ВАШИНГТОН. /ТАСС/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун нарын уулзалт ирэх сарын сүүлчээр болно гэж Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга Сара Сандерс өнгөрсөн баасан гарагт мэдэгджээ. Д.Трампын Солонгосын Хөдөлмөрийн намын Төв хорооны нэгдсэн фронтын эрхлэгч Ким Ён Чольтой хийсэн яриа хэлэлцээний дүнд тэрбээр ийнхүү мэдэгдсэн байна. Дээд хэмжээний уулзалт хаана болох талаар хожим зарлах аж.

“Д.Трамп, Ким Ён Чоль нарын уулзалт 1 цаг 30 минут үргэлжилсэн. Талууд Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах асуудал хийгээд, хоёр улсын удирдагчдын хоёр дахь дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулах асуудлыг хэлэлцсэн. Ерөнхийлөгч Д.Трамп БНАСАУ-ын удирдагчтай уулзахыг тэсэн ядан хүлээж байна” хэмээн тэрбээр хэлжээ.  

Хоёр улсын удирдагчдын хоёр дахь дээд хэмжээний уулзалт болох хамгийн өндөр магадлалтай газраар 2017 онд Ази Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны дээд хэмжээний уулзалт болсон Вьетнамын Дананг хотыг нэрлээд байгаа юм.

АНУ, БНАСАУ-ын удирдагчдын түүхэн дэх анхны дээд хэмжээний уулзалт Сингапурт өнгөрсөн оны 6 дугаар сарын 12-нд болсон билээ.

 

 

Э.Аянзаяа

Эх сурвалж: Монцамэ агентлаг