Тэтгэвэртээ гараад таван жил болж буй хүн Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй,  хөнгөн үйлдвэрийн сайдаар ажилладаг. Тэрбээр албан тушаал ярихаар ичиж, улайхгүйгээр эрх мэдэлтэй, нөлөөтэй нэгний өрөө дамжиж гүйдэг гэж байгаа. Намынх нь генсекээр ажиллаж байсан өдгөө УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат үүнийг бататгаж буй юм.

Тэрбээр Ч.Улааныг ХХААХҮ-ийн сайдаар томилогдох үед “Албан тушаал болохоор л ах нар гүйдэл орох юм. Төрийн ордноор сайдын албан тушаал сонсогдвол ах нар л явж байна. УИХ-ын даргын албан тушаалыг сонсоод бас л адилхан. Удахгүй Ерөнхий сайд болно гээд араандаа хийгээд явах вий дээ. Миний өрөөнд сайд болно, ах нь эв нэгдлийг хангаж ажиллана гэж орж ирсэн гурван хүнээр төлөөлүүлээд ярьчихлаа. Бодвол Ч.Улаан та ч ялгаагүй байлгүй дээ” хэмээн ширүүхэн үгийг хаяглаж байсан юм. 
Гэвч тэр ичиж нэрэл­хэлгүйгээр 65 настайдаа хоёргүй сэтгэлээр зүтгэхээ мэдэгдэж, Монгол Улсын хүнс, хөдөө аж ахуйн салбарыг удирдахаар сэтгэл шулуудсан. Ингэхдээ тэр албан тушаалд очингуутаа хэлсэн амнаасаа буцаж эрх мэдлээ ашиглаж хөдөө аж ахуйн салбарыг “самарч” явна.

Ч.Улаан насаараа дарга хийжээ. Гэхдээ түүний удирдсан салбарт ямар ч ахиц дэвшил гарч байгаагүй.

Манай улс мал аж ахуйн орон. Тэр утгаараа хөдөө аж ахуй стратегийн хамгийн чухал салбарын нэг. Гэтэл малын арьс шир үнэгүйдэж, боловсруулах үйлдвэр байхгүй, махны үнэ тэнгэрт хадсан байдалтай нэг жилийг ардаа үдэж байна. Үүнд ундуйцсан УИХ-ын гишүүн Б. Пүрэвдорж Засгийн газрын гишүүнтэй хариуцлага тооцох тухай тогтоолын төслийг УИХ-ын даргад өргөн барьсан. Тэрбээр “Ч.Улаан сайдыг огцруулах хангалттай шалтгаан байна. Малчдын малаа борлуулдаг үнэ энэ өнгөрсөн есдүгээр сараас унасан. Нэг хонийг дунджаар 125 мянган төгрөгөөр борлуулдаг байсан бол 100 мянга болсон. Адууны үнэ 200 мянган төгрөгийн үнэ унасан тохиолдол гарсан нь малчдын амьжиргаанд  хүндээр тусаж байна.
Энэ уналт ХХААХҮ-ийн яамнаас махны экспортод квот олгодог болсноос бий болсон. Хятад  голдуу эзэнтэй 10 гаруй компанид  махны экспортын квот олгодог. Эдгээр компаниуд нь 100 гаруй махны компаниас махыг нь гаргахдаа кг тутмаас найман юань буюу 3000 төгрөгийн төлбөр авч гаргаж байна. Энэ квотныхоо авлигын мөнгийг бусад компаниас авч буйтай агаар нэг. Гэхдээ махны компани нь тухайн зөвшөөрөлтэй компанид төлсөн авлигынхаа мөнгийг малчдын малын үнийг буулгах замаар нөхөж авч байгаа. Тийм учраас малын үнэ маш ихээр буурсан байна. Тухайлбал, төлөг 100 мянгаас бол 80 мянга болсон байна. Эм хонь 120 мянган төгрөг байсан бол 90 мянган төгрөг болсон байна. Эр хонь 160 мянгаас 130 мянган төгрөг болсон” гэлээ.
Махны экспортыг квотын асуудлаар боомилох үйл ажиллагаа нь компаниудыг санхүүгийн чадамжгүй, эргэлтийн хөрөнгөгүй болгож байгаа аж. Үүнээс үүдээд банкны төлбөр, зээлийн хүү зэрэг олон асуудалтай үйлдвэрлэгч компаниуд нүүр тулж байна. Олон улстөрч үүнийг мэдэж байгаа ч харамсалтай нь нэг нам гэдэг шалтгаанаар нэгэндээ хариуцлага тооцохгүй байна. Тийм учраас хуулийн төсөл өргөн барих замаар ХХААХҮ-ийн сайд Ч.Улааныг огцруулах асуудлыг өргөн барилаа хэмээн Б.Пүрэвдорж гишүүн хэлсэн юм.
Ч.Улааныг сайдаар томилохдоо Ерөнхий сайд У.Хүрэлсүх нэг зүйлийг онцгойлон анхааруулсан. “Махны үнийн хөөрөгдлийг таслан зогсоож, зохион байгуулалттай ажиллагаа явуулдаг хэсэг бүлэг хүний хууль бус үйлдэлтэй тэмцэх ажлыг хар толгойгоороо хариуц” хэмээн үүрэгдсэн билээ. Тэгвэл Ч.Улаан сайд үүний эсрэг ажиллаж байгаа өөр нэг жишээг хүргэе. 
Таваарын хонь, ямаа гадаадад гаргах тусгай зөвшөөрлийг Ч.Улаан сайдын үед буюу өнгөрсөн тавдугаар сард зургаан компанид нууцаар олгожээ. Үүнээс нэг сарын дараа хүнс хөдөө аж ахуйн салбар хариуцсан Ч.Улаан сайд ичиж улайхгүйгээр хэвлэлийнхэнд “Хилээр мал амьдаар нь гаргасан асуудал байхгүй, тусгай зөвшөөрлийг ямар ч компанид олгоогүй” хэмээн ярьж байсан юм. 
Тэгвэл ХХААХҮ-ийн яамны төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Т.Жамбалцэрэн салбарын яамаа төлөөлж зургаан аж ахуйн нэгжтэй гэрээ хийсэн байна. Энэ гэрээг талууд тавдугаар сарын 15-нд байгуулсан байх юм. Энэ зургаан компани бүгд өөр боомтоор хилээр мал амьдаар нь гаргана. Үүнтэй холбоотойгоор тусгай зөвшөөрлийн ханш 300 саяд хүрсэн тухай ч бид өнгөрсөн есдүгээр сард сурвалжилж байсан билээ.
Дээрээс нь  Ч.Улаан сайдын эхнэрийн дүүгийн компани хилээр мал амьдаар нь гаргадаг. Тус компани хоёр жилийн өмнөөс үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бөгөөд эх сурвалжуудын өгсөн мэдээллээр 300 га газрын зөвшөөрөл авч малын хашаа хорооноос эхлүүлээд нэлээд олон барилга байгууламж барьжээ. 
“Бээжин интосикэйшн интернэйшнл трейд” ХХК Ч.Улааны эхнэрийнх нь төрсөн дүү О.Даваасүрэнгийнх. Гэхдээ Даваасүрэнгийнх гэж хэлэхэд бас хэцүү. Тэр зөвхөн итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий гүйцэтгэх захирлын албатай. Энэ компанийн хувьцаа эзэмшигч нь БНХАУ-ын иргэн Хуанг Мин гэж хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээлэлд байна. Эндээс Ч.Улаан сайдын хадам дүү О.Даваасүрэн “Манай хүргэн ах сайд. Би монгол талыг зохицуулна, ийм тийм ашиг өг” гэсэн үү гэх хардлага төрж байгаа юм. Ямар учраас Монголын бус урд хөршийн иргэн бүхэл бүтэн 300 га газарт хамтарсан компани байгуулаад өөрөө хувьцаа эзэмшигч нь болоод сууж байна вэ гэдэг анхаарал татаж байна. Цаашлаад дотоодын биш гадаадын хөрөнгө оруулалттай компанид 300 га газар олгож давуу эрх өгсөн сүлжээг хайхад хүргэж буй. 
Энэ тухай ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан “Манай эхнэрийн дүүгийн компани малыг амьдаар нь авч эрүүлжүүлж, бордож тэжээгээд экспортод гаргахад үйл ажиллагаа нь чиглэдэг цогцолбор. Уг цогцолборт одоогоор 20 гаруй мянган толгой малыг эрүүлжүүлж бордсон байна. Энэ жилийн хувьд дотоодын зах зээлийн махны хангамж муудсантай холбоотойгоор бид малынхаа экспортыг түр зогсоосон. Манай эхнэрийн дүүгийн компани өмнө нь мал амьдаар нь гаргаж байсан ч энэ жил гаргаагүй. Ер нь мал амьдаар гаргах уу үгүй юу гэдэг асуудал нэлээд өндөр хэмжээнд яригдана. Бид малаа гаргах ёстой шүү дээ” хэмээх тайлбар өгсөн юм.

ЗУРГААН УДАА САЙД ХИЙХДЭЭ ЯМАР ГАВЬЯА БАЙГУУЛАВ

Ч.Улаан насаараа дарга хийжээ. Ингэхдээ 1992 оноос хойш дөрвөн удаа Сангийн сайд, нэг удаа Шадар сайд, энэ удаа ХХААХҮ-ийн сайдаар ажиллаж байна. Монгол Улсын сан хөмрөгийг атгаж асан тэрбээр эдийн засгийг чадавхижуулах, солонгоруулах, өсөлтийг бий болгох чиглэлд хэрэгжүүлсэн хөтөлбөр алга. Хэрэв тэр сэтгэлээрээ, дарга нарын “гар, хөл” болж, улстөржсөн шийдвэр гаргаж байгаагүй бол өнөөдөр Монголын эдийн засаг ингэтлээ тартагтаа тулахгүй байсан болов уу. ХХААХҮ-ийн сайдаар томилогдсоноос хойш ашиг сонирхлын зөрчилтэй шийдвэр гаргаж, хөдөө аж ахуйн бодлогыг өөд нь татсан чихэнд чимэгтэй ямар ч төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэлгүй дүлий дүмбэ оргиж сууна. Тэрбээр бас хурдан морь уях хоббитой нэгэн. Ингэхдээ эрийн гурван наадмын нэг хурдан морины уралдааныг бизнес болгоод амжжээ. Учир нь, төрийн наадамд уралдах хурдан морины стандартыг түүний толгойлдог яам хариуцдаг. Үүн дээр илт ашиг сонирхол гаргаж, төрийн наадмаар тоглосон нэг биш жишээ түүнд хаяглагдаж байна.
Малаас гарах бүтээгдэхүүнийг хэрхэн эдийн засгийн эргэлтэд оруулах вэ, дотооддоо хүнсний ногоо, гурил, гурилан бүтээгдэхүүнийхээ хэрэгцээг хангах боломжийг эрж хайсан бүтээлч ажил, санаачилга Ч.Улаан сайдаас гарсангүй. Тэр ажлаа авснаас хойш хөдөө аж ахуйн салбарт ямар ч ахиц дэвшил харагдсангүй сонгуулийн жилтэй золгож байна.

Эх сурвалж: Үндэсний шуудан сонин