Цагдан хорих 461 дүгээр ангид амиа алдсан хуульч Л.Бямбаагийн хэрэгтэй холбогдуулан ЦЕГ-ын Мөрдөн байцаах албанаас мэдээлэл хийлээ.

Мөрдөн байцаах албаны дэд дарга, цагдаагийн хурандаа С.Буянжаргал, цагдаагийн хурандаа Т.Баатар нар мэдээлэл өгөв.

Дэд дарга С.Буянжаргал “ 2019 оны 02 дугаар сарын 24-ны 00.10 цагт цагдаагийн утсанд Цагдан хорих 461 дүгээр ангид баривчлагдсан байсан 67 настай эмэгтэй Л.Бямбаа нас барсан гэх мэдээлэл ирсэн бөгөөд хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжилж байна. Энэ хэрэгт хамтарсан ажлын хэсэг гарч хэргийн мөрдөн байцаалтын ажиллагааг явуулж байна” гэв.

Хурандаа Т.Баатар “Л.Бямбаа нас барсан хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжилж байна. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр талийгаачийг гадны нөлөөтэй, захиалгаар амь насаа алдсан гэж мэдээлж байна. Хэрэгт эд мөрийн баримтаар камерийн бичлэгүүдийг хураан авч үзлэг шалгалт хийж байна. Хэргийн газраас хурааж авсан эд зүйлс, үхлийн шалтгаан нөхцлийг тогтоохоор Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд шинжилгээ хийлгэхээр шинжээч томилсон ажиллаж байна. Одоогоор дүгнэлт гараагүй байна. Хэргийн газраас гэрээсэл хурааж авсан. Камерийн бичлэг гадуур алдагдсан зүйл байхгүй” гэв.

Түүнчлэн АТГ-ын алба хаагчдаас эрүүдэн шүүсэн, хууль зөрчсөн мөн шүүхийн шийдвэрийн гүйцэтгэх газрын алба хаагчид хариуцлага алдсан эсэхэд шалгалт хийж байгаа гэлээ.

Прокурорын байгууллагаас зөвшөөрсөн хэмжээнд мэдээлэл өгөхөөс дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй гэдгээ хэллээ.