УИХ-ын Тамгын газраас намрын чуулганы хугацаанд гишүүд УИХ-ын чуулганы хуралдаандаа хэр идэвхтэй оролцсон талаарх мэдээллийг хүснэгтлэн гаргажээ. 

Тодруулбал, УИХ-ын гишүүд хэдэн удаа хурлаа тасалсан, хэдэн удаа чөлөөтэй, өвчтэй байсан зэргээр нарийн гаргасан гэсэн үг.  Энэ нь мэдээж УИХ-ын гишүүдийг ажил албандаа хэр хандаж байгааг илтгэнэ.  Намрын чуулганы хугацаанд нэгдсэн хуралдаан 37 удаа хуралджээ. Ирцийн журналд тэмдэглэснээр УИХ-ын гишүүн С.Ганбаатар хамгийн идэвхтэй суусан байна.  Мөн түүний араас УИХ-ын гишүүн Ц.Нямдорж 35 удаа хуралд сууснаар аман хүзүүдэж байгаа юм.  Мөн гишүүн Д.Гарамгайбаатар,  С.Дэмбэрэл, С.Одонтуяа нар 34 удаагийн хуралд сууж нэлээн дээгүүрт бичигдсэн байна.  УИХ-ын чуулгандаа сууддаггүй хэмээн Засгийн газрын гишүүдийг үргэлж шүүмжилдэг.  Тэгвэл Засгийн газрын гишүүдээс хамгийн их УИХ-ын чуулганы хуралдаандаа сууж, асуудалд идэвхтэй оролцсон сайд бол Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан. Тэрбээр гишүүдээс дутахааргүй 34 удаа чуулганы хуралдаандаа суужээ.  УИХ-ын Тамгын газраас гаргасан дээрх хүснэгтэд хамгийн олон удаа “хичээлээ тасалсан” гишүүнээр УИХ-ын гишүүн, Үйлдвэр хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга тодорчээ.  Тэрбээр 37 удаагийн хуралдааны зөвхөн 9-т суусан бөгөөд гурван удаа гадаадад томилолттой, нэг удаа чөлөө авсан байна.  Ерөнхийд нь бусад хуралдааныг нь тасалсан гэсэн үг.  Харин Засгийн газрын тэргүүн Н.Алтанхуяг 17 удаа чуулганы хуралдаанд оролцжээ.

Д.Ангараг
 

УЛСЫН ИХ ХУРЛЫН 2013 ОНЫ НАМРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАНЫ
НЭГДСЭН ХУРАЛДААНЫ ИРЦИЙН МЭДЭЭ