Нэг танил хэрнээ үгүйс­гэмээр ч юм шиг дүгнэлт бий. Иргэн бүрт мэдрэгдээд, нүдэнд харагдаад байгааг нь бодохоор үнэн юм шиг.

Бодлого гаргах түвшинд огт анхаарахгүй байгааг  нь харахаар худлаа ч юм шиг санагддаг. Тэр нь “Архи, согтууруулах төрлийн бүтээг­дэхүүний зохисгүй хэрэглээ хэрээс хэтэрч байгаа” гэсэн сүүлийн 10, бүр цаашлаад 20 жилийн өмнөөс өдийг хүртэл иргэдийн дунд явж ирсэн дүгнэлт. Судалгаагаар нотлогдоод байгаа хэрнээ асуудал болгох гэхээр ахиж өгдөггүй. Энэ талаар ярьдаг хүмүүс бол бий. Харин мөнөөх санаачилга нь эсэргүүцэлтэй тулгараад, дэмжлэг авалгүй явсаар байгаад замхардаг тийм л жишиг байдаг гэх үү дээ. Гэхдээ сүүлийн үед үүнийг “УИХ-д “архичин” гишүүн олон байдаг болохоор” гэдгээр тайлбарлах нь олонтаа болж. Тэд цаанаа юу ярьж, хэнийхээ бизнесийг хэн нь өмгөөлдөг юм бүү мэд. Эсвэл архидалт асуудал болгох хэмжээнд хүрээгүй гэж үздэг ч байж болох. Ямар ч байсан бид одоо архи ууя гэвэл гудамжны үзүүрийн эсвэл байрныхаа доод талд байрлах дэлгүүрээс аваад чөлөөтэй ууж болно. Хүүхдүүдээ архинд гүйлгэж болно. Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид нь ч бөөнөөрөө архидан согтуурч болох тийм л нийгэмд амьдарч байна.

УИХ-ын гишүүдийн дунд архины үйлдвэртэй нэгэн байхад архи, согтууруулах ундааны төрлийн бүтээгдэхүүнийг импортолдог, өөрийн сүлжээ дэлгүүрүүдээр борлуулдаг, баар, цэнгээний газар ажиллуулдаг нь ч байна. Архийг эсэргүүцэгчдийн хэлж байгаагаар нийгмийг архидалтаас гаргах бодлого тэдний эрх ашгаар хязгаарлагддаг. Энэ нь Архины тухай хуулийг шинэчлэхээс татгалзах, хэлэлцүүлэхгүй байх гэх мэт үзэгдлээр илэрдэг бололтой. Зарим шинж тэмдэг нь архийг хазаарлахаар өргөн барьсан хуулийн төслүүдийг огт хэлэлцүүлэхгүй замхруулах хэв шинжээр илэрдэг.

Ямартай ч одоо УИХ-д сууж байгаа эрхмүүдээс архиар дагнасан гэж хэлж болох томоохон үйлдвэртэй эрхэм нь Г.Батхүү гишүүн. Тэрбээр жил жилийн парламентаар архины асуудал хөндөхөд чимээгүйхэн сууж байдаг нэгэн. Ардчилсан намд нөлөө ихтэй. Тийм ч учраас түүний талаар архины хэрэглээ, үйлдвэрлэлийг хязгаарлах асуудлыг өөрийн эрх ашгаар лоббиддог гэх яриа олны дунд байдаг юм. Тэрбээр “АПУ”-гаас гадна “Улаанбаатар спирт” гэх компанитай.

Энэ парламентад шинээр орж ирсэн архины үйлдвэртэй хүн бол УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан. Г.Батхүү гишүүн шиг архины үйлдвэрийн шууд эзэн биш боловч түүний тэргүүн дэд ерөнхийлөгчөөр нь ажиллаж байсан “МCS” группийн охин компани “Спирт бал бурам” Монголын архины зах зээлийн чамгүй хувийг дангаараа эзэлдэг юм. Түүнийг УИХ-д гарсны дараахан “УИХ хоёр архи үйлдвэрлэгчтэй болсон” гэлцэж байлаа. УИХ дахь архитай нэр холбогдсон гишүүдийн нэрс үүгээр дуусахгүй. УИХ-ын гишүүн, Уул уурхайн сайд Д.Ганхуяг байна. Тэрбээр “Эвридэй” сүлжээ дэлгүүрүүдээрээ архи, согтууруулах ундааны төрлийн бүтээгдэхүүнийг худалдаалан борлуулдаг. Мөн сүүлийн үед өөрийн мэдлийн “Сансар бридж” компаниараа дамжуулах Япон гэх мэт улсуудаас шинэ төрлийн архи оруулж ирэн борлуулах болсон. Борлуулалт нь ч сайн байгаа юм байх. Түүнчлэн УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд М.Сономпил согтууруулах ундааны бизнестэй гишүүдийн тоонд зүй ёсоор орно. “Шударга ёс” эвслээс сонгогдож сайдын суудалд суусан түүний хувьд “Залуу монгол” корпорацийн эзэн бөгөөд “Чингис” сүлжээ ресторан болон шар айрагны бизнестэй. Бусдыгаа бодвол өндөр градустай архи үйлдвэрлэж, оруулж ирдэггүй ч согтууруулах ундаатай яалт ч үгүй амьдралаа холбосон нь энэ.

Тэднээс гадна УИХ-ын гишүүн Сү.Батболд “Скай” сүлжээ дэлгүүрээрээ архи, согтууруулах төрлийн ундаа борлуулдаг, Р.Амаржаргалын мэдлийн “Хишиг уул” төв дэргэдээ баар, ресторантай, УИХ дахь Ардын намын бүлгийн дарга С.Бямбацогт “АПУ” компанийн цөөн хэдэн хувьцаа эзэмшдэг, Б.Наранхүү гишүүн “Дүнжингарав” худалдааны төвдөө архины бөөний цэгтэй, Ц.Баярсайхан гишүүн Өмнөговь аймагт хүнс, архи, согтууруулах ундааны үйлдвэрлэл, бөөний худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Говийн өндөр” гэх компанитай, Б.Чойжилсүрэн гишүүн хүнсний импорт, бөөний худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Хурд хүнс” нэртэй охин компанитай гээд олон жишээ дурьдаж болно. Ерөнхий сайд Н.Алтанхуягийн ах дүүс хүртэл Их, дээд сургуулиудын дэргэд пиво баартай гэгддэг. Мэдэгдэж байгаа нь энэ боловч УИХ-ын зарим гишүүн Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн талаар санал бодлоо илэрхийлэх үедээ “Өөрсдөө архины үйлдвэртэй, гаднаас оруулж ирдэг гишүүдээс гадна сонгуулийн үеэр архины компанийн эздээс дэмжлэг авсан гишүүд бий” гэж хэдэнтээ хэлж байсныг санах хэрэгтэй.

Нэг ёсондоо Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийг өөрчлөн шинэчилж, архины хяналтыг чангатган, хэрэглээг бууруулах асуудал тэднээс болж хэрэгжихгүй, бодлогын төвшинд яригдахгүй байгаа гэх. Үнэндээ ашиг сонирхлын зөрчил байхад яаж ч хэрэгжих билээ. Гэсэн ч одоогоор УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн төсөл санаачилснаа танилцуулаад байна. Олон нийтийн дунд ч хэлэлцүүлээд амжсан. Хуулийн төсөлд одоо 300 хүн тутамд нэг ногдож байгаа архи борлуулах цэгүүдийг багасгах асуудлыг тусгасан. Тодруулбал, 5000 хүн тутамд нэг архи борлуулах тусгай цэг байгуулах талаар ярьж байгаа. Ингэвэл захын нэг дэлгүүр архи зарж чадахаа больж, хэрэглээ нь тэр хэрээр хязгаарлагдана гэсэн үг. Мөн тухайн цэг нь гаднаа камертай байх бөгөөд тэр нь хамгийн ойрын цагдаагийн хэлтэстэй холбогдохоор хуулийн төсөлд тусгаж өгчээ. Хэрвээ архи борлуулах цэг 21 нас хүрээгүй үйлчилсэн бол дахин авах эрхийг нь цуцална гээд олон чухал заалт байгаа аж. Дашрамд дурьдахад, одоо нийслэлд 3400 орчим цэгээр архи борлуулж байгаа. Мөн өнгөрсөн оны аравдугаар сарын байдлаар спиртийн үйлдвэрлэл 3.8, архины үйлдвэрлэл 1.2 дахин  буурсан гэсэн мэдээ бий. Хэдиййгээр улсын хэмжээнд архины үйлдвэрлэлийн тоо буурч байгаа боловч импорт  1.2 дахин өсч “дүндээ дүн” гэдэг нь болсон байна. Харин одоо шинээр боловсруулсан Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийг “архичин” гишүүдийн лоббид автчихгүй бол хүлээх зүйл их байна.

 

©Т.УРАНГЭРЭЛ