Б.Баяртсайхан: “Гөлөг” дуугаа үзэгчдэдээ хүргэхэд социализмын үе байсан болохоор их сонин хүлээж авсан
2014/02/23
Дуунд дуртай ард түмэн бид "Брэнд" дуу гэгдэг "Хос залуус", " Шар цэцэг" зэрэг дуунуудыг дуулж, бүжиглэж, доргих дуртай билээ. Тэгвэл уншигч та бүхнийгээ энэ удаад "Харш" хамтлагийн дуучин, хөгжимчин, МУ-ын хөдөлмөрийн гавьяаны улаан тугын одонгоор энгэрээ мялаагаад удаагүй байгаа нэгэн эрхэм хүнтэй уулзахуулах гэж байгаадаа баяртай байна. Энэ хүндтэй зочин бол урлагт 35 жил зүтгэж өнөөг хүртэл уран бүтээлээ туурвисаар байгаа Дуучин Б.Баяртсайхан юм.
-Юуны өмнө танд энэ өдрийн мэнд хүргэе.
-За баярлалаа. Өөрт чинь болон танай сайтын уншигчдадаа ч энэ өдрийн мэндийг хүргэе.
-Та өөрийгөө товч танилцуулбал?
-Би 1988 оноос хойш өнөөг хүртэл уран бүтээлээ туурвиж явна. 1988 он гэдэг маань би “Харш” хамтлагийн дуучин, хөгжим чинь болж тус хамтлагтай холбогдсон үе. Үүнээс өмнө бол 1980 оноос хойш “Цэргийн оч”, “Цэргийн залуус” хамтлагуудад уран бүтээлээ хийж байсан. Мөн Дархан-Уул аймгийн “Од”, “Залуус”, “Маск”, “Аялгуу” зэрэг хамтлагуудыг үүсгэн байгуулж явлаа.
-Таныг урлагт хөл тавихад хэн нөлөөлөв. Анхны уран бүтээл?
-Би тавдугаар ангиасаа эхлэн урлагаар хүмүүжиж эхэлсэн. Миний ээж урлагийн хүн байсан. Ховд аймгийн хөгжимт драмын театрт шанзны Бадам гэж сайхан уран бүтээлч хүн байж байгаад өнгөрсөн юм. Тавдугаар ангидаа би ёочин хөгжим тоглож эхэлсэн л дээ. Мөн ах нарыгаа хараад банзан гитар сурсан үүнээс хойш эстрад дууны чиглэлээр өөрийгөө хөгжүүлж эхэлсэн.
-Анх ямар дууг үзэгчдийн хүртээл болгож байв. Сонсогчид яаж хүлээж авсан бэ?
-Олон дуу бий.
...Сэгсгэр үстэй миний бяцхан гөлөг
Сэмхэн гараад явсныг би мэдсэнгүй ээ... гээд “Гөлөг” дуугаа социализмын үе байсан. Ардчилал эхлэх гэж байсан юм. Тухайн үед энэ дууг дуулахад их сонирхож хүлээж авсан л даа. Дараа нь “Нууцхан сэтгэл” гэх дуугаа анхны мисс Биндэрьяатай хамт клип хийлгэж олонд цацсан. Тэр үеийн клип гэж юу байхав камераар зураг аваад л болчихдог байсан юм. Эдгээр уран бүтээлүүдийн араас маш олон дуугаа сонсогчдын хүртээл болгосон. Тухайлбал, “Хос залуус”, “Шар цэцэг”, “Чамдаа зориулья”, “Холын холд” зэрэг дуунууд бий. Ард түмний хэллэгээр бол “Брэнд” болсон сайхан дуунуудыг манай хамтлаг дуулсан. Одоогийн залуу уран бүтээлчид ч дуулсаар байгаа.
-“Хос залуус”, “Шар цэцэг” зэрэг дуу өнөөгийн залуусын сонсох дуртай дуунуудын нэг. Эдгээр дууны төрсөн түүхийг өгүүлбэл?
-“Шар цэцэг” дуу бол манай “Харш” хамтлагийн хамгийн анхны дуу. Анх энэ дууг Хүрэлчулуун гэдэг найз маань хийж байсан. Харин “Хос залуус” дуу бол “Хорвоод амьдрах жаргалтай” гэж нэртэй. Тэгсэн ард түмний дунд “Хос залуус” гээд түгчихсэн. Энэ дуу их учиртай дуу. Баатархүү, Энхтүвшин гэдэг хоёр найз маань цэрэгт байхдаа нэгэн цэргийн ханиас нь ирсэн захиаг нь санаандгүй уншиж байгаад “Хос залуус гэдэг аз жаргалтай
Хоёулаа бүхнээс дутаахгүй ээ хайрт минь
Хоёр биенээ гэсэн сэтгэл байхад
Хорвоод амьдрах жаргалтай” гэсэн сайхан 4 мөрт шүлэг байхыг харчихаад манай хамтлагийн хоёр маань үүгээр ерөөсөө дуу хийе гээд 2 бадаг зохиож дуу хийсэн байгаа юм. Бас нэлээн хэдэн удаа аяаа сольсон дуу. Ингэж л ард түмнийхээ дунд “Брэнд” болсон түүхтэй.
-Та удахгүй бие даасан тоглолтоо хийх гэж байгаа. Энэ талаараа?
-Би одоогоос 6 жилийн өмнө буюу 2008 онд “Миний аялгуу” -1 хэмээх төсөл хэрэгжүүлж бие даасан тоглолтоо хийж ард түмэндээ уран бүтээлээ тайлагнаж байсан. Одоо харин “Миний аялгуу” -2 хэмээх төслөө хэрэгжүүлж бие даасан тоглолтоо хийхээр товлолоо. Тоглолтын нэгэн нууцаас задлахад манай хамтлагийнхан бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцох сайхан мэдээг надад дуулгасанд их баяртай байгаа.
“Харш” хамтлагийн дуугаар баясаж, цэнгэж, бүжиг таанзалж, гомдолж уйлж явсан. Тэр л сайхан залуучуудын сэтгэлийг баясгая гэж бодлоо. “Харш” хамтлаг бүрэн бүрэлдэхүүнээрээ 10 жилийн дараа тайзнаа дахин хамтарч тоглох юм. Уншигч та бүхнийгээ хүрэлцэн ирж нэгэн үдшийг хамтдаа сайхан дурсамжаа сэргээж, баярлан доргиж өнгөрүүлээсэй гэж уриалж байна.
-“Миний аялгуу-2” тоглолт хэзээ, хаана ард түмэнтэйгээ уулзахаар болов?
-Ирэх сарын буюу гуравдугаар сарын 16-нд “УБ палас”-ын их танхимд ганцхан удаа тоглогдоно. Иймээс та бүхнийг яараарай, сандраарай гэж хэлье.Тоглолт үндсэн 2 хэсгээс бүрдсэн. Эхний хэсэгт ард түмний “брэнд” болсон дуугаараа ая дуугаа өргөн үзэгчдтэйгээ тоглолтоо доргио эхлүүлнэ. Харин хоёрдахь хэсэг нь дандаа миний өөрийн зохиосон дуунуудаа дуулна. Мөн цэрэгт байсан үеийнхнийгээ уриалж цэргийн дуунуудаа бэлдсэн. 1983-1990 он хүртэл Сонгино керозинад цэргийн алба хаасан албан хаагчид 1983-1989 он хүртэл Улиастайн дивизийн офицер, цэргүүдээ урьсан. Уншигч та бүхэн ч бас миний тоглолтод хүрэлцэн ирж хамтран дуулж, нэгэн сайхан үдшийг өнгөрүүлээрэй.
-“Харш” хамтлагийн дуунуудад 80-аад оныхон гэлтгүй одоо үеийн залуучууд ч бүжиглэдэг шүү дээ?
-Тэгэлгүй яахав. Одоо юм сайхан хөгжижээ. Амьд хөгжимтэй шөнийн клуб, баар Баар, рестрон олон болжээ. Тэнд амьд хөгжмийн хамтлагууд хүртэл манай хамтлагийн дууг дуулж байна. Дуулж байгааг нь сонсох нь нэг бодлын сайхан нөгөө талдаа оюун өмчийн асуудлыг сөхөхөөр. Гэхдээ ямартай ч бидний дуу 35 жил урлагт зүтгэжээ.
Хөдөлмөрийн гавьяаны улаан тугын одонг Монгол улсын Ерөнхийлөгчөөс гардан авсан. Удахгүй гавьяат болчихоод та бүхэндээгээ эргэн уулзах байх аа. /инээв/
-Тэр ерөөл бат оршиг.
Ярилцсан: Х.Даваанаа
Зочин · 2014/02/25
huuchnii olon saihan duug duuldag hamtlag togloh gej bgaag uzeed mash ih bayarlaj bnaa...Bayart unen dorgio duuchin shuu..odoonii zaluu duuchid iim uran buteelchdees mash ih suraltsah n zuitei bolov uu...olon saihan duug n ard tumen meddeg ym shu...bid bugd ochij uzne ee...ugaasaa unen tsoglog duuchin shuu...chamd amjilt husey...