Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийг УИХ ирэх хаврын чуулганаар хэлэлцэнэ.
Төслийг дэмжих нь ч тодорхой болоод байгаа гэх бөгөөд өдгөө "дан дээлтэй" Засгийн газрыг хэрхэн байгуулах тухай асуудал АН-ын удирдлагуудын өмнө тулгамдаад буй.
Олонд мэдэгдэж эхэлснээр МАХН, МҮАН-ын "Шударга ёс" эвсэлтэй үргэлжлүүлэн, хамтарч шадар сайдаар Н.Энхбаяр ажиллах яриа хамгийн хүчтэй байгаа.
Гэхдээ шадар сайдын суудлаас гадна гол гол яамдыг нэхэж, тэдгээрийнхээ сайдаар зөвхөн өөрийн "гарын хүмүүс"-ийг тавина хэмээн шахаж буйд АН-ын зарим лидерүүд таатай бус байгаа.


Тиймээс ч дахин МАН-АН үүсгэж, Т.Бадамжунайг шадар сайд болгох хэлэлцээр  явагдаж эхэлсэн байна.
Харин энэ нь Н.Энхбаярын хилэнг хөдөлгөсөн бололтой Т.Бадамжунайгийн бүх булхайг сөхөх кампанит ажил өрнүүлж эхэлжээ.
"ТВ-9" телевиз,"Зууны мэдээ" сониноор Т.Бадамжунайн луйврын тухай материалууд ч хэдийн гарч эхэлсэн билээ.
Хачирхалтай нь УИХ-ын гишүүн Д.Арвины өгүүлж буйгаар Т.Бадамжунай, Н.Энхбаяр тун ойрын хамаатнууд гэх бөгөөд анх Н.Энхбаяр  Т.Бадамжунайг улс төрд оруулж ирсэн юм.
Ийнхүү  нэгнээ улс төрд гаргаж ирсэн ч өдгөө зам нь салсан "хамаатнуудын" аль нэг нь дараагийн Засгийн газарт Шадар сайд болох бололтой.

М.Гал