Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч асан Ц.Цогтыг танихгүй өмгөөлөгч, шүүгч байхгүй. Учир нь тэр Монгол улсын шүүхийн байгууллагад зарчимч зангаараа танигдсан, олон жил ажиллаж байгаа, алдаа эндэгдэл гаргахааргүй туршлагатай шүүгч.

“Шүүгч би шүүх эрх мэдлийн ариун журамт үүрэг, Монгол Улсын Үндсэн хуульт байгуулал, хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, хуулийг дээдлэн хамгаалж хэрэг, маргааныг хэнээс ч хараат бус, зөвхөн Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуульд нийцүүлэн шийдвэрлэж, шүүгчийн ёс зүйг чанд сахиж явахаа ард түмэндээ батлан тангараглая. Хэрэв миний бие өргөсөн тангаргаасаа няцвал шүүгчийн албан тушаалаас нэн даруй огцорч хуульд заасан хариуцлага хүлээнэ.” гэж тангараг өргөж Төрийн сүлдэнд мөргөсөн энэ эрхэм өөрөө хуулиа зөрчиж, эрх мэдлээ давуулан ашиглаж, гаргасан алдаагаа бусад руу түлхэхийг завдаж байна. Тодруулбал, Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст холбогдох анхан шатны шүүхийн 1449 дүгээр шийдвэртэй хэрэг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд 2013 оны долдугаар сарын 17-ны өдөр ирсэн байдаг. Тэгтэл уг хэрэг ирэхээс хоёр хоногийн өмнө буюу 2013 оны 7-р сарын 15-ны өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Шүүгчдийн зөвлөлгөөнийг хуралдуулж, нэг өдөр 392-р, 429 гэсэн хоёр тогтоол гаргаж, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зарчмыг ноцтой зөрчсөн байдаг. Энэ нь дараах баримтуудаар нотлогдоно.

 

 

Үүнээс гадна тэрбээр Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийг зөрчсөн. Энгийн үгээр тайлбарлавал 2013 оны 7-р сарын 15-ны өдрөөс Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч асан Ц.Цогт нь ээлжийн амралтаа албан ёсоор авсан байдаг. Хэрэв шүүгч ээлжийн амралтаа авч байгаа бол өөрийг нь орлох шүүгчийг томилох ёстой атал томилолгүй, амралттай өдрөө шүүгчдийн зөвлөгөөнийг даргалахын зэрэгцээ уг зөвлөгөөний ирцийг хууль бусаар бүрдүүлэн Шүүхийн тухай хууль тогтоомж болон шүүгчийн ёс зүйг зөрчсөн. Энэ нь шүүгч Ц.Цогт хэн нэгний эрх ашгийн төлөө улаан цагаан үйлчлэн зүтгэж байна гэсэн хардлагыг төрүүлсэн тул тус хэргийн оролцогчид Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд хандан шүүгч Ц.Цогтоос татгалзах хүсэлтийг гаргасан байна. Тэгтэл шүүгч Ц.Цогт Монгол улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулийг уландаа гишгэж хууль зөрчсөн үйлдлийг дахин гаргасан байх юм. Өөрөөр хэлбэл нэр бүхий шүүгчээс татгалзах өргөдлийг хэргийн оролцогчдоос гаргасан тохиолдолд шүүгчдийн зөвлөгөөн хийдэг бөгөөд энэхүү хуралд татгалзах хүсэлтэд нэр нь орсон шүүгч оролцдоггүй. Тэгтэл шүүгчээс татгалзах шүүгчдийн зөвлөгөөнд Ц.Цогт шүүгч өөрөө орсон байдаг бөгөөд энэ нь баримтаар тогтоогдсон байдаг.

 Энэхүү хууль бус үйлдэл нь удаа дараа давтагдсан байдаг ажээ. Тэгтэл шүүгч Ц.Цогт энэ бүх хууль бус, удаа дараагийн давтан үйлдлээ цагаатгахын тулд өөрийн туслахдаа хамаг буруугаа тохохыг завдсан байна. Энэ нь уснаас хуурай гарах гэсэн явуургүй үйлдэл юм.

Шүүгч Ц.Цогтын эргэлзээтэй энэ үйлдлүүдийг шалгуулахаар хэргийн оролцогчид Шүүхийн ёс зүйн хороонд гомдол гаргасан байдаг. Тэгтэл шүүгч Ц.Цогт ёс зүйн хороонд үнэн зөв тайлбар өгөх ёстой байтал удаа дараа зөрүүтэй мэдүүлэг өгсөн байдаг нь баримтуудаар нотлогдсон.  Өөрөөр хэлбэл Шүүгчдийн зөвлөгөөний хоёр удаагийн тогтоол, Шүүхийн ёс зүйн хороонд гаргасан Ц.Цогтын тайлбарууд нь хоорондоо зөрчилдсөөр байгаа нь түүнийг ашиг сонихролын зөрчилтэй гэх хардлагыг төрүүлж байгаа юм.

Одоогоор Шүүгчдийн ёс зүйн хорооны хурал хэзээ болох нь тодорхойгүй байгаа юм. Хүлээлтийн байдалд байгаа энэхүү хэргийн талаар бид цувралаар цаашид хүргэж, Монголын шүүх хэрхэн шинэчлэгдэж байгааг баримтуудар дэлгэх болно. Тангараг өргөж, шударга ажиллахаа амалсан шүүгч ингэж хуулийг уландаа гишгэж болох уу? Түүнийг шүүхий ёс зүйн хороо хэрхэн шийдэх бол? Монгол улсын шүүхийн байгууллага үнэхээр шударга ажилладаг эсэхийг одоо л харах л үлдээд байна.

А.Баярмаа