Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдаж эхэлсэн боловч санхүүжилт нь зогссон, барилга угсралтын ажил дуусаагүй, ашиглалтад ороогүй, 3 ба түүнээс дээш жил үргэлжилж байгаа нийт 254,473.0 сая төгрөгийн төсөвт өртөгтэй, 12 Төсвийн ерөнхийлөн захирагчийн 56 барилга, байгууламжид 2008-2017 онд нийт 171,550.2 сая төгрөгийн санхүүжилт буюу төсөвт өртгийн 67.2 хувийг олгосон байна. Дээрх барилга, байгууламжийг захиалагч буюу Төсвийн ерөнхийлөн захирагчдаар ангилж үзвэл нийт төсөл, арга хэмжээний 80.3 хувийг БХБС, БСШУСС, ЭХС-ын төсөл, арга хэмжээ эзэлж байна. Эдгээрээс  БСШУС-ын сайдын багцын дуусаагүй, орхигдсон барилгуудыг хүргэж байна. 

СШУСС-ын багцын 2008-2015 онуудад хэрэгжиж эхэлсэн 28,945.1 сая төгрөгийн төсөвт өртөгтэй 13 дуусаагүй, орхигдсон барилгад 29,718.4 сая төгрөгийн гэрээ байгуулж, 20,999.5 сая төгрөгийн буюу нийт санхүүжилтийн 70.7 хувийг олгосон байна.

Төсвийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.4-т “Хөрөнгө оруулалтын төсөвт ТЭЗҮ хийгдсэн, зураг төсвөө батлуулсан, хуульд заасан бусад зөвшөөрөл олгогдсон төсөл, арга хэмжээг тусгана” гэсэн заалтыг зөрчиж зураг, төсөлд магадлал хийгдээгүй 7 төсөл, арга хэмжээг хуульд тусгасан нь хэрэгжилт удаашрах, өртөг нэмэгдэх нөхцөлийг үүсгэсэн байна. Үүнд:

  • Баянхонгор аймгийн Бууцагаан сумын соёлын төв;
  • Дорноговь аймгийн Хатанбулаг сумын спорт цогцолбор;
  • Сургуулийн барилга, 640 суудал /УБ, БЗД, 11-р хороо, 126 дугаар сургууль;
  • Хэнтий аймгийн Хэрлэн сумын Хан Хэнтий чуулга;
  • Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 700 суудалтай, спорт цогцолбор;
  • Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын соёлын төв, захирагчийн албаны байр;
  • Дорнод аймгийн Хэрлэн сумын спорт цогцолборын өргөтгөл, усан бассейны барилгуудын зураг төсөл боловсруулагдаагүй байхад Төсвийн тухай хуулиар хэрэгжилтийг батлуулсан байна.

Мөн барилгын зурагт тусгагдсан ажлуудын өртгийг төсөвт бүрэн тусгаагүй, газрын асуудлыг шийдвэрлээгүй, зураг төсөлд магадлал хийлгэж баталгаажуулаагүй зэргээс барилга, угсралтын ажлыг гүйцэтгэхэд хугацаа алдаж, хэрэгжилт удааширсан байна. Тухайлбал,
Газрын байршил өөрчлөгдсөнөөс хугацаа алдсан:

  •  “Сургуулийн барилга, 640 суудал /УБ, БЗД, 11-р хороо, 126 дугаар сургууль/” төслийг БСШУЯ /хуучин нэрээр/-аас 2011 оны 12 дугаар сарын 27-нд 2,186.9 сая төгрөгийн төсөвт өртөгтэйгөөр “түлхүүр гардуулах” нөхцөлөөр гүйцэтгүүлэхээр “Немон” ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, зураг төсвийг хийлгэсэн байна. Барилга угсралтын ажил 2012 оны 5 дугаар сараас эхэлсэн боловч газрын маргааны улмаас байршил өөрчлөгдөж дахин зураг хийж, батлуулах шаардлага гарч хугацаа алдсан байна.
  • Хүүхэд залуучуудын соёл үйлчилгээний цогцолбор, усан бассейн байгуулах /Архангай аймгийн Эрдэнэбулган/ төслийг 2013 онд “ЭБО сервис” ХХК-тай гэрээ байгуулж эхлүүлсэн боловч аймгийн ерөнхий төлөвлөгөөнд өөрчлөлт орсны улмаас барилгын газрын байршил өөрчлөгдөж өндөршлийн цэгүүдийг шинэчлэн тогтоох, дахин геологийн дүгнэлт гаргуулах, суурийн ажлын зураг, тооцооллыг гаргах зэрэг нэмэлт ажлуудыг хийх шаардлага үүсэж хугацаа хойшилсон байна. Барилга угсралтын ажлыг 2013 оны 6 дугаар сард эхэлж, гэрээний нэмэлт өөрчлөлтөөр хугацааг сунгаж, 2017 оны 12
    дугаар сарын 15-нд дуусгаж ашиглалтад оруулахаар заасан боловч 2017 оны 6 дугаар сарын 27-ны өдрөөс хойш барилгын ажлыг үргэлжлүүлэн гүйцэтгээгүй байна. Хөндлөнгийн мэргэжлийн байгууллага барилгын ажлыг үргэлжлүүлэх “боломжтой” гэж дүгнэсэн бөгөөд шалгалт хийгдэх үеийн байдлаар барилгын ажлын гүйцэтгэл 85.0 хувьтай байна. 

Баталгаажсан төсөвт өртгөөс бага өртгөөр Төсвийн тухай хуульд тусгаж хөрөнгө батлуулсан:

  • “Спорт цогцолбор, усан бассейны барилга, 700 суудал /Баянхонгор, Баянхонгор сум/” –тай төслийн төсөвт өртгийг 2012 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн магадлалын ерөнхий дүгнэлтээр 9,902.1 сая төгрөгөөр баталгаажуулсан байна. Гэтэл 2014 оны Төсвийн тухай хуульд баталгаажсан өртгөөс 11 дахин багаар буюу 900.0 сая төгрөгийн төсөвт өртөгтэйгөөр;
  • Хүүхэд залуучуудын соёл үйлчилгээний цогцолбор, усан бассейн байгуулах /Архангай аймгийн Эрдэнэбулган/ ажлын төсөвт өртгийг 2013 оны Төсвийн тухай хуульд 1,762.1 сая төгрөгөөр буюу батлагдсан төсвөөс 23.9 сая төгрөгөөр бага дүнгээр;
  • Спорт цогцолборын өргөтгөл, усан бассейн /Дорнод, Хэрлэн/ барилгын төсөвт өртгийг 2012 оны Төсвийн тухай хуульд 910.3 сая төгрөгөөр буюу 1,130.0 сая төгрөгөөр багасгаж;
  • Спорт цогцолборын барилга /Дорноговь, Хатанбулаг/-ын төсөвт өртгийг 2013 оны Төсвийн тухай хуульд 913.4 сая төгрөгөөр буюу 58.0 сая төгрөгөөр багасгаж;
  • Төв халхын дуулалт жүжгийн театр /Дундговь, Сайнцагаан/-ын барилгын төсөвт өртгийг 2011 оны Төсвийн тухай хуульд 6,800.0 сая төгрөгөөр буюу магадлал хийгдсэн дүнгээс 62.8 сая төгрөгөөр багасгаж;
  • Соёл амралтын хүрээлэн байгуулах ажил /Говь-Алтай, Есөнбулаг/-ын зураг, төсвийг Барилгын хөгжлийн төвийн 2013 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн магадлалын ерөнхий дүгнэлтээр 7,555.9 сая төгрөгөөр баталгаажуулсан байхад 2014 оны Төсвийн тухай хуульд төсөвт өртгийг 2,000.0 сая төгрөгөөр буюу 3.8 дахин бага өртгөөр;
  • Бага сургуулийн шинэ барилга /Баянхонгор, Бууцагаан сум/-ын зураг, төсөлд Барилгын хөгжлийн төв 2011 оны 10 дугаар сарын 18-ны өдөр магадлал хийж, 755.3 сая төгрөгөөр баталгаажуулсан байхад 2012 оны Төсвийн тухай хуульд төсөвт өртгийг 500.0 сая төгрөгөөр тус тус батлуулсан байна.

Зураг, төсөл алдаатай боловсруулагдсанаас хугацаа алдсан:

  • Спорт цогцолборын барилга /Дорноговь, Хатанбулаг/-ын ажлыг гүйцэтгэгч “Арвин сүлжээ” ХХК-тай 2013 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр 913.4 сая төгрөгийн гэрээ байгуулж ажлыг 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуусгахаар заасан боловч барилгын зураг төсөлд гадна цахилгааны ажил ороогүй, дизель генераторын хүчин чадал, техникийн үзүүлэлтийг тодорхойлоогүйгээс хэрэгжилт удааширсан.

Зураг, төсөл нь магадлалаар баталгаажаагүй:

  • Баянхонгор аймгийн Бууцагаан сумын 250 суудалтай соёлын төвийн барилгын зураг, төсөлд өнөөг хүртэл магадлал хийлгэж баталгаажуулаагүй байна.

ТЕЗ-ийн тушаалаар томилогдон худалдан авах ажиллагааг зохион байгуулсан Үнэлгээний хороо нь худалдан авах ажиллагааг зохион байгуулж, гүйцэтгэгчийг сонгон шалгаруулахдаа барилга, байгууламжийн нийт төсөвт өртгийг үндэслэл болгоогүй, ТБОНӨХБАҮХАТХ-ийн 12 дугаар зүйлийн 12.2, 14 дүгээр зүйлийн 14.1.2-т заасныг зөрчиж, тусгай зөвшөөрөлгүй, татварын өртэй зэрэг шаардлага хангаагүй гүйцэтгэгчийг сонгон шалгаруулсан нь барилга угсралтын ажлын гүйцэтгэлд нөлөөлсөн байна.Тухайлбал,

  • Спорт цогцолборын өргөтгөл, усан бассейн /Дорнод, Хэрлэн/–ы барилга угсралтын ажлыг ЭМСС /хуучин нэрээр/-ын 2015 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 262 дугаар тушаалаар Дорнод аймгийн Засаг даргад эрх шилжүүлжээ. Дорнод аймгийн Засаг даргын 2011 оны А/69 дүгээр захирамжаар байгуулагдсан Үнэлгээний хороо нь ТБОНӨХБАҮХАТХийн 12 дугаар зүйлийн 12.23 дахь заалтыг зөрчиж барилгын ажил эрхлэх тусгай зөвшөөрөлгүй “Билэг” ХХК-ийг гүйцэтгэгчээр сонгон шалгаруулсан байна.
  • Төв халхын дуулалт жүжгийн театр /Дундговь, Сайнцагаан/-ын барилга угсралтын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулахдаа /Үнэлгээний хорооны дарга БСШУЯ-ны Санхүү, хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга С.Наранцогт/ ТБОНӨХБАҮХАТХ-ийн 14 дүгээр зүйлийн 14.1.24 дахь заалтыг зөрчин 8.8 сая төгрөгийн татварын өртэй “Суурь” ХХК-ийг гүйцэтгэгчээр сонгон шалгаруулсан байна.
  • Бага сургуулийн шинэ барилга /Баянхонгор, Бууцагаан сум/-ын төсөвт өртөгт Барилгын хөгжлийн төв магадлал хийж, 755.3 сая төгрөгөөр баталгаажуулсан байхад 2012 оны Төсвийн тухай хуульд 500.0 сая төгрөгөөр тусгаж, худалдан авах ажиллагааг зохион байгуулж “Бүтээлч шинэ сонголт” ХХК-г шалгаруулан гэрээ байгуулах эрх олгохдоо /тухайн үед ажил хариуцаж байсан БСШУЯ-ны ТНБД Д.Далайжаргал/ төсөвт өртгийг 939.5 сая төгрөгөөр тусгаж, 500.0 сая төгрөгөөр гэрээ байгуулсан байна.
  • Соёл амралтын хүрээлэн байгуулах ажлын багц 3, усан оргилуур, усан хангамж байгуулах ажил /Говь-Алтай. Есөнбулаг/-ын зураг, төслийг Барилгын хөгжлийн төвийн 2013 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн магадлалын ерөнхий дүгнэлтээр баталгаажуулж, төсөвт өртгийг 7,555.9 сая төгрөгөөр баталсан байхад 2014 оны Төсвийн тухай хуульд төсөвт өртгийг 2,000.0 сая төгрөг, санхүүжих дүнг 1,000.0 сая төгрөгөөр батлуулснаас орон нутагт батлагдсан санхүүжилтэд багтаан 5 багц болгон худалдан авах ажиллагааг зохион байгуулж, гүйцэтгэгчийг сонгон шалгаруулжээ. Гүйцэтгэлээр 5 багц ажил хийгдсэн /Говь-Алтай аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар, ГХБХБГ-ын хяналтын инженер Г.Бат-Эрдэнэ нар ажлын гүйцэтгэлийг баталгаажуулсан/ гэж байгаа боловч зураг төсвийн дагуу хийгдээгүйгээс чанаргүй, дутуу, ашиглах боломжгүй болсон байна. 

Захиалагч барилга угсралтын ажлыг бодит гүйцэтгэлээр хянаж баталгаажуулалгүйгээр Сангийн сайдын 2012 оны 290 дүгээр тушаалаар баталсан“Төсвийн хөрөнгө оруулалтын санхүүжилтийн журам”-ын 3.35 дахь заалтыг зөрчин 9 төсөл,арга хэмжээнд 3,756.0 сая төгрөгийн санхүүжилтийг гүйцэтгэлээс илүү олгосон байна. Тухайлбал,

  • Соёлын төв, захирагчийн албаны барилга /Сэлэнгэ аймаг, Орхонтуул сум/-ын төсөвт өртөг Барилгын хөгжлийн төвийн магадлалын ерөнхий дүгнэлтээр 1,543.2 сая төгрөгөөр баталгаажиж, гүйцэтгэгч “Тарнийн арцат уул” ХХК-тай 3 удаагийн гэрээгээр нийт 1,510.7 сая төгрөгийн үнийн дүн бүхий гэрээ байгуулсан байна. Барилга угсралтын ажлын гүйцэтгэл 80.0 хувьтай гэж захиалагчийн хяналтаар баталгаажуулсан боловч магадлалын ерөнхий дүгнэлтээр баталгаажсан төсөвт өртгөөс 32.1 сая төгрөгөөр, гэрээний дүнгээс 64.6 сая төгрөгөөр илүү буюу 1,575.3 сая төгрөгийн санхүүжилт олгосон.
  • Сургуулийн барилга, спорт заал /Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сум/-ны барилгын 2,990.0 сая төгрөгийн төсөвт өртөгтэй ажлын гүйцэтгэгч “КТК” ХХК-тай 2,126.0 сая төгрөгийн ажил гүйцэтгэх гэрээ, 827.7 сая төгрөгийн нэмэлт гэрээ, нийт 2,953.7 сая төгрөгийн гэрээ байгуулж, 2,940.0 сая төгрөгийн санхүүжилт олгосон боловч, улсын комисст барилгыг хэсэгчлэн хүлээлгэн өгсөн байна. Тус компанийн дутуу хийгдсэн ажлыг гүйцэтгүүлэхээр “Саруул цамхаг” ХХК-тай 500.0 сая төгрөгийн үнийн дүн бүхий батлагдсан төсөвгүй нэмэлт гэрээг байгуулж, санхүүжилтийг бүрэн олгосон байна.
    Барилга угсралтын ажлын гүйцэтгэл 93.0 хувьтай байхад үүрэг даалгаврын биелэлтээр
    улсын комисс байнгын ашиглалтад хүлээн авчээ.
  • Төв халхын дуулалт жүжгийн театр /Дундговь, Сайнцагаан/-ын барилга угсралтын ажлын гүйцэтгэгч ”Суурь” ХХК-д ажлын гүйцэтгэлийг харгалзалгүйгээр 2011 онд 440.0 сая төгрөг, 2012 онд Голомт банкны 1,640.0 сая төгрөгийн урьдчилгаа төлбөрийн баталгаа болон БСШУЯ-ны /хуучин нэрээр/ Санхүү, хөрөнгө оруулалтын газрын дарга С.Наранцогтын 2012 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 2/3520 дугаар албан бичгийг үндэслэн 1,600.0 сая төгрөг, нийт 2,040.0 сая төгрөгийн санхүүжилтийг олгосон байна. Гэтэл Дундговь аймаг дахь Төрийн аудитын газраас бодит гүйцэтгэлийг тооцоолон шалгахад 682.5 сая төгрөгийн гүйцэтгэлтэй гарчээ. Бодит ажлын гүйцэтгэлээс 1,357,5 сая төгрөгөөр илүү санхүүжүүлсэн нь БУ-76/2011 дугаар гэрээний 13 дахь хэсэгт “барилга угсралтын санхүүжилтийг үр дүнгээр санхүүжүүлнэ” гэж заасныг зөрчсөн байна. Тухайн үед барилгын ажлын гүйцэтгэл, санхүүжилтэд БСШУЯ-ны БЗАА-ны дарга Б.Цэрэн, хяналтын инженер Д.Мөнхтулга, СХОГ-ын мэргэжилтэн Д.Совд, Сангийн яамны Төсвийн бодлогын газрын дарга Б.Батжаргал, Төсвийн хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга М.Батгэрэл, ахлах мэргэжилтэн Б.Доржсэмбэд нар хяналт тавин ажиллаж байжээ. 
  • 700 хүний суудалтай спорт цогцолбор /Сүхбаатар, Баруун-Урт/-ын барилга угсралтын ажлыг гүйцэтгэгч "Лайт капитал хаус" ХХК-д ажлын гүйцэтгэл 35.0 хувьтай байхад төсөвт өртгийн 74.9 хувь буюу 1,200.0 сая төгрөгийн санхүүжилтийг /тухайн үед ЭМЯ-ны ТНБД-аар Н.Хүрэлбаатар, СХОГ-ын даргаар Н.Түмэндэмбэрэл нар ажиллаж байсан/ олгосон.
  • Соёлын төвийн барилга, 250 суудал /Баянхонгор, Бууцагаан сум/-тай төслийн гүйцэтгэгч “Оорцог” ХХК-д 252.6 сая төгрөгийн санхүүжилт олгосон нь ажлын гүйцэтгэлээр нотлогдохгүй байсан тул БСШУЯ-ны /хуучин нэрээр/ ТНБД-ын 2012 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 2/4518 дугаар албан бичгээр гэрээг цуцалжээ. Хөндлөнгийн шинжээчийн дүгнэлтээр барилга угсралтын ажлын гүйцэтгэл 20.0 хувьтай, олгосон санхүүжилтийг төсөвт өртөгтэй харьцуулахад 38.0 хувьтай байна.

Нийт 2008-2013 онд хэрэгжиж эхэлсэн 21,240.7 сая төгрөгийн төсөвт өртөг бүхий 8 барилгын угсралтын ажлын явцад барилгын норм, норматив, стандартын шаардлага зөрчигдсөн, захиалагч, зохиогч, мэргэжлийн хяналтын байгууллагын хяналтаар өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй байхад арга хэмжээ аваагүй байна. Үүнд:

  •  Хэнтий аймгийн Хэрлэн суманд баригдаж буй Хан Хэнтий чуулгын барилгын ажлыг гүйцэтгэгч “Хөвсгөл геологи” ХХК, “Макс майнд” ХХК;
  • Дундговь аймгийн Сайнцагаан сумын Төв халхын дуулалт жүжгийн театрын барилгын ажлыг гүйцэтгэгч “Суурь” ХХК; 
  • Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 700 хүний суудалтай спорт цогцолборын барилгын ажлыг гүйцэтгэгч “Лайт капитал хаус” ХХК; 
  • Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын соёлын төв, захирагчийн албаны барилгын гүйцэтгэгч “Тарнийн арцат уул” ХХК; 
  •  Спорт цогцолбор /Дорноговь, Хатанбулаг/-ын барилгын ажлыг гүйцэтгэгч “Арвин сүлжээ” ХХК;
  • Спорт цогцолборын өргөтгөл, усан бассейн /Дорнод, Хэрлэн сум/ барилгын ажлыг гүйцэтгэгч “Билэг” ХХК;
  • Бага сургуулийн шинэ барилга /Баянхонгор, Бууцагаан сум/ -ын гүйцэтгэгч “Бүтээлч шинэ сонголт” ХХК;
  •  Соёлын төвийн барилга, 250 суудал /Баянхонгор, Бууцагаан сум/ барилгын ажлыг гүйцэтгэгч “Оорцог уул” ХХК-тай хариуцлага тооцоогүй байна.

БСШУСС-ын багцад нийт 7,261.5 сая төгрөгийн ажил гүйцэтгэх гэрээ бүхий 6 төсөл, арга хэмжээнд 3,978.2 сая төгрөгийн нэмэлт гэрээ байгуулахдаа анхны гэрээний үнийн дүнг 15 хувиас хэтрүүлэн шууд гэрээ байгуулсан нь ТБОНӨХБАҮХАТХ-ийн 34.1.46 -дэх заалтыг зөрчжээ.