МАН-ын генесек Ж.Мөнхбат Орхон, Булган аймагт ажиллаа
2014/03/19
МАН-ын удирдлагууд хөдөө орон нутагт ажиллаж, гишүүд дэмжигчид, сонгогчидтой уулзаж байгаа билээ. Тэгвэл МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат энэ өдрүүдэд Орхон, Булган аймгуудад ажиллаж, сонгогчидтай уулзалт хийлээ. Түүнтэй хамт УИХ-ын гишүүн Д.Оюунхорол, УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр, МАН-ын Бага хурлын гишүүн Ц.Цэнгэл нар ажилласан юм. МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат эхлээд Орхон аймгийн Худалдаа үйлчилгээний төвөөр орж худалдаа эрхлэгчидтэй уулзсан.
Уулзалтын үеэр худалдаа эрхлэгчдийн зүгээс иргэдийн худалдан авах чадвар муудаж, бараа бүтээгдэхүүний үнэ өдрөөс өдөрт нэмэгдэж түрээсийн хэдэн төгрөгөө төлж чадахаа байсан тухай ярьж байлаа. Биднийг захаар ороход хүн сийрэг байсан, ер нь иймэрхүү байдаг болсон гэлээ. Мөн хүний хөгжил сангаас иргэдэд олгогдож байсан 21000 төгрөг өрхийн амжиргаанд бага боловч нэмэр болж байсныг худалдаа эрхлэгчид хэлж байлаа. Энэхүү мөнгийг банкны гадаа халуун нар, хүйтэн жаварт хэдэн цагаар, бүр хэд хоногоор зогсч, дээр доороо орохоос наагуур юм болж байж авдаг байсан хэдий ч амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлоготой, ядуу буурай амьдралтай олон мянган өрх түүний ачаар хоёр идэхгүй, хоосон хонохгүй байж, түлээ нүүрсээ залгуулдаг байсан гэхэд хилсдэхгүй.
Гэсэн ч Шинэчлэлийн Засгийн газрын зүгээс “ард иргэдээ бэлэнчлэх сэтгэлгээнд сургаж байна, архичингуудад төрөөс архины мөнгө тарааж байна” гэхчлэн олон янзын шүүмжлэл өрнөж байсан билээ. Гэвч 21000 төгрөг олгогдохоо болиод 1-2 сар болоход л түүнийг үгүйлсэн орон зай эдийн засаг, бизнесийн салбарт ажиглагдаж эхэлсэн юм. Ялангуяа ажлын байр гэхээр юмгүй хөдөө орон нутгийн иргэдийн амьдрал ахуйд илүүтэй мэдрэгдэх болжээ. Өмнө нь 5-6 ам бүлтэй айл гэхэд хүний хөгжлийн мөнгө 100 гаруй мянган төгрөг сардаа авч хоногийн хоолоо боломжийн залгуулчихдаг байсан, мөн энэ хэрээр худалдаа наймаа эрхлэгчдэд ахиухан ашиг орлого ордог байсан гээд 21000-ын үр өгөөж бас их байсныг иргэдийн яриа харуулж байлаа.
Иргэд ч мөн аймаг орон нутагт тулгамдаад байгаа асуудлуудаа ярьж, Засгийн газар, УИХ-ын үйл ажиллагаанд үнэлэлт дүгнэлт өгч байлаа. Хөөрөг нь томдсон, дээл нь томдсон, албан тушаал нь томдсон, ухаан нь жижигдсэн хүмүүс монголчуудын амьдралаар тоглож, монгол төрийг зүй бусаар сульдааж байгааг тодотгосон юм.
Энэ мэтчилэн МАН иргэдийн зүгээс тавьж байгаа асуудлуудыг багцлан тоймлож, нэн шаардлагатайг төр, засгийн бодлого шийдвэрт тусгуулж, сөрөг хүчний хувьд гэрийн даалгавараа сайн хийж ард түмэндээ харуулах болно гэдгээ хэлж байлаа. Ард иргэдийн зүгээс ч бид чинь сонгуулийн үеэр л гишүүдийг хардаг бол, МАН бидний дунд орж, ажиллаж байгаа нь аль ч үед ард түмэнтэйгээ хамт юм гэдгийг ойлголоо гэсэн үгийг дайж байлаа.