлах хэрэгтэй юм. Уушигны хавдрын 90 хувь нь тамхи татсантай холбоотой байдаг. Энэ хууль хэрэгжээд таван жилийн дараа уушигны хавдар хэр зэрэг буурсан байна гэдэг нь тодорхой болно. Зарим ухамсар тааруу хүмүүс хэрэгжүүлэхгүй байгаа болохоос биш хууль хэрэгжээд явж байгаа.

-Газрын тухай хуулийн төслийг намрын чуулганаар яагаад хэлэлцсэнгүй вэ. Хаврын чуулганаар энэ хуулийг хэлэлдэх үү?

-Газрын тухай багц хуулийн төслийг намрын чуулганаар хэлэлцэх асуудлын дараалалд оруулсан байсан ч хэлэлцэх асуудал ихтэй учраас ажлын хэсэг үргэлжлүүлж ажиллах шаардлагатай байгаа. Иймээс намрын чуулганы завсарлагааны хугацаанд байнгын хороо Газрын тухай багц хуулийг хэлэлцээд явна.

-Засгийн газар байгуулагдаад бараг хоёр жил болж байна. Бүрэн эрхээ хэрэгжүүлэх хугацааны тал хувь нь өнгөрлөө. Засгийн газарт та сэтгэл хангалуун байна уу. Ямар дүн тавих вэ?

-Засгийн газар хийх ёстой ажлуудаа хийгээд явж байна. Гэхдээ хамгийн гол нь эдийн засагт түлхэц болж чадах том мега төслүүдийн ажил хэр байна вэ гэдгийг харах ёстой. Тавдугаар цахилгаан станц, төмөр замын ажил эхэлсэн юм алга байна. Зэс хайлуулах үйлдвэрийн ажил ч гарт баригдах юм байхгүй. Шинэчлэлийн Засгийн газрын үед эхлүүлсэн том төсөл энэ шүү гээд хэлэхэд маруухан байна гэж хэлмээр байна.

-Намтай холбоотой асуулт тавья. Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хорооны ротацийн сонгууль болох уу? ҮЗХ-ны ээлжит сонгууль болох ёстой ч товлогдохгүй байгаа гэж шүүмжилдэг?

-Манай нам дэндүү босоо удирдлагатай, намын даргын хүсэлтээр хэдэн хүн цуглаж хуралддаг болчихоод байна. Нам амьд байх ёстой. Үндэсний зөвлөлдөх хороо, Гүйцэтгэх зөвлөл байнга хуралдаж байх ёстой юм. Мөн ротацийн сонгуулиа байнга хийж байх ёстой. Ер нь Ардчилсан нам дотроо идээ бээр нь бугалчихаад байна. Нам цус сэлбэх хэрэгтэй. Бүгдээрээ албан тушаалаар холбогдлоо. Ардчилсан намыг их мөрөн гэж зүйрлэвэл тэр их мөрний ус нь боогдоод урсахаа болчихоод байна.

-Ярилцсанд баярлалаа.

 

©Т.АМАРТҮВШИН