Нэг хүний нам буюу төлөвшөөгүй МАХН
2014/02/25
Нам нь төрийг байгуулдаг, бас сонгуульд нэр дэвшүүлдэг. Ер нь манайд улс төрийн нам гэдэг бүхнийг мэдэгч жанжин бий. Намд элсээгүй хүн амьгүй биш юм аа гэхэд ажилгүй байх юм шиг л санадаг.
2012 оны УИХ-ын сонгуулийн өмнөхөн УДШ-ээс гаргасан жагсаалтаар Монголд улс төрийн 21 нам байна. Эдгээрийн дунд хаа нэг сонгуулийн үеэр нэр нь хальт дурдагддаг нам байхад, бараа сураггүй нь ч бас бий. Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат парламентад суудалгүй намуудыг татан буулгана гэж мэдэгдээд жижиг намуудын зэвүү, дургүй хоёрыг зэрэг хүргэж, улс төржих ухаанаа олохгүй байсан тэдэнд сэдэв бас сэдэл гаргаж өгсөн юм. Гэхдээ мань хүн энэ нь хаврын синдромын гол сэдэв болчих вий гэж эмээсэн үү, нийгмийн зүгээс ирэх эсрэг реакцыг намжаах гэсэн үү "Бусад намыг сэрээхийн тулд хэлсэн" хэмээн цайруулсан ч, үнэндээ түүний үг үнэний ортой байсан гэхэд болно. Өнөөдөр Улс төрийн намуудын тухай хуулийг хэрхэн өөрчлөх талаар эрчимтэй ярьж байна. С.Баярцогт гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг энэ хуулийн төслөөр хэд хэдэн удаа хэлэлцүүлэг өрнүүлж, янз бүрийн л санаа оноо гаргаж буй.
Гэвч улс төрийн намыг хаанаас санхүүжүүлэх вэ, хатуу гишүүнчлэлийг халах уу, нам өмчтэй байх уу гэх мэт асуудлыг тойрч ярьсаар л. Харин төр төвхнүүлдэг улс төрийн намуудын төлөвшил ямар байна вэ. Парламентад суудалгүй гэж соёлтойгоор нэрлээд байгаа боловч жижиг намууд сонгууль ойртохоор л хөдөлгөөнд ордог. Төрийг байгуулна гэхээсээ илүү МАН, АН хоёрын аль нэгийг нь дэмжигч байдлаар л сонгуульд оролцож, "халтуур" хийнэ. Аль эсвэл ялах, ялахгүйн тухай юу ч бодохгүй Танай тойрогт нэр дэвшиж, саналыг чинь хуваана" хэмээн нөлөөтэй намын нэр дэвшигчийг шантаажлан хэдэн төгрөг салгана. Гэхдээ олон намын тогтолцоонд шилжиж, ардчилсан сонгууль өгдөг болсноос хойш манайд энэ үзэгдэл байсаар л байна. Угаасаа 801 хүний гарын үсэг цуглуулаад ирсэн хэн бүхэнд улс төрийн намын дарга гэсэн сэтэр зүүж өгдөг марзан тогтолцоотой юм чинь, манай улс.
Монголд ганц хүний нам олон. БНН- ын ард "Буян"-гийн Жагаагаас өөр хэн байдаг билээ. "Эрэл"-ийн Эрдэнэбатын байгуулсан Эх орон нам өнөөдөр хэчнээн гишүүнтэй вэ гээд тоолвол даргын мэдлийн компанийнхнаас нь өөр гишүүн байна уу. Гэтэл тэднээс дор нь ч биш. Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам, Эх орончдын нам гэх улс төрийн хүчнийх нь хувьд мэддэггүй юм аа гэхэд ядаж дарга нь нийгэмд танигдаагүй намууд бий. Естой л нөгөө улстөрчдийн ярьдгаар нэг гишүүнтэй нам, эсвэл нэг хүний эзэмшлийн намууд л юм даа. Дээрээс нь Л.Гүндалай, Ц.Шинэбаяр нарын экс гишүүдийн "төрүүлчихээд" хаяад явчихсан хэд хэдэн нам даргынхаа аяыг хараад байж л байна. Гэхдээ саяхны өдрүүдэд үргэлжлэн болсон үйл явдлууд парламентад суудалгүй намуудаас их зүйл хүлээгээд хэрэггүй нь гэсэн сэтгэгдлийг төрүүллээ. Учир нь парламентад суудалтай зарим нам ч үйл ажиллагаа, үзэл баримтлалын хувьд огт төлөвшөөгүй бололтой. Үүнийг батлах хэд хэдэн үйл явдал болсныг эргэн саная. Өнгөрсөн долоо хоногийн эхэнд МАХН-ын цагаан байрны гадна багахан сумын наадмаас ч олон хүн, машин цугласан байв.
Ийнхүү хөлд дарагдах болсон щалтгаан нь МАН-ын хэдэн зуун гишүүн МАХН-д элсч байгаа гэв. Бүр урлаг спорт, улс төрийн лидерүүд нь хүртэл МАН-ыг хаяж, МАХН-ыг сонгож байгаа гэсэн мэдээллийг урьдчилан цацаад байлаа. "Жишээ нь энэ байна" хэмээн олимпийн мөнгөн медальт С.Батцэцэгт Хувьсгалт намын бат илэрхийлэл гардуулж байгаа зургийг тараасан. Д.Тэрбишдагва, Ч.Улаан, Г.Шийлэгдамба зэрэг МАХН-ын бүх л дарга нар С.Батцэцэгийн батлахыг тусгайлан гардуулж байгаа зураг л даа. Гэвч тус зургийн тайлбарыг тун удалгүй С.Батцэцэг гавьяат өөрөө өгч, хууран мэхлэлт байсныг нь зарласнаар УИХ-д бүхэл бүтэн бүлэгтэй, Засгийн газарт суудалтай нам даанч зангараггүй загнаж дээ хэмээн бодоход хүргэсэн юм.
Намдаа гишүүн "урвуулах" операци олигтой өрнөөгүй атал бас нэгэн үйл явдал МАХН-д хасах оноо нэмлээ. МАХН-ын гишүүд дэмжигчдийн холбоо болон Бүх ард түмний их хуралдай гэсэн хоёр ч төрийн бус байгууллага МАХН- ын дэргэд бий. Гэтэл эдгээр байгууллага нь МАХН-ын үйл ажиллагааг зогсоох, татан буулгах талаар олон нийтэд мэдээлж, хэвлэлийн хурал зарлаад зосгоогүй Улсын Дээд шүүхэд ханджээ. Тэд энэ тухай мэдээллээ хийж байтал МАХН-ын гишүүд, Удирдах зөвлөлийн гишүүд гэх хүмүүс орж ирэн мэдээлэл хийж буй нөхөд рүүгээ дайрч, тэдний хооронд эгээтэй л зодоон болсонгүй. Хамгаалагчид хөөж гаргаагүй бол, МАХН-ын "хөл" болдог эдгээр ТББ- уудын маргаан юугаар төгсөх байсныг хэлж мэдэхгүй юм.
Харин өчигдөр МАХН-ынхан бас л мэдээлэл хийлээ. Тус намын нарийн бичгийн дарга Г.Бямбасүрэн, Ёс зүйн хорооны дарга Г.Давааням нар С.Батцэцэгийн мэдэгдэл, гишүүдийнх нь хоорондын зодооны талаар залруулга хийж, дахин нэгэн жүжиг тавьж байх юм. МАХН парламентад зургаан суудалтай. Мөн УИХ-ын дэд дарга Засгийн газрын гурван сайдыг төрүүлсэн нам. Гэтэл намын даргын эзгүй хойгуур цэргүүд нь энд ажлаа хийж чадахгүй, хөгөө чирч байна даа.
Б.Жаргал