​​​​​​​

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар үргэлжлүүлэн “Журамд өөрчлөлт оруулах", “Улсын аварга тариаланч хамт олон, Улсын аварга тариаланч”-д нэр дэвшүүлэх тухай, “Хөшөө дурсгал, хүндэтгэлийн самбар байршуулах, шилжүүлэх тухай”, “Нэрэмжит болгох тухай”, “Төрийн шагналд тодорхойлж, уламжлах” тухай асуудлуудыг хэлэлцэн, шийдвэрлэлээ. Тодруулбал, Төр, нийгмийн зүтгэлтэн, Төрийн соёрхолт, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, Академич Баатарын Чадраагийн мэндэлсэний 80 жилийн ойд зориулсан дурсгал хүндэтгэлийн самбарыг ШУА-ийн Физик, технологийн хүрээлэнгийн II байрны хойд хананд байршуулахыг дэмжиж, “Хүрээ” амаржих газрыг Монгол Улсын Гавьяат эмч Осорбазарын Должинсүрэнгийн нэрэмжит болгохоор тогтов.
Мөн өнөөдрийн хуралдаанаар “Төр, хэвийн хэвшлийн түншлэлээр нийслэлд төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх журам”-ыг баталлаа. “Нийслэл дэх төр, хувийн хэвшлийн түншлэл” дэд хөтөлбөрийг өнгөрсөн онд нийслэлийн ИТХ-ын 30/39 дүгээр тогтоолоор баталж, “Төр хувийн хэвшлийн түншлэлээр нийслэлд төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх журам”-ыг батлах эрхийг Тэргүүлэгчдийн хуралд шилжүүлсэн байдаг. Төр, хувийн хэвшлийн түншлэлийг практикт хэрэгжүүлэхэд эрх зүйн орчин хэт хязгаарлагдмал, нийслэлийн Орон сууцны корпораци, Хөгжлийн корпораци зэрэг хэд хэдэн хуулийн этгээд байгуулсан хэдий ч хөрөнгө оруулагчтай хэлцэл хийх эрх хэмжээ тодорхойгүй, хувийн хэвшлийг хэрхэн сонгон шалгаруулах нь тодорхойгүй байна. Иймд тухайн журмыг боловсруулах шаардлага тулгарсан байдаг. Журмыг хэрэгжүүлсэнээр сонгон шалгаруулах, үнэлэх, хувийн хэвшлийн санаачилгыг хэрхэн дэмжих, ямар шалгуур, шаардлага хангасан төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэх боломжтойг тодорхойлж, сонгон шалгаруулах ажлын хэсгийн эрх, үүрэг, төсөл, хөтөлбөр ангилах ангилал зэрэг тодорхой болох юм.
Хуралдааны төгсгөлд нийслэлийн ИТХ-ын ээлжит XXXI хуралдааныг нэгдүгээр сарын 30-ны өдрийн 10.00 цагт хуралдуулахаар тогтов.

Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ