Нийслэлийн МАН зүгээ олж эхлэв үү
2014/02/26
Дандаа шахам ялалтын туг намируулж, дэмжигчдийн уухайгаар даруулж асан улстөрийн ууган хүчин МАН сонгуулиас хойш хэрэндээ “эргэлдэв”.
“Сөрөг хүчин, цөөнх байх ухаанаа олохгүй байна” хэмээх хатуухан үгийг олон нийт хийгээд эрх баригчид, улстөрчид тэдэнд залхтал хаяглалаа. Тэгвэл тэд эхнээсээ зүгээ олж эхэлж буйгаа харуулав уу гэмээр нэгэн үйл явдал АСА циркэд болж өнгөрөв. Ингэж өгүүлэхийн учир тэд сүүлийн хэдэн сонгуульд дараалан ялагдал хүлээсний гол шалтаг нь эв түнжингүй, итгэлцэлгүй, нэгдэлгүй байсных гэдгийг ойлгосноо ярилцаж байна. Уг нь өчигдөр биш бүр өмнө нь “ухаарах” хэрэгтэй байсан юм.
Нөгөөтэйгүүр дарга гэдэг “ганган” үгэнд хэтэрхий шүтэж, намын анхан шатны байгууллагууддаа “хойт эцэг” шиг хандаж байснаа ойлгожээ. Үүний дүнд тэд “Итгэлцэл, эв нэгдэл-Нэгдэгтүн” хэмээх уриатай “Намын анхан шатны байгууллагыг дэмжих жилийн ажлын нээлт, Намын ажилтны зөвлөгөөн” гэдэг урт нэртэй арга хэмжээг зохион байгууллаа. Нийслэлийн МАН-ын хорооноос зохион байгуулсан тус арга хэмжээнд намын удирдлагууд нь ч багагүй анхаарал хандуулсан нь дарга М.Энхболд Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт, УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, Д.Дэмбэрэл нараа дагуулан ирснээс харагдаж байна. Намын Ахмадын хорооны даргаар ажиллах болсон УИХ-ын гишүүн асан С.Төмөр-Очир хүртэл “санаа тавихаа” мартаагүй байна билээ.
Хамгийн гол нь “зүгээ олж эхлэв үү” гэсний учир энэ удаад урьдын уламжлалт, уйтгартай, хэв маягаас татгалзсан, илүү өөрийг ярьж, шинийг уриалж байснаас нь үүдсэн хэрэг. Албархуу нээлтийн үг, өөрийн намаас өөр “гайхамшиг” байхгүй мэт бялдууч илтгэл энэ удаад харагдаж, сонсогдсонгүй. Тэр дундаа намын дарга М.Энхболдын арга хэмжээг нээж хэлсэн үг олныг бодогдуулж, ирээдүйгээ цэгнэх ухааныг гишүүддээ өгөх шиг харагдсан. Тэрбээр нийслэлийн намын хороонд хаяглан “Хүн амын талаас илүү хувь нь оршин амьдардаг нийгмийн том цогцолборын хувьд Нийслэлийн намын хороо ачааны хүнд, хариуцлагын ихийг үүрэх ёстойгоо ухамсарлах хэрэгтэй. Энэ ондоо төдийгүй, ирэх жилүүдэд та бүхэн нарийн төлөвлөгөө, чамбай хэрэгжилттэй, нийгмийн болон улс төрийн нөхцөл байдлыг нарийн гярхай ажиглан мэдэрч ажиллаж гэмээнэ амжилтад хүрнэ шүү” хэмээсэн юм. Мөн намын анхан шатны байгууллага бол амжилт, ялалтын суурь гэдгийг намын даргаасаа жирийн гишүүд, идэвхитэн сонгуультнууд хүртэл хэлж байлаа.
Ийнхүү 90 жилийн түүхтэй “их” намынхан ирээдүй хойч, эв нэгдэл, итгэл зүтгэлээ нэгтгэн тунгаалаа.
Зочин · 2014/02/28
ZA amjilt amjilt sain bna
Зочин · 2014/02/27
Taalagdahaa bna amjilt