Хойд солонгосын удирдагчийг ардчилсан Монголын иргэд баяр хөөртэй угтах юм гэнэ үү
2019/04/26
УИХ-ын дарга Г.Занданшатар БНАСАУ-аас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд О Сын Хо-г хүлээн авч уулзахдаа БНАСАУ-ын Төрийн зөвлөлийн дарга Ким Жөн Ун ОХУ-д айлчлах урилгатай байгааг дурдаж, айлчлах замдаа Монгол Улсад саатан морилбол Монголын төр засаг, ард түмэн баярлах болно гэж хэлж байх юм.
Ойрын үед манай төр засгийн удирдлагууд Хойд Солонгосжих гэж их хичээх боллоо. Төр засгийн гаргаж байгаа шийдвэрүүд ч Хойд Солонгосын дэглэмтэй төстэй болж байгаа. Өнөөдрийн төр засаг үүндээ баярлаж байж магадгүй ээ. Үүнийгээ дэг журам тогтоож байна гэх биз. Төв талбайдаа мянган албан хаагчийг дасгал хийлгэж, 3333 сурагч төрийн тэргүүнтэйгээ шүлэг уншиж, цэргийн холбоо байгуулж, тэр холбоогоороо залуусыг соён гэгээрүүлэх юм ярих болов. Яг л социализмын үеийн дүр төрх тодроод байгаа юм. Тэр нэгдсэн журмаар дасгал хийлгэж, нэн олноор нь шүлэг уншуулах бол Майн баяр, Октябрийн баярын нэг хэсэг шүү. Бүр болоогүй ээ, “Хувьсгалын удирдагчийн үгийг хана таазан дээрээ бичээд, өглөө бүр унш” гэж УИХ-ын гишүүн нь үүрэгдлээ. Сургууль, цэцэрлэг, албан байгууллага, айлын орон сууц хаана л бол хаана , хана тааз, хаалга хатавчгүй улаанаар бичсэн уриа лоозонтой үе дурайтал орж ирж байгаа биз дээ. Бас болоогүй өглөө бүр өнөөх суртал ухуулгын үгнүүдийг залхтал уншуулж, лекцдээд байсхийгээд л мартсан эсэхийг нь шалгадаг байсан аа даа. Ардчиллын төлөө жагсаж тэмцэж, эхний эгнээнд явсан хүн ийм үеийн талаар тийм бахтай хэлж суух гэж.
Улс орнууд нүдэн дээр тасраад явчихлаа. Тэд салбар салбарт гайхамшгийг бүтээж байна.Манай ардчилагчид нүдэн дээр өөрчлөгдөж, социализм коммунизм ярих болов. Ярихаар барахгүй тэр үеийг санагдуулам үйлдлүүдийг тасралтгүй хийж байна. Оросын шинэ үеийн залуус Лениний тухай асуухад ихэнх нь мэдэхгүй байна лээ шүү. Харин манай улс ямар нэг хувьсгал яриад эхлэв. Өнөөх хувьсгал нь биднийг мэдээ ч үгүй байхад болоод хувьсгалын удирдагчтай ч болчихсон байх жишээтэй. Хэрэв бид мэдээгүй байхад хувьсгал болчихсон юм бол тэр лавтай урагшаа биш, арагшаа ухарсан коммунизмаа санаж санагалзсан л хувьсгал байх. Иймэрхүү хандлагатай төр засаг Хойд Солонгосын удирдагчийг буугаад мордоход магнай тэнийн баярлаж хөөрөөд байж магадгүй. Харин ард түмэн тэр дарангуйлагчийг вокзал дээр буугаад мордохын төлөө тэгтэл их баярлах уу. Дуу хөгжим, бүрээ бөмбөр болж, нус нулимсандаа холилдож, манай хүүхнүүд хормой хотноос нь зууралдаж орилолдох болж байна уу. Хүний улсын удирдагч байтугай өөрийнхөө улсын удирдагчдыг элдвээр нь шүүмжлээд суудаг ард түмэн шүү дээ. Таны хүслээр болж манай ард түмэн нулимс унаган баярлаж хөөрөхгүй бол яана аа, Занданшатар дарга аа. Их сайндаа л тэр хавьд яваа ганц нэг хүн “Ямар пацаан байдаг юм, харчихъя” гэж л магад. Үг хэлж, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг мэдэрчихсэн, дэлхийгээр нэг тэнээд үзчихсэн ард түмэн хэрийн юманд хөл алдахгүй л дээ. Баттай хэлэхэд баярлаж хөөрөх хүн ёстой байхгүй шүү. Сайндаа л нэг өдөр сошиалаар шаагиад хов жив, доог тохуу, сонин хачин болгоод ярина л биз.
Саяхан даа, хэдхэн жилийн өмнө. БНХАУ-ын дарга Си Жиньпин манайд айлчлахад өөдөөс нь үзэл бодлоо үйлдлээрээ илэрхийлж, төрийн тусгай хамгаалалтыг сөрөөд гүйж байсан парламентын гишүүнтэй, ийм л ардчилсан орон байсан шүү дээ. Бид мартаагүй л байна. Магадгүй Г.Занданшатар дарга Хойд Солонгосын удирдагчийг буугаад мордоход нь урьдаас бэлдсэн хэдэн хүнийг цэцэг хуар, туг бариулж зогсооё гэж бодъё. Ард нь таван алхамын зайд иргэд харин эсэргүүцлийн жагсаал хийгээд зогсож байж чадна. Манайхан чинь хаа очиж жагсаж, тэмцэж сураад бүр гаршчихсан шүү дээ. Өнгөрсөн онд Трамп Англи, Шотландад айлчлах үеэр юу боллоо. Эдгээр улсын иргэд хөл гишгэх зайгүй болтлоо олноороо цуглаж жагсаж, эсэргүүцлээ илэрхийлсэн. Түүний явуулж буй бодлого, цагаачдын эсрэг авч буй арга хэмжээ нь ардчиллаас ухарсан хэрэг гэж тэдгээр орны иргэд эсэргүүцсэн. Ардчиллын өлгий АНУ-ын Ерөнхийлөгчийг ардчилсан орны иргэд ингэж л угтаж, ингэж л шүүмжилж байдаг. Ким Жөн Уныг тэдгээр улсуудад очвол яаж угтах нь бүр тодорхой. Тиймдээ ч Ким Жөн Ун дуртай улсдаа айлчлаад байдаггүй.
Яг тэрэн шиг баярлаж гүйлдэнэ гэж бодоод байгаа иргэд чинь хүний эрх зөрчиж, ардчиллыг байхгүй болгож байна гээд өнөөх урьж залаад байгаа хүнийг чинь хөл гишгүүлэхгүй эсэргүүцвэл яах вэ. Аль эсвэл Г.Занданшатар дарга та өөрийгөө Монголын дарангуйлагч болчихсон гэж бодоо юу. Яагаад ардчилсан Монголын иргэд Г.Занданшатарын үгэнд орж, Хойд Солонгосын удирдагчийг үзэгдээд өнгөрөх зуурт бөөн хөөр баяр болно гэж. Тиймээс УИХ-ын дарга таны хэлсэн үг улс төрийн алдаатай, бодлогогүй яриа байна лээ. Тэр хүн дайрч өнгөрлөө гээд улс төр, эдийн засгийн хувьд чухал ач холбогдол үгүй. Бүхнийг хүчээр шийддэг тогтолцоо биднээс ихээ хол гэж боддог. Сүүлийн үед болж өгвөл хүчээр шийдчихдэг төртэй болж байх шиг. Дэмжихийг хүсээгүй хуулийг нь ЖДҮ-гийн зээлийнх нь хэргээр барьцаалж, УИХ-ын гишүүдээр кнопдуулж батлаад, тусгайгийнхныг дагуулж уул уурхайн ордыг булааж аваад л.... Эцэст нь баярлаж хөөрөх, гуньж гутрах эсэхээ бид өөрсдөө мэдье. Бид чинь тусгаар тогтносон, ардчилсан Монголын иргэд шүү дээ.
Хүннү · 2019/04/27
Аль улсд диполмат ёс гэж байдаг бид тэр ёсоол дагах ёстой. Хойдууд дэлхийг өөрлүүгээ харуулж чадаж байгаа биз дээ. Хөшигний цаана энэ улс яамархуу хөгжиж байгааг бид яаж мэдэх юм. Будаач будаач гэхээр сахлаа будна гэгчээ танай сонин ийм зүйл бичих нь хэр зохимжтой юм бол.
ХЭЦ · 2019/04/26
БАЯРЛААД БАЙГАА ХҮНД ТЭРНИЙХ ШИГ ГОРШОК ХАЛИМАГ ОЛДОХ БОЛ УУ
Зочин · 2019/04/26
Ardchilal gedeg ni mungunii tuluu gesen ug ym baina Turd garsan hulgaich naraas erguuleed hurunguu yaj avah be huuli henii tald baina ve
зочин · 2019/04/26
манайх Америкийн хараалийг идээд даруй 30 жил болж байна даа
Зочин · 2019/04/26
олон улсын харилцаа, уламжллалт харилцаа гээд аль алийг нь бодсон ч тэгэж л угтах ёстой яасан өчүүхэн сэтгэдэг юм бэ үүнийг бичсэн хүнд мэдэхгүй юмаараа бүү оролд гэж хэлмээр байна
Зочин · 2019/04/26
манайд наад бандгар пацаны чинь энд хүрэх улс төрч байхгүй шүү дээ
Би · 2019/04/26
Яагаад болохгүй гэж. Диполмат ёс жаяг гэж нэг юм байдаг юм. Бас ч гүй ОУ-ын харилцаандаа өөрчлөлт гаргах гэж Ким Жон Ун гэх залуу зүтгэж явна. Хүндэтгэх хэрэгтэй
Шаабар · 2019/04/26
Улс хооронд баримталдаг дипломат ёс жаяг гэж байдаг. Албан ёсны айлчлал хийж байгаа бол бусдын адил л угтаж авах ёстой. Солонгос Монголын хооронд дайсагнал байхгүй л гэж боддог. Олон жилийн өмнөөс хамтын ажиллагаатай улс. Манай улсын нутгаар дайраад гар бариад өнгөрнө л биз. түүнээс болж маргалдаад хэрэггүй юм. Харин соёлын довтолгооны үед шөнө айл өрхөөр явж хөнжил дэвсгэр сөхөж үздэг, цагаан хэрэглэл нөмрөөгүй бол арга хэмжээ авдаг байсан нь үнэн шүү. Бид багадаа оны урдуур гудас дэвсээд ээжийн эсвэл аавынхаа дээлийг нөмрөөд л унтацгаадаг байсан. сОЁЛЫН ДОВТОЛГООНООС ХОЙШ Л ЦАГААН ХЭРЭГЛЭЛ, ХӨНЖИЛ НӨМӨРМӨГ БАС ГЭРИЙН БАРУУН урд буландаа угаалтууртай, тэндээ ариун цэврийн хэрэглэл оо сойзоо байрлуулдаг болсон юмдаг.
иргэн · 2019/04/26
Тэр соёлын довтолгоо чинь монгол улсын ард түмэнд маш их ач холбогдол өгсөн юм шүү.Мөн Занданшатарын үйл ажиллагаа зөв.Монгод диктатур хэрэгтэй байна.
зочин · 2019/04/26
Өдрийн сонин өнгөрсөнөө мэдэхгүй юм.1-р орлогч эрхлэгч нь Соёлын довтолгоон гэж шөнө гэрт нь орж хөнжил гудас шалгадаг байсан гэж солиорч байналээ.Чи тэр соёлын довтолгооны жилүүдэд давсаган дотор л байсан байх.1948 онд дэлхийд хоёрхон улс монголын тугаар тогтнолыг зөвшөөрсөн байсны нэг нь Ардчилсан солонгос.Бид хэзээ ч энэ улсыг элдвээр хэлэх ёс зүйн жудаг байхгүй.Ардчилсан намынхан бол тэгж жижгэрч болох байх л даа
иргэн · 2019/04/26
Ардчилал гэсэн энэ хэдэн Жилүүдэд Улс орон Ард иргэд лав Өөдөлсөнгүй хий Хоосон Ардчилалаар яах ч юм билээ хэдхээн Супер Хулгайч Луйварчид л Баяжиж хөлжиж Хөгжиж дэвжсэн Он жилүүд д өнгөрлөө дөө
Зочин · 2019/04/26
Шудрага бус зүйл хийсэн, худлаа ардчилал ярьж хүний эрх, хувийн өмч хөрөнгө гэж хуцдаг шуналын тулам, эрх мэдэл мөнгөний төлөө эх орноо золиосолж байдаг новшнуудад төрийн төмөр нудрага үзүүлэх хэрэгтэй. Америк барууныхны хуурамч ардчилалд тархиа угаалгасан анархистууд улс орныг ийм болгосон. дэлхийн улс орнууд өөр өөрсдийнхөөрөө хөгжлийн замаа сонгох эрхтэй. Гадаад улс орны дотоод хэрэгт бүдүүлгээр оролцдог Америк мэтийн улс орнуудыг хараал идэг