Нийслэлийн MAH-д “Цэвэр” дарга авна
2014/02/16
Ц.Сандуй сагсуураад сүйд. Учир нь түүний ард аккумлятор байгаа учраас албан тушаалаа алдана гэж айхгүй байгаа бололтой. Шалтгаан нь олон хүн түүнийг М.Энхболд, Т.Бадамжунай, Г.Мөнхбаяр нараар хардаг.
Түүнээс биш намын гишүүд дэмжигчиддээ ч танигдаагүй нэгэн. Харин гантиг ордонд М.Энхболд чимээгүйхэн уйлж сууна. Сул талаа өрсөлдөгчдөө атгуулчихсан тул арга мухардсан хэрэг. Үнэндээ нийслэлийн намын хорооны даргыг шинэчилнэ гэх шуум У.Хүрэлсүх, С.Батболд нараас эхлэлтэй гэдэг. “Хотын фракц”-д хамаг хоолоо алдсан тэд ганц албыг гартаа оруулах гэсэн нь тэр байж. Тиймдээ ч УИХ-ын гишүүн Д.Сумьяабазарыг Төрийн ордноос түлхүүрдэж сууна.
Улс төрийн энэхүү өндөр албыг ах намын хүчтэй лидерүүд хашиж байсан түүхтэй. Харин энэ удаад сураггүй эрхэм суучихсан нь 40 мянгатын Ц.Сандуй. Орост эдийн засгийн байдал хүндэрч, мөнгө төгрөг олдохгүй, хүнс хоол болон бараа бүтээгдэхүүний хомсдол бий болсон үед оюутан байсан нэгэн. Тухайн үед шинэ Орос улс байгуулагдаж, коммунист нам хаагдаж байхыг хоёр нүдээрээ үзсэн гэж байгаа. Хачирхалтай нь, түүнийг сургуулиа төгсөж ирдэг хавар Монгол Улс зах зээлд шилжиж, өмч хувьчлалын асуудал ид явагдаж, цэнхэр ягаан тасалбарууд яригдаж байж. Улс төрийн байдал ч өөрчлөгдөж, МАН /хуучнаар МАХН/-ын их ялагдлын үе таарчээ. 1996 он бол ах намын түүхэнд хараар тэмдэглэгдсэн өдөр мань хүн улс төрд “хүчин зүтгэж” байлаа. Хэдийгээр намд элсэж, намба суугаагүй байсан ч ухуулах хуудас тарааж, аавынхаа кампанит ажилд тусалж байсан гэдэг.
Улмаар монголчууд газрын тухай ойлголт дутмаг байхад газрын албанд мэргэжилтнээр ажиллаж эхэлжээ. Удалгүй МАН олонх болж, олбог дээр тухлахад Нийслэлийн газрын албаны даргын сэнтийд зайдагнах болсон намтартай. Газрын үнэ цэнийг мэддэггүй байсан монголчуудад мэдрүүлж чадсан хүн дээ гэж зарим нэг нь тодотгодог л юм. Юутай ч газар олгогдож байж газрын эрэлт хэрэгцээ үүсч, үнэ цэнэ нь өснө гэх бодолтой явдаг гэлцдэг.
М.Энхболдыг нийслэлийн намын хорооны даргаар ажиллаж байхад батлахаа өвөртөлсөн тэрбээр намын даргатайгаа адилхан гуншигтай. Хэдийгээр хуулийн байгууллагаар шалгагдаж, тогтоогдоогүй ч “газрын наймаачин” цолтой. Хотын төвийн бүхий л үнэ цэнэтэй газруудыг худалдсан гэх мань хоёр эрхмээс холддоггүй. Тийм атлаа хуулийн байгууллагаар шалгагдаж, тогтоогдсон нь үгүй. Тодруулбал, түүний мэдэлд “Metro Mall”, “Бизнес центр”, Замын цагдаагийн ойролцоох өндөр тансаг шилэн барилгууд хамаарагддагаас гадна уул уурхайн бизнест ч хоосонгүй их хэмжээний хөрөнгө эргэлдүүлдэг гэх юм билээ. Ямартаа л, хотын даргын их цэвэрлэгээнд хамрагдаж, хуулийн байгууллагад нэр нь хүргэгдсэн гэдэг. Гэхдээ цэвэрхэн мултарч чадсан бололтой хэрэг явдал замхарсан.
“Хотын бүлэг”-ийн нэрээр хол явж байгаа энэ нөхрийг нийслэлийн намын хорооны дарга болгохын тулд УИХ-ын гишүүн асан Ц.Батбаярыг “аниж” билээ. Нийслэлийг олон жилийн турш эзэрхийлж байгаа энэ бүлгийнхнийг залгамжлах, тэднийг хоолтой байлгах хүндхэн үүргийг Ц.Сандуй хүлээн авсан нь тэр. Гол нь 16 жилийн дараа МАН ялагдахад Ц.Сандуй нийслэлийг удирдаж байлаа. Яг л шинэ Орос улс байгуулагдаж, коммунист нам хаагдаж байхыг хоёр нүдээрээ үзсэн шиг шинэчлэлийн Засгийн газар байгуулагдаж, МАН хамраараа шороо үмхэхийг тэр нүдээрээ харлаа. Хачин бөгөөд ховорхон хувь тавилан шүү.
Юутай ч өнөөдөр МАН-д хөөсөрсөн, ах нарын суга бараадсан, эсвэл Монголын хөрснөөс тасарчихсан өв залгамжлагч нар олширсон байдал ажиглагдаж байна. Бас муу нэртэй, луу данстай хүмүүсийн цугларалт явагдах хандлага бий боллоо. Өмнөх удирдлагууд нь хуйгаараа хамаг юмаа хамаад явсан. Харин “Хотын фракц” гантиг ордныг дүүргэж байгаа ч, өрсөлдөгчид нь тэднийг хайрч, хавсайдах үг хэтэрхий олонтаа харагдана. 2016 он хаяанд ирсэн энэ үед хар мөртэй хүмүүсийг хаяандаа байлгах нь халгаатай мэт. Тэглээ гээд Ардчилсан намын гишүүн дүүтэйгээ хэтэвч нэгтэй нөхөрт нийслэлийн намын хороогоо атгуулчихалтай ч биш.
©Л.НИНЖСЭМЖИД
Зочин · 2014/02/17
Ardiin nam MANDTUGAI