АН-ынханд өгч буй Н.Энхбаярын анхааруулга
2014/02/13
УИХ-ын хаврын чуулганаар Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ. Үүнтэй холбоотойгоор "дан дээл"-тэй дараагийн Засгийн газрыг хэрхэн бүрдүүлэх вэ гэсэн асуудал АН-ын удирдлагуудын толгойны өвчин болоод байна.
МАХН, МҮАН-ын "Шударга ёс" эвсэлтэй хамтрана, чингэхдээ Н.Алтанхуягийг хэвээр үлдээнэ гэх тохироо эхний байдлаар хийгдсэн ч энэ нь АН-ын зарим лидерүүдэд таалагдахгүй байгаа аж.
Учир нь энэ тохироо ёсоор Н.Энхбаяр шадар сайд болж, М.Энхсайханд ганц сайдын суудал өгөхийг эс тооцвол бусад эвсэлд оногдсон бүх сайдын суудалд МАХН-ын дарга өөрийн гарын хүмүүсээ тавихаар болоод байгаа гэнэ.
Гэтэл Н.Энхбаярыг ингэж даврааж болохгүй гэсэн хандлага АН-ынханд их байгаа аж.
Иймээс л Н.Энхбаяр өөрийн намын УИХ-ын гишүүд, улс төрчдөөр АН-ыг илт шахсан мэдэгдэл хийлгэх болжээ.
МАХН, эвсэлтэй хамтарсан учраас л АН олонхи гэгдэх болсон, хэрэв бидний саналыг хүлээж авахгүй бол олонхийг өөр байдлаар ч бүрдүүлж болно гэсэн анхааруулга маягийн доорхи яриануудын эзэн нь Н.Энхбаяр гэдэг нь тодорхой.
Жишээлбэл:
Л.Цог : "Бид улс төрийн ой санамжгүй байж болохгүй. Хоёрхон жилийн өмнө болсон сонгуулийн үр дүнг нь Монголын ард түмэн мэднэ. Үндсэн хуульд заасанчлан аль ч нам нь дангаараа олонхи болоогүй. Энэ нөхцөлд манай эвсэлтэй Засгийн газрыг хамтран байгуулсан. Ийм байхад хүн хуурч байгаа юм шиг саяхан Говь-Алтайн дахин сонгуулийн үеэр “АН бол олонхи шүү. Олонхи болсон манай намд саналаа өгөхгүй бол бодлого явахгүй” гэж сонгогчдыг тархийг угаасан. Ийм байж таарахгүй. Эрээ цээргүй асуудал юм. Ер нь олонхийн гаргаж байгаа шийдвэр Монголын язгуур эрх ашгийн эсрэг байвал бид хүлээн зөвшөөрөөд суухгүй."
О.Баасанхүү :"Хэрвээ АН-ын дарга "Шударга ёс" эвслийнхэнтэй асуудлаа сайн ярихгүй бол цаашдаа байдал сайнгүй л байх болов уу. Яагаад гэвэл хамтарсан Засаг байгуулсан бол хамтарч бодлогоо хэрэгжүүлж, хамтарч мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлж, гавьяа байвал хамтдаа гай байвал хамтдаа үүрэх ёстой. Хөтөлгөө морьтой явчихаад нэг морио хаяж давхиад хол явахгүй. хэрэггүй. Эцэж бахардана шүү дээ, хаврын чуулганаар хэлэлцэх асуудал УИХ дээр унасан нь үүнтэй л холбоотой. Ардын нам бол цуцаж унахыг хүлээж байгаа. Би бол тэгж л харж байна."
УИХ-ын гишүүн Ц.Оюунбаатар :“Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд УИХ –ын гишүүд, тэр дундаа эвсч ажиллаж байгаа хүмүүсийнхээ үгийг сонсохгүй байна. Засгийн газартай холбоотой шүүмжлэл “Шударга ёс” эвслийн бүлэг дотор нэлээд өрнөж байгаа. Энэ асуудал ноцтой үр дагаварт ч хүрч мэднэ. Ерөнхий сайд үүн дээр бодитой дүгнэлт хийхгүй бол Засгийн газрын хувь заяатай холбоотой асуудал хөндөгдөхийг үгүйсгэхгүй”
Г.Шийлэгдамба :"АН-тай хэлэлцэж тохирсон зүйлүүд хэрэгжихгүй байна. Үүн дээр манай намынхны зүгээс сэтгэл дундуур байгаа. Нэгэнт хамтарч ажиллаж байгаа учраас улстөрийн соёл байх ёстой. Ер нь АН болон “Шударга ёс” эвслийн хамтын ажиллагаа үр дүнтэй, тогтвортой байхын төлөө өнөөдрийг хүртэл ажиллаж ирлээ.Тиймээс манай намын зүгээс зохих түвшинд гаргаж тавих асуудал байна. Үлдэж байгаа цаг хугацаанд зөвхөн Засгийн газарт ажиллахын төлөө зүтгэхээс илүү МАХН-ын гишүүд, Монголын ард түмний эрх ашгийн төлөө ажиллах нь чухал юм."
гэх мэт.
Хачирхалтай нь Н.Энхбаярын шахаа, анхааруулга идэвхжих тусам МАН-тай хамтран Засгийн газрыг байгуулах тухай яриа АН-ын удирдлагуудын түвшинд байн байн гарах болжээ.
М.Гал