Бандгар баян авгай нар баян хоосны ялгаа гэж орилолдох нь хэр шударга вэ?
2019/07/01
Монгол Улс 27 жилийн дараа Үндсэн хуулиа өөрчлөх гэж байна. Өнгөрсөнд өрнөсөн болохгүй бүхэн Үндсэн хуулиас үүдсэн юм шиг ойлголт, яриа хөөрөө газар аваад буй. Яг үнэндээ тийм биш. Ардчиллын 27 жилийн түүхийн алдаа бүр улстөрчдийн мөнгө, эрх мэдэлд улайрсан шуналтай холбоотой.
Манай сонин өнгөрсөн жилүүдийн бузар булай, болох бүтэхгүй бүхэн Үндсэн хуулиас шалтгаалаагүй гэж бичсэн нь цаанаа ийм учиртай. Учир мэдэх улсын тухайд Үндсэн хуульд хир халдаах дургүй, эцэг хуулийн өөрчлөлт дээр бодолтой ухаалаг хандах хэрэгтэй гэсэн байр суурь барьж суугаа анзаарагддаг. Эрүүл ухаан, энгийн логикоор бодсон ч тийм л дээ. Олон засаг солигдсон нь Үндсэн хуулиас болсон гэвэл хэн ч итгэхгүй. Харин хувь улстөрчийн атаа шунал, улс төр-эдийн засгийн бүлэглэл болтлоо төгөлдөржсөн нэгдлүүдийн эрх ашиг, тэмцэл, зөрчилдөөнөөс болсон гэвэл толгой дохих хүн дэндүү олон.
Мэдээж Үндсэн хуульд гар хүрэх зайлшгүй шалтгаан байгаа гэдгийг хэн ч үгүйсгэхгүй. Гэхдээ бүх л зүйлийн саад гацаа мэт ярьж, газар дор ортол муучлах нь хэтэрхий гэнэн, туйлширсан хандлага. Үндсэн хуулийг газар дор ортол хэлж байгаа бас нэг шалтгаан байна аа. Энэ талаар бичих гэж багахан оршил хийлээ. Үндсэн хуулиа муучлах болсон улстөрчдийн том шалтгаан нь баян хоосны ялгаа ихэслээ гэх шүүмжлэл. УИХ-ын баян гишүүд, тэр дундаа УИХ-ын чинээлэг эмэгтэй гишүүд “Баян хоосны ялгаа ихэссэн нь Үндсэн хуулиас боллоо” гэж матрын нулимс унагаад сүйд байна. Баян чинээлгээрээ алдартай М.Билэгт, Ц.Гарамжав, Д.Оюунхорол нар бүр онцгой “шаналж” яваа. Эрчүүдээс “Оргил”-ын Ж.Ганбаатар, “Тэс петролиум”-ын Т.Баттөмөр хоёр бас Үндсэн хуулиас болж ядуу, зүдүү иргэдээ өрөвдөж хайрлаад жигтэйхэн байгаа. Сая нэр дурдсан гишүүд “Шударга ёс алдагдлаа. Баян хоосны ялгаа зааг улам тодроод байна. Ерөөсөө Үндсэн хуулиа өөрчлөхгүй л бол хөөрхий бидний ядуус туйлдаж хэцүүдэх нь” гэсэн агуулгатай үг унагацгааж сууна. Эдэнд хандаж хэлэх нэг л үг аман дээр гарч ирээд байх юм. Худлаа жүжиг тавихаа боливол ямар вэ, эрхэм чинээлэг гишүүд ээ.
Ц.Гарамжав Заамарын хөндий, “Монполимет”-ээ, Д.Оюунхорол “Отгонтэнгэр” их сургуулиа, М.Билэгт “Билэг” их дэлгүүрээ, Ж.Ганбаатар “Оргил” сүлжээ дэлгүүрүүд дээрээ нэмэх нь “Энканто”-гоо, Т.Баттөмөр “Тэс петролиум”-аа өрөвдөж энэрээд сүйд болоод байгаа эгэл иргэддээ хуваагаад өгчихвөл шүүмжлэх шалтгаан алга. Харамсалтай нь их мөнгө, том бизнестэй гишүүдээс ийм зориг гарахгүй. Ингэж чадахгүй байж баян хоосны ялгаа хэтэрлээ гэж худлаа жүжиглэх шаардлагагүй.
Ер нь тэгээд шуудхан хэлэхэд Үндсэн хуулийн гол санаа, амин сүнс нь баян хоосны ялгаа бүхий нийгэм байгуулах биз дээ. Төв Азийн Монгол бол ардчилсан засаглалтай, зах зээлийн эдийн засагтай улс. Үндсэн хуулиндаа төвлөрсөн биш чөлөөт зах зээлтэй, хувийн өмчийг дээдэлж, хүндэтгэнэ гэсэн утгатай заалт тусгачихсан улсуудын нэг. Чадалтай нь боломжоо ашиглаад өндийхийг хуулиараа дэмжиж тэтгэсэн тийм л нийгэмд бид амьдарч байгаа. Товчхондоо баян нь баян, бүр тасарсан баян байхыг, ядуу нь ядуу, бүр туйлдсан ядуу байхыг зөвшөөрсөн Үндсэн хуультай улсын иргэд бол монголчууд. Америк, Канад, ер ардчилал, зах зээлийг сонгосон дэлхийн улсуудын иргэд ийм хуулийн дор аж төрж яваа. Тэгтлээ нүдээ томруулж, чихээ сортойлгож сонсох тэрслүү үг биш. Амьдрахаар сонгосон нийгмийн маань уг жам нь тийм.
Үндсэн хуулиас болж баян хоосны ялгаа ихэссэн гэж яриад суугаа гишүүдийн цаад санаа нь тэгээд юу юм бол. Үндсэн хуулийн хувийн өмчийг хамгаалсан, чөлөөт зах зээлийг дэмжсэн заалт, агуулгыг өөрчлөх гээд байгаа хэрэг үү. Өмнөх нийгэм шиг бүх хөрөнгө төрд төвлөрсөн, иргэд нийтээрээ даржин ядуу амьдрах сонголт руу чирэх эрсдэлтэй өөрчлөлт баян гишүүдийн толгойд эргэлдээд эхэлчихэв үү? Үндсэн хуулийн хэлэлцүүлэг эхэлсэн өдий үед лавлах ёстой асуулт. Хэрвээ ийм агуулгатай өөрчлөлтийг Үндсэн хуульд хийвэл хувьсгалын шинжтэй өөрчлөлт болно. Арай ч ингэхгүй байх л даа, гэхдээ ингэж хардахаар яриа үүсгээд суугаа гишүүд нэг биш нэжгээдээр тоологдож эхэлсэн учраас хардах, болгоомжлох, сануулах эрх, үүргийнхээ хүрээнд энэ сэдвийг хөндөж байна.
Дахин давтан хэлэхэд үнэхээр нэг хэсэг нь хэт баяжаад, нөгөө зарим нь хэтэрхий үгүйрээд хэцүүдсэн бол, ядуу иргэдээ хөрөнгөжүүлмээр санагдаад байгаа бол эхлээд өөрсдийнхөө хөрөнгөнөөс хувь хүртээчих, гишүүд ээ. Тэгвэл та бүхний иргэдийнхээ төлөө гэсэн сэтгэл зовнилд итгэе. Тэгж чадахгүй бол Үндсэн хуулиа зүхэн байж аж төрж яваа нийгмээ адлахаа боль.
У.Черчилийн нэг алдартай үг бий. Их Британийн Ерөнхий сайдаар ажиллаж байсан энэ эрхэм “Ардчилал бол төгс зүйл биш, гэхдээ хүн төрөлхтөн үүнээс дээрийг бодож олоогүй байна” гэсэн үгийг зүгээр ч нэг унагаагүй. Заримынх нь санагалзан дурсах дуртай социалист нийгмийн амин сүнс бол бүгдийг тэгшитгэх. Чадалтай, чадалгүй, боловсролтой, боловсролгүй ялгаагүй, нийтээрээ тэгш байдаг тийм нийгмийг цогцлоох гэсэн бүх улс бүтэлгүйтсэн. Тэсч үлдсэн Куба одоо хэцүүхэн байгаа. Дэлгүүрүүд нь цөөн хэдэн бараатай, ресторанууд нь хэтэрсэн үнэтэй даржин хоолтой нийтээрээ хэцүүхэн яваа тухай сурвалжлага саяхан манай сонинд нийтлэгдсэн. Хойд Солонгосын тухай бол бүр ярилтгүй. Капитализмаас ухраад байгалийн баялгаа ард иргэддээ тэгш хүртээнэ гэж гадны хөрөнгө оруулагчдыг хөөж туусныхаа горыг Венесуэл одоо амсч байна. Инфляци нь өчнөөн тэгтэй тоогоор хэмжигдсэн, иргэдийнх нь боловсролтой чадалтай хэсэг эх орноосоо дүрвэсэн зурагтай байна. Нийтээрээ тэгш амьдрах ёстой гэсэн философийг дагасан улс орнууд гэвэл ингэсхийгээд шувтарч байна гэчихвэл үнэнээс зөрсөн дүгнэлт болохгүй.
Баян хоосны ялгааг гайхаж муушаасан манай хэдэн гишүүн бас нэг гоё юм яриад яваа. Иргэддээ байгалийн баялгаас тэгш хүртээнэ гэсэн өгүүлбэр давтамжтай дуулдаж эхэлснийг уншигч та ч анзаарсан байх. Цагтаа дэлхийд эдийн засгаараа цойлж явсан Венесуэлийн хар түүх яг ингэж эхэлж байлаа. Гадаадын хөрөнгө оруулагчдыг хөөж явуулж, бизнесийг нь булаасан Венесуэлийн төр эхэндээ ч данагар байсан л даа. Иргэн бүрдээ үнэгүй байр өгөөд л. Иргэд нь агуу их удирдагчийнхаа сүр хүчийг бахдан биширцгээгээд эхэндээ сайхан байсан ч сүүлдээ улсаараа байдгаа барсан гашуун үнэн нүдэн дээр ил тод байна. Одоо энэ улсуудын нөгөө талыг харъя. Америк, Европ гээд хөгжлөөрөө цойлсон улсын түүхийг харах нь ээ хөрөнгөлөг хэсгээ дэмжсэн бодлого явуулсаар өнөөг хүрсэн байдаг. Тэнд төр нь хөлсөө урсгаж дээш гарсан хөрөнгөтнүүдээ адалдаггүй. Нийгмийн баялгийг нэг хэсгээс нь булаагаад нөгөө хэсэгт нь тарааж өгөх тухай яриа үүсгэдэггүй. Харин ганцхан зүйлд онцгойлон анхаардаг. Тэр нь хүн бүрд тэгш боломж өгөх. Төрийнх нь санаа зовж, зохицуулж хийдэг зүйл нь ердөө энэ. “Гарааны тэгш боломж өгье. Чадах нь хөрөнгөжөөд аятайхан амьдар” л гэдэг.
Бид бүгдээрээ хөрөнгөгүй амьдардаг тийм нийгмийг нэгэн жарнаас илүү хугацаагаар туулсан ард түмэн. Түрүүн хэлсэнчлэн нэг сайн хүн гарч ирээд хөрөнгө тараахыг хүн төрөлхтөн өнгөрсөн түүхээрээ туулаад, туучаад гарсан. Ингэж болдоггүйг хүний нийгэм сая сая амины төлөөстэйгөөр мэдэрсэн. Ийм л замыг туулж байж эцэст нь ардчилсан Үндсэн хуулиа баталсан үндэстнүүдийн нэг нь бид өөрсдөө. Тэгэхээр тогтолцоо системийг өөрчилж, байдлыг өнөөгийнхөөс дордуулж мэдэх өөрчлөлтөд уриалсан дэмий үг яриа үүсгэлгүйгээр зүгээр л Үндсэн хуулиа сайжруулах талд анхаармаар байна.
matilda · 2019/07/01
Irgen · 2019/07/01
Ta Bol Hooson tolgoitoi hongio bogostoi holion bantan baina aa
Иргэн · 2019/07/01
ХООСОН ЧАЛЧИГЧ БАНДГАР БАНДГАР ШУНАЛТНУУД ХООСОН ЧАЛЧИХАА Л БОЛЬЧИХ...