Барилга захиалагчийн албадыг татан буулгалаа
2014/03/21
Засгийн газрын ээлжит хуралдаан болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Үүнд,
-Хамтарсан компани байгуулна-
Монгол Улсын нүүрсний экспортыг нэмэгдүүлэх, гадаад худалдааны тэнцвэрийг сайжруулах зорилгоор Гашуунсухайтын боомтыг БНХАУ-ын Ганцмод боомттой холбосон нарийн төмөр зам барьж, ашиглах зорилго бүхий “Гашуунсухайтын төмөр зам” ХХК-ийг холбогдох аж ахуйн нэгжүүдтэй хамтран байгуулах, хөрөнгө оруулах замаар тодорхой тооны хувьцаа эзэмшихийг Эрдэнэс-Тавантолгой ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлд зөвшөөрлөө. Хамтарсан компанийн Хувьцаа эзэмшигчдийн гэрээний дагуу Эрднэс-Тавантолгой ХК хамтарсан компанийн нийт хувьцааны 17 хувийг эзэмших бөгөөд түүнд ноогдох хөрөнгийг оруулах шаардлагатай болж байна. “Гашуунсухайтын төмөр зам” ХХК-ийг байгуулахад хувь нийлүүлэгчид компанийн дүрмийн санд эхний ээлжинд 500,000 ам.долларын хэмжээний хөрөнгийг тус тусын хувьцааны тоогоор төвлөрүүлэх шаардлагатай гэж үзжээ.
-Барилга захиалагчийн албаны чиг үүргийг “Барилгын хөгжлийн төв”-д шилжүүллээ-
Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдаж байгаа барилга байгууламжид захиалагчийн хяналт хийх чиг үүрэг бүхий Боловсрол, шинжлэх ухааны яам, Эрүүл мэндийн яам, Соёл, спорт, аялал жуулчлалын яамны дэргэдэх Барилга захиалагчийн алба, орон тоог татан буулгаж, тэдгээрийн хэрэгжүүлж байсан чиг үүргийг орон тоогоор нь “Барилгын хөгжлийн төв” төрийн өмчит үйлдвэрийн газарт шилжүүллээ. “Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ нь барилгын норм, дүрэм, стандарт боловсруулах, улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдах барилгын ажилд захиалагчийн хяналт тавих, барилга байгууламжийн зураг төсөлд магадлал хийх ажлыг зохион байгуулах зэрэг үндсэн чиг үүргийг хэрэгжүүлэн ажилладаг. Барилга захиалагчийн албадыг татан буулгаж, үйл ажиллагааг нь “Барилгын хөгжлийн төв”-д шилжүүлснээр холбогдох хууль тогтоомж, бусад эрх зүйн актад өөрчлөлт оруулах шаардлагагүй юм.
-Хилийн боомтын нэгдсэн захиргааны төсвийн асуудлыг шийдвэрлэлээ-
Монгол Улсын Их Хурлаар батлагдсан Хилийн боомтын тухай хуулийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэргэд ажлын хэсэг байгуулагдсан. Боомтын захиргаа нь боомтын хяналтын байгууллага болон аюулгүй байдлыг хангах, албан хаагчдын нийгмийн асуудлын талаар бодлого боловсруулах үүрэгтэй. Энэ хүрээнд Хилийн боомтын нэгдсэн захиргаанд хил, хяналтын байгууллагуудаас шилжүүлэх үл хөдлөх болон хөдлөх хөрөнгө, зарим сайд нарын төсвийн багцаас ЗГХЭГ-ын төсвийн багцад төсөвт зардал шилжүүлэх тухай асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд зохицуулалт хийж хөрөнгө шилжүүлэх тухай тогтоолыг баталлаа. ЗГХЭГ-ын дэргэд Хилийн боомтын нэгдсэн захиргаа байгуулагдаж байгаатай холбогдуулан боомтын хяналтын болон аюулгүй байдлыг хангах байгууллагуудаас шилжих 128 орон тоо, урсгал зардлыг төсвийн тодотголоор боомтын нэгдсэн захиргаанд шилжүүлэхийг холбогдох төсвийн ерөнхийлөн захирагч нарт даалгалаа. Мөн Монгол Улсын 2014 оны төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд холбогдох өөрчлөлтүүдийг тусгах, төсвийн тодотгол хийх хүртэлх хугацаанд тус байгууллагуудыг харьяа төсвийн ерөнхийлөн захирагчдын батлагдсан төсвөөс санхүүжүүлж ажиллахыг Сангийн сайд Ч.Улаанд даалгалаа.
-Гаалийн тарифын зөвлөлийн дүрмийг шинэчлэн боловсруулна-
Гаалийн тарифын зөвлөлийн үйл ажиллагааг тогтвортой явуулах нөхцлийг бүрдүүлэх зорилгоор Гаалийн тарифийн зөвлөлийн дүрмийг шинэчлэн боловсруулж, батлуулах арга хэмжээ авахыг Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Сангийн сайд Ч.Улаан нарт даалгалаа. Гаалийн тарифийн зөвлөлийн бүрэлдэхүүнийг 2012 онд шинэчлэн баталсан боловч Зөвлөлийн нарийн бичгийн даргын үүргийг аль байгууллага хүлээх нь тодорхой бус байгаагаас Зөвлөл тогтвортой үйл ажиллагаа явуулахгүй байна. Гаалийн тариф нь гадаад худалдааны бодлогын арга хэмжээний хэрэгсэл болохын хувьд Гаалийн тарифийн зөвлөлийн нарийн бичгийн даргын үүргийг худалдааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болох Эдийн засгийн хөгжлийн яам хүлээж, Зөвлөлийн үйл ажиллагааны тогтвортой байдлыг хангах нь зүйтэй гэж үзлээ.
-Бусад асуудлыг ийн шийдвэрлэлээ-
-Ардчилсан хувьсгалын 25 жилийн ойг 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдөр тэмдэглэн өнгөрүүлэхээр тогтож, тус ойн арга хэмжээг зохион байгуулах үүрэгтэй Үндэсний хороог байгуулав. ·
-Ачаа тээврийн агаарын хөлөг, түүний сэлбэгийн гаалийн болон НӨАТ-ын төлөх хугацааг 2 сар хүртэл хугацаагаар сунгалаа.
-Төрийн болон нутгийн захиргааны байгууллагууд салбарын болоод орон нутгийн ой, тэмдэглэлт өдрийг тохиолдуулан төсвийн хөрөнгөөр мэндчилгээ явуулж байгааг зогсоох арга хэмжээ авахыг агентлагийн удирдлагууд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгав.
-“Гудамж төсөл”-ийн хүрээнд аймгийн төвүүдэд хэрэгжих төсөл, арга хэмжээний санал боловсруулж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхийг Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярт даалгасан юм.
Х.Даваа