Т.Чимгээгийн нөхөр С.Бямбасүрэн: С.Зориг агсны эхнэр Т.Булган надаас уучлалт гуйсан
2019/06/14
С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргээр Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарт шүүхээс хорих ял оноосон билээ. Сүүлд энэ хэргийг мөрдөн шалгасан тагнуул, цагдаагийн байгууллагын ажилтнууд эрүүдэн шүүсэн гэх дуулиан дэгдэж, Б.Хурц тэргүүтэй хүмүүсийг баривчлан саатуулсан. Хэргийн талаар Т.Чимгээгийн нөхөр С.Бямбасүрэнтэй ярилцлаа.
-Сүүлд эхнэртэйгээ хэзээ уулзсан бэ, эрүүл мэндийн байдал нь ямар байна вэ?
-Манай хадам ээж, Т.Чимгээгийн том ах, дүү нь гээд бид хэд орж уулзсан. Сэтгэл санааны байдал гайгүй болсон байна лээ. Мөн шулуун гэдсээр нь цус алдах зэрэг зовиур байсан. Дарга нар нь Зайсангийн “Гранд мед” эмнэлэгт аваачиж үзүүлсэн. Хагалгаанд оруулна гэсэн юм билээ. Ер нь өмнөхөө бодвол сэтгэл санааны хувьд харьцангуй гайгүй болсон байна лээ.
-Анх хоригдсоны дараа очиж уулзахад ярьж хөөрөхөөс эхлээд хүнд байсан байх. Сая очоод уулзахад ямар байв?
-Өмнө нь их хэцүү байсан шүү дээ. Би уулзахаасаа айдаг байсан. Уулзуулна гэж байна гээд баярлаад очно. Тэгээд тэр хүнийг харчихаад гарч ирээд уйлдаг байлаа. Зүв зүгээр байсан хүнийг хэлмэгдүүлнэ гэдэг чинь хэцүү. Одоо бол гайгүй болсон байна лээ.
-Сая МҮОНТелевизээр эрүүдэн шүүж байгаа бичлэгийн хэсгээс цацсан. Танай эхнэрийн бичлэгийн хэсгээс ч гаргасан. Эрүүдэн шүүж байгаа бичлэгийг хараад танд хүнд санагдсан байх?
-Хэцүү. Би хүүхдүүддээ тэр бичлэгийг харуулахгүй гэж бодож байсан. Энд нэг зүйлийг хэлчихье. Та бүхэн мэдэх байх, намайг өмнө нь 14 хоног хорьж байсан. Тэгэхэд надад нүцгэн байдалтай зураг харуулж байсан. Тэрийг сая Монголын Үндэсний телевизээр гаргаагүй. Тухайн үед би шалгаж байгаа хүмүүст нь хэлж байсан. Биднийг хооронд нь хагаралдуулах гэж тийм зүйл хүртэл надад харуулж байсан гэж боддог. Хадмуудыг надтай муудалдуулах гэж, миний ханийг надтай эвдрэлцүүлэх гэсэн зүйл өчнөөн явагддаг байсан. Ер нь шүүх цагдаагийнхан Б.Содномдаржаагийн ах, дүү нараас тэр бүр ярилцлага аваад байдаггүй юм билээ. Би тэр хүний хажууд яг байсан болохоор миний хэл амыг боох гэж намайг хорьж байсан. Намайг дагаж, чагнадаг гэх зэргээр өчнөөн дарамт үзүүлсэн.
-Та бүхнийг яагаад энэ хэрэгт татан оролцуулж, хэлмэгдүүлсэн гэж боддог вэ?
-Ц.Амгаланбаатар гэж нөхөр миний эгч Гансүрэнгийн өргөмөл хүүхэд юм. Тэр өмнө нь янз бүрийн илрээгүй хэргийг хүртэл хүлээж байсан юм гэнэ лээ. Тэгээд “Чамайг ялгүй гаргана, чи ойр дотны сайн мэддэг эр, эм хоёр хүнийг олж өг” гэсэн санал тавьсныг хүлээж авсан гэж боддог юм. Манай өмгөөлөгч хүртэл тэгж ярьж байна лээ. Тэрний нэг бай нь Т.Чимгээ, нөгөөх нь Д.Содномдаржаа болсон.
Намайг их дарамталдаг байсан. Чамайг өөр хэрэг дээр тохно шүү гэж аархсан байдалтай хэлдэг. Болохгүй бол хүүхдүүдээр чинь оролдоно шүү гэдэг байсан. Би өөрөө айдаггүй. Тэртэй тэргүй 50 гарсан хүн яадаг юм. Ханийгаа тэнд хориулчихсан байхад намайг алвал алаг л дээ. Хамгийн гол нь би үр хүүхдийнхээ төлөө айдаг байсан. Үр хүүхдийг минь яачих бол гэж айдаг байсан. Ингэж бодож би телевиз хэвлэлд хамаагүй ярилцлага өгдөггүй байсан болохоос биш өөрийгөө хэзээ ч бодож байгаагүй. Үхтэл үр харам гэдэг. Монгол хүнд дахин ийм муухай хэлмэгдүүлэлт бүү явагдаасай гэж бодож байна.
-Т.Чимгээ баригдсанаас хойш нэлээн хэдэн жил өнгөрлөө. Та бүхэн шүүх цагдаа гэж их гүйсэн. Мөн сэтгэл санааны хүнд цохилтод орсон нь гарцаагүй. Одоо амьдрал ахуй ямар байна вэ?
-Манай эхнэрийг 2015 оны наймдугаар сарын 31-нд хэлмэгдүүлэн баривчилгаа хийсэн. Та бүхэн мэднэ. Би есдүгээр сарын 2-нд том охинтойгоо орж ирж, Улаанбаатар хотод долоо хоног хөөцөлдөөд хаана байгааг нь мэдэж чадаагүй. Тэгээд буцаж яваад арваннэгдүгээр сард бүх хүүхдээ энд авчирсан. Энэ хэргээс болоод манай охин өнгөрсөн. Гэхдээ би үүнийг энэ хэрэгтэй шууд утгаар нь холбож байгаа юм биш. Хэрэв ээжийг нь хэлмэгдүүлэн баривчлаагүй байсан бол миний охин амьд мэнд л байх байсан. Ээжийнхээ араас явж байгаад осолд орж нас барсан. Би Улаанбаатарт дандаа хөлсний байраар явж байна. Сарын 500 мянган төгрөгийн түрээстэй. Үүнийг 3-4 сараар бөөнөөр нь төлнө. Бүх юмаа дуусч байна. Яг одоо би цөхөрлийн байдалд орчихсон явж байна. Хажуугаар нь оюутан залуугаа төгсгөх гэж зүтгэсээр төгсгөлөө. Манай ээж 86 настай хөгшин бий. Юмаа мартана. Орхиод гарч болохгүй. Плитка залгаад нөгөөхөө мартана. Санаа зовсноос тэр. Би хүртэл санаа зовсоноос болоод нойр хүрэхгүй сэтгэцийн эмнэлэгт хэвтэж эмчлүүлж байсан шүү дээ.
-С.Зориг агсны эхнэр Б.Булгантай уулзсан уу. Хэргийн цорын ганц гэрч шүү дээ?
-Угаасаа үнэн юм үнэнээрээ л гарч ирнэ. Саяхан Олон улсын парламентын холбооныхон бидэнтэй уулзсан. Б.Булган хүртэл бидэнтэй уулзсан шүү дээ. Б.Булган надаас уучлалт гуйсан. Миний амыг боочихсон болохоор чадсангүй гэсэн. Одоо би энэ хоёр хүнийг үнэн зөвөөр нь гаргаж өг, яав ч биш шүү гэдгийг өчнөөн хэлнэ. Хуулийн байгууллага дахиад шүүх хурал хийвэл хамгийн түрүүн би оролцоно шүү гэж хэлсэн. Тэгээд надаас уучлалт гуйсан.
-Мөн та хэрэг гардаг өдөр Дорноговьд байсан тухайгаа ярьсан байсан. Энэ талаар тодруулахгүй юу?
-Надаас хэрэг гардаг өдөр та хоёр хаана байсан бэ гэж асуусан. Би 17 жилийн өмнөхийг яаж санадаг юм бэ. Бид хоёр ямар ч байсан цуг байсан. Дорноговь, эсвэл Эрдэнэтэд байсан гэсэн мэдүүлэг өгсөн. Сүүлд нь манай дунд охин, талийгаач охин маань санаад хэлсэн. Манай дунд охин Дорнговьд есдүгээр сарын 1-нд нэгдүгээр ангид орж байсан. Ингээд би бүх бичиг баримтыг нь материалтай нь хавсаргаж өгсөн. Энийг хэрэгсээгүй. Сүүлд нь бодоод байсан чинь 1998 онд Эрдэнэтэд байсан хашаа байшингаа зараад Дорноговь руу явсан. Тэнд айлын байр түрээсэлж байсан юм билээ. Тэр бичиг баримт нь бүгд гарч ирдэг. Үүнийг ерөөсөө харгалзаж үзээгүй.
-Хэргийн үнэн мөн олдож, Т.Чимгээ гараад ирэхэд цаашдын амьдралаа та хэрхэн харж байна вэ?
-Хэцүү шүү дээ. Гэхдээ энэ нь Т.Чимгээ бид хоёрын хоорондох асуудал биш шүү. Би тэр агуулгаар нь хэлээгүй. Энэ бусдыг хэлмэгдүүлсэн нь зүгээр нэг ажиллагаа биш. Үүний цаана өчнөөн “том” хүмүүс байгаа. Мань мэтийн жоохон юмнуудыг, миний ханийг, намайг ч яах юм билээ. Үр хүүхдүүдээр минь оролдох юм биш биз. Энэ талаас нь хэцүү гэж байгаа болохоос биш өөр надад бодогдох зүйл байхгүй. Айдас, түгшүүр одоо хүртэл байж л байна.
Г.БАТ
ondor nastan · 2019/06/15
Burhan hamgaalna.