Үнийн өсөлт хяналтаас гарсныг ард иргэд нотоллоо
2014/03/11
УИХ дахь МАН-ын бүлэг санхүү, эдийн засгийн хүндрэлийг даван туулах талаар саналаа ирүүлэхийг ард иргэд, эдийн засагчид, бизнес эрхлэгчдэд хандан уриалга гаргасан.
Энэхүү уриалгын хүрээнд УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт, УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан нар валют арилжааны "Найман шарга", хүнс барааны "Хүчит шонхор" болон "Барс " худалдааны төвд ажиллаж, ард иргэдийн санал бодлыг сонслоо. Ам.долларын өсөлт, төгрөгийн сулрал, үүнийг дагасан үнийн өсөлт ард иргэдийн амьдралд хүндээр тусч байгааг очсон газар бүрт хэлж, энэ талаар яаралтай арга хэмжээ авах цаг болсныг УИХ-ын гишүүдэд уламжилж байв. Монгол Улс нийт хэрэглээнийхээ 88 хувийг импортоор авч, үлдсэн 12 хувийг л дотоодын үйлдвэрлэлээр хангадаг. Тийм учраас гадаад валютын ханшийн өсөлт импортын бараа, бүтээгдэхүүнд шингэж, монгол хүн бүрийн өрхийн орлогод их, бага хэмжээгээр нөлөөлж байна. Ам.долларын өсөлт валютаар худалдаа хийдэггүй иргэдийн амьдралд төдийлөн нөлөөлөхгүй гэж эрх баригчид ярьж байгаа нь бодит байдалд нийцэхгүй байна. Ам.долларын өсөлт иргэдийн амьдралд өнгөц харахад нөлөөлөхгүй байгаа мэт боловч өдөр тутмын хэрэглээнээс нь чимх чимхээр "чимээгүй" зулгааж байгааг иргэд хэлж, сануулж байлаа.
Ам.долларын өсөлтийг Монголбанк хянаж чадахаа больжээ
Ийм үгийг валютын худалдааны "Найман шарга" захын ченжүүд хэлэв. Өнөөдрийн байдлаар “Найман шарга” валют арилжааны төвд нэг ам.долларыг 1775 төгрөгөөр худалдан авч, 1780 төгрөгөөр арилжиж байна. Мөн юанийг 285 төгрөгөөр худалдан авч, 290 орчим төгрөгөөр арилжиж байв. Гадаад валютын ханш нь тухайн улсын эдийн засгийн нөхцөл байдлыг тодорхойлох “халууны шил” гэсэн үг. Өнөөдөр валютын ханш ийм савалгаатай тогтворгүй байгаа нь эдийн засаг хэрхэн хүндэрснийг харуулж байгаа юм.
Валютын ханшийн огцом өссөн шалтгааныг төр засгаас ам.долларын ханшийг тогтвортой хэмжээнд барих бодлого явуулахгүй байгаатай холбон тайлбарлаж байв. Ялангуяа хаврын улиралд импортын бараа, бүтээгдэхүүний эрэлттэй холбоотойгоор ам.доллар цаашид ч өсөх хандлагатайг МАН-ын бүлгийн гишүүдэд хэлж байв. УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан ам.долларын огцом өсөлт улсын эдийн засаг хохирол учруулж, бизнес эрхлэгчид, ард түмний нуруун дээр хүнд ачаа болж байгааг онцлов. 2014 оны төсөвт нэг ам.долларыг 1384 төгрөгт барихаар тооцож Засгийн газар барилга байшин, замын тендер зарлаж байгаа. Гэтэл ханшийн зөрүүнээс болж эдийн засагт их хэмжээний хохирол учирч байгааг тэрээр хэлсэн юм.
Ам.доллар, юанийн өсөлтийн хор хохирлыг хамгийн их мэдэрч яваа хүмүүс бол хилийн чанадад суралцдаг оюутнууд юм. Тэдний нэг урд хөршид сурдаг оюутан Б.Ундрахын хэлснээр юанийн өсөлтөөс болж есөн сая төгрөгийн сургалтын төлбөрийн зөрүү гарч хохирол амсчээ. Байдал ийм байхад ам.долларыг зоргоор нь өсгөж байгаа Монголбанк, Засгийн газарт хариуцлага ярих цаг болсныг ч энэ үеэр иргэд сануулж байв.
Үнэ тогтворжуулах хөтөлбөрийн үр дүн жинхэнэ эзэддээ хүрсэнгүй
Дэнжийн мянгад байрладаг "Хүчит шонхор" захаас хоол хүнсний зүйлээ цуглуулахаар явж байсан Д.Цагаан гуайтай УИХ-ын гишүүд юуны өмнө уулзлаа. Тэрээр өглөө эрт томхон шуудай барьсаар энэ захыг зорин иржээ. Тэтгэврийн хэдэн төгрөгөөрөө өмнө нь мах, цувдай, гурил будаагаа хэн нэгний тусламжгүйгээр ядах юмгүй цуглуулчихдаг байсан Д.Цагаан гуай хэдэн цаг захаар хэсээд ч олигтой юм авч чадаагүйгээ учирлаж байлаа.
Гурил, будаа худалддаг иргэн Я.Энхсайхан өнгөрсөн жил нэг шуудай будааг 30 мянган төгрөгөөр худалддаг байсан бол энэ жил 50 мянгад хүрчээ. Өнгөрсөн жилүүдтэй харьцуулахад хамгийн их өсөлттэй нь цагаан будаа гэнэ. Өргөн хэрэглээний энэ мэт бараа үнэд орсноос болж иргэдийн худалдан авах чадвар ч мууджээ. Өмнө нь 25 кг-аас дээш савлагаатай гурил их борлогддог байсан бол одоо ихэнхдээ 10 кг-аас ч бага хэмжээгээр борлуулдаг үе олон болсон талаар тэрээр УИХ-ын гишүүдэд хэлж байлаа.
Засгийн газраас үнэ тогтворжуулах нэрээр зарцуулсан гурван их наяд төгрөг жинхэнэ эзэндээ хүрэх нь бүү хэл замын дунд нам, фракц дагасан хэсэг бүлэг хүмүүсийн халаасыг зузаалах хэрэгсэл болсныг шүүмжлэх ч хүмүүс бишгүй байв. Тэд "Эрх баригчдын бодлого хэнд өгөөжөө өгөөд байна вэ", "Хэдэн их наядаар эргэлдэж буй төсвийн хөрөнгө ард иргэдийн амьдралд наалдахгүй байна" гэж ярьж байв. Мөн Засгийн газар, сайд нар амьдрал сайхан байна гэж албан тасалгааны цонхоор амьдралыг тольдохоос илүүтэй ард иргэдийнхээ амьдралын гүнд орж ажиллах, санал бодлыг нь сонсохыг гишүүдээр дамжуулан уламжилж байлаа.
Чингэлтэй дүүргийн иргэн Г.Батчулуун "Валютын ханшийг барих ёстой Монголбанк ажлаа хийж чадахгүй байна. Гэр хороололд амьдардаг иргэдэд үнийн огцом өсөлт хүндрэлтэй тусч байна. Засгийн газар тэтгэврийг 30 хувиар нэмэгдүүлнэ гэчихээд хэдхэн хувиар л нэмлээ. Би л гэхэд улсад 40 жил ажилласан. Гэтэл наймхан хувиар л тэтгэврээ нэмүүллээ. Энэ найман хувь үнийн өсөлтийг гүйцэж чадахгүй юм. Засгийн газар ядаж 30 хувь нэмлээ гэж худлаа ярихаа болих хэрэгтэй" хэмээн гомдоллож байв. Харин өндөр настан Ц.Бямбаа "Нэг кг махаа ч авч дийлэхгүй хүн зөндөө байна. Цувдай толгойны үнэ ч их өссөн. Ахмадууд битгий хэл дунд насныхан ч амьдрахад хүнд байна" гэв.
Тус захад нөөцийн мах шинэ махнаас 300 төгрөгөөр илүү үнэтэй борлогдож байгааг уг захад худалдаж эрхэлж буй хүмүүс ярив. Иймээс нөөцийн мах үнэ хөөрөгдөж байна, үүнд анхаарах цаг болжээ гэлээ.
Иргэдийн худалдан авах чадвар илт мууджээ
Өмнөх жилүүдтэй харьцуулахад иргэдийн худалдан авах чадвар эрс муудсаныг "Барс" худалдааны төвд жимс, ногоо борлуулдаг иргэн Ч.Оюунцэцэг хэлж байлаа. Ялангуяа жимс, жимсгэний борлуулалт буурахын зэрэгцээ энэ чиглэлийн бизнес эрхлэгчид валютын ханшийн өсөлтөд үнэхээр туйлдаж, алдагдал хүлээх болсноо ч УИХ-ын гишүүдэд дуулгаж, шаардлагатай арга хэмжээг аваач хэмээн хүсч байв. Өнгөрсөн оны гуравдугаар сард нэг юань 225 төгрөгтэй тэнцэж байхад хайрцаг чинжүүг 18 мянган төгрөгөөр худалддаг байсан бол одоогийн ханшаар энэ нь 48 мянган төгрөг болсон байх жишээтэй. Үнэ огцом нэмэгдсэн болохоор худалдан авалт ч тэр хэмжээгээр буурчээ. Хүнсний ногооны үнэ ч өнгөрсөн жилийнхтэй харьцуулахад 400-500 төгрөгөөр нэмэгдсэн байна. Борлуулдаг бүтээгдэхүүнийх нь дийлэнх нь импортынх байдаг тус худалдааны төвийн худалдаачид энэ жил борлуулалт бага, иргэдийн худалдан авах чадвар илт муудаж байгааг анзаарснаа ч гишүүдэд дуулгаж байсан юм.
Энэ үеэр нэгэн иргэн сар бүр гаргадаг статистик үзүүлэлтүүдэд итгэхгүй байгаагаа хэлж, "Амьдрал үнэхээр хэцүүдэж байна шүү. Сайд нар бодит хөрсөн дээрээ бууж амьдралд хүрч ажилламаар байна. Эдийн засаг өслөө гэж байгаа ч бидний амьдралд огтхон ч мэдрэгдэхгүй байна. Зарим үед хэрэгтэй хүнсний зүйлээ граммлаж авах үе ч гарах юм байна шүү дээ" хэмээн санал бодлоо солилцлоо. Ийнхүү очсон газар бүхэнд үнийн өсөлт хяналтаас гарсныг ард иргэд хэлж, яаралтай арга хэмжээ авахыг эрх баригчдад хандан дуулгасан юм.
Зочин · 2014/03/21
банкууд доллорыг өндөр үнээр дамлан зарж банкыг ашигтай ажиллуулсан гээд ажилтнууд 60 хүртэл сая төгрөгийн шагнл авч монгол төрийн мөнгөний ханшийг навс унагасан гээ биздээ
Зочин · 2014/03/12
ard irgediin amidral ulam l doroitsoor bn
Зочин · 2014/03/12
Alban tasalgaa,amraltiin bolon VIP uruund bairshuulan dasgal surgalt hiij togloj boloh Office Golfiin ij burdeluud zarj bna.Uund:Modon suuritai ni(3m urt 2zamtai zulegtei,bombog butsaagchtai,tsohiuriin taviurtai,putter-n set)-350000tog,ABC suuritai ni(3m urt 2zamtai zulegtei,putter-n set)-230000tog,ABC suuritai(3m urt 1zamtai zulegtei,putter,2sh bombogtei)-180000tog,Dasgal surgaltiin tsohilt hiih tor(3m urt*2.20h*1.80orgon,10sh golf bombogtei)-290000tog,Golf surgaltiin zoolon bombog-2500tog.Zurgiig ni oruullaa.Ulaanbaatar ih delguur 3 davhart-My Sports shop.Utas:95000020,95050020
Зочин · 2014/03/12
odoo yaay gehewdee AN-n iim malnuudiig songoson ulsuud