ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрынхан өнгөрсөн нэгдүгээр сард Монголд мансууруулах бодис оруулж ирж, борлуулдаг Нигерийн иргэдийг баривчлан, эд мөрийн баримт болох 500 гаруй сая төгрөгөөр үнэлэгдэх бодис хураан авсан. Тодруулбал, Холбооны Бүгд найрамдах Нигери улсын иргэн Адекола Олавасен Азийз, Анози Парлингтон Дон, Адиоди Елижах Оладапо гэх гурван эр, Изичукву Чиома Фавор гэх эмэгтэй гадаад хэлний сургалтын төвийн багш, Монголын үндэсний их сургууль (МҮИС)-ийн оюутан халхавчаар манай улсад орж ирсэн байсныг баривчилж, маш их хэмжээний мансууруулах бодис хураан авсан юм.

Тэгвэл дээрх хэргийн шүүх хурал Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд энэ сарын 8-ны баасан гарагт 13:30 цагт болно. Үүнээс гадна гадна Энэтхэг улсын иргэн З.Гани Хашим Закзе гэх эр мансууруулах бодис хууль бусаар олж авч хадгалсан хэрэгт холбогдсон. Түүний гэм бурууг энэ сарын 7-нд буюу маргааш 11:00 цагт Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр хэлэлцэх юм байна.