Газар ус гэсэж амьтай бүхний зоо тэнийсэн урин цаг иржээ. Хотын дарга Э.Бат-Үүл мэрийн ажлаа авсан даруйдаа нийслэлийн өнгийг голж таван ханатай гэр, зуух, янданг орон сууцаар солих ажил эхлүүлж гэр хорооллынхныг дайлаар мордсон.

Ингээд хорин настай, хонгор зүстэй байхаасаа ардчиллын анхны хараацай болон дэвж эхэлснээсээ хойш тэрбээр өдгөө улс төрийн хувьд ч удирдагчийн хувьд ч асуудлыг алга урвуулахын дайтай шийдвэрлэж чадах зангарагтай, эрх мэдэлтэй нэгэн болтлоо ахисан болохыг нь хотын даргын суудалд очсон цагаас нь бэлхнээ харж болдог юм. Учир нь буруу хүрдтэй машиныг хотын хөдөлгөөнөөс ялгаварлахаас эхлээд дугаарын хязгаарлалт, нэгдүгээр эгнээг том оврын автобусанд чөлөөлж өгөх гэх мэтээр түүний сэдсэн бүхэн дүрэм журам болж мөрдөгдөж эхэлсэн. Ийм л ажлуудынх нь нэг нь гэр хорооллыг барилгажуулах юм. Тэгвэл хотын даргын санааг гүйцэлдүүлэх үүрэгтэй Их-Өргөө компани болон бусад компаниуд иргэдийг бухимдуулж байгааг дуулгая.

 

КОМПАНИУДЫН АМЛАЛТЫГ НЭГТГЭЕ

 

Би хийе, би чадна гэж ажлаа амлаж авсан албан ёсны 19 компа­ни бий. Гэтэл иргэдийн газрыг чө­лөөлөх, өмчийг нь авах гэж дайн зарлахаас наахнуур юм болж эцэстээ газрын болоод үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ, газар дээрх объектуудын үнэлгээ нь барилгын компаниудын амлаж байгаа 1-2 өрөө байртай дүйж чадахгүйгээс гомдолтой иргэд бишгүй байна. Өөрөөр хэлбэл, гэр хорооллын буурин дээр орон сууц “ургуулах” эрхээ нэгэнт авчихсан компаниуд эхнээсээ иргэд рүү том дуугарч заналхийлж эцэстээ төр иргэн хоёрын дунд төө битгий хэл алд дэлмийн зай үүсгэж байна. Тодруулбал, Баянзүрх дүүргийн II, IV хорооны нутаг дэвсгэр дэх “Мамба дацан орчим”-ын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, В блок 26 га газарт “Их-Өргөө” компани санал хураалгажээ. УИХ-ын гишүүн Д.Арвины мэдлийнх гэгддэг тус компанийн санал асуулгад оролцож байхдаа иргэдийн улыг долоох шахам гүйж байсан дүр төрх өдрөөс өдөрт бүдгэрч тус дүүргийн II хороо, Мамбадацан-Залуус хотхоны иргэдийн саналыг айлган сүрдүүлэх, тулган шаардах замаар ирц, хувиа бүрдүүлж авсан нь шударга үнэнд хэр нийцэх юм бол гэдгийг тус хэсгийн иргэд асууцгааж байна. “Их-Өргөө” компанийнхан “Манай компаниас өөр сонголт та нарт байхгүй. Нийтийн орон сууцны ажлыг чинь тоож авах компани байхгүй учраас манайхыг сонговол сонго, гэрээгээ хийвэл хий. Үгүй бол хоосон хоцорно шүү” хэмээн загнах, сүрдүүлэхийн хооронд ажлаа ярьж байсныг тус хэсгийнхэн манай сониноор дамжуулан дайж байна. Тэд мөн байрны чинь ам.метрийг нэмэх, нэмэхгүй байх эрх нь бидэнд байна гэх зэргээр авирласан нь иргэдийг дарамталж буй хэрэг биш гэж үү. Тэгэхээр хувийн эрх ашгаа дээдлэхээсээ өмнө хүмүүнлэг, иргэд рүүгээ хандсан бодлого барьж, нөхцөл, шаардлагаа иргэндээ таатай байхаар нэгдсэн саналтай болговол яасан юм бэ. Алагчлахгүй нөхцөлөөр орон сууцжуулбал ядаж л иргэдээс ирэх гомдол санал багасахаас гадна дээрх компаниуд ижил тэгш ачаа үүрэх биш гэж үү. Ингэхгүй бол иргэд газар гэх үл хөдлөх хөрөнгө дээр нь байгаа барилга объект бусад зүйлийнхээ үнэлгээг гаргуулж чадахгүй хохирсоор байна.

Мөн “Өндөр буянт” гэх компанитай холбоотой ийм нэгэн гомдол ирснийг дуулгая.

“Би Чингэлтэй дүүргийн VIII хорооны иргэн. Манайх 301метр квадрат газартай,7*4 өвлийн байшинтай, нэг машины грааштай. Таван жилийн өмнө дэлхийн зөнгөөс байшин барьж өгье гэтэл манай газрыг газарт орж байгаа гээд байшин бариулаагүй. 2012 онд “Өндөр буянт” гэдэг компани газрыг чинь авъя гээд бүртгэл хийгээд бараг л бэлэн мөнгө өгөөд авна гэх утгатай юм яриад санал аваад явсан. Тэр үед хоёр өрөө хуучин байр 70-80 сая төгрөгийн үнэтэй байв. Манайхыг 75 саяар үнэлсэн Түүнээс хойш хоёр жил болж байна. Одоо хоёр өрөө байр 100 сая хол гарсан. Гэтэл өнөөх компани танайхыг бид үнэлсэн 45 сая төгрөг болж байна. Аль эсвэл 32 мкв байр өгнө гэнээ. Энэ байр нь 32 мкв нь нэг өрөө байрыг хоёр хуваасантай тэнцэх хэмжээний шоронгийн камерын өрөөнөөс жижигхэн юм. Өөрсдийнх нь барьсан байр маш үнэтэй гэнэ. Танай газар жорлонгийн өрөө ч хүрэхгүй гэх юм. Харин биднийг нүүхгүй бол хохино болно шүү хэмээн айлган сүрдүүлэх боллоо. Би газрынхаа төлөө үр хүүхдүүдийнхээ төлөө болохгүй бол амь насаа хайрлахгүй тэмцэх болно. Энд луйвар явагдаад байна гэдгийг бид зарлана” гэх иргэний гомдолтой хамтатган дайя. Хотын дарга аа энэ мэт орон сууц барих компаниуд иргэдийг эхнээсээ дарамталж “хүчиндэж” газрыг нь авдаг ёс тогтох нь ээ. Юутай ч бид дараа дараачийн сурвалжлагаа дээрх компаниудын үйл ажиллагаа газар дээрээ хэрхэн өрнөж байгааг эргэн сурвалжлах болно.

 

АМИНЫ ТОХИЛОГ ОРОН СУУЦААР ХАНГАЯ

 

Өнөөгийн барилгын компаниуд орон сууцанд амьдрах хүсэлтэй иргэдийн хүслээр тоглож чанаргүй, өндөр үнэтэй байр барьж байгаа нь орон сууцны ая тухад таагүй хандах хандлагыг бий болгочихжээ. Учир нь иргэд дээрх гэр хорооллын барилгажуулалтыг дэмжихээсээ өмнө “Төр гэр хорооллыг зүлэг­жүүлж корпуслаад эмх цэгцэнд оруулах хэрэгтэй байна. Үүнийхээ дараа халуун хүйтэн усны шугамын асуудлыг шийдээд тохилог амины орон сууцтай болговол хотын дар­гын энэ ажлыг дэмжмээр байна” гэх саналтай иргэнтэй бишгүй таарлаа. Тэгэхээр санал луйвар­даж болсон болоогүй хэдэн компанийг хөөрөгдөж иргэдийн газрыг зах зээлийнх нь үнэлгээгээр үнэлж ча­дах­гүйгээс хойш гэр хорооллыг ами­ны орон сууцжуулаад дэд бү­тэц, халуун хүйтэн усны шугам, орч­ны тохижуулалтыг нь ший­дээд өгчихвөл цуурч нурсан, ус алд­сан, мөөгөнцөртсөн орчин ца­гийн чанаргүй барилгуудын тоог нэ­мэхгүй баймаар.

Мөн анхаарвал зохих хэд хэдэн санал байна. Тухайлбал, орон сууцны үнийг бууруулах, барилгын материалын үнийг төр хянах, барилгын компаниудын чанар болоод хариуцлагыг нэмэгдүүлэх, цахилгаан, дулааны найдвартай эх үүсвэртэй болох, дэд бүтэц, хот төлөвлөлтийн нарийн тооцоо судалгаа боловсруулах, арилжааны банкны зээлийн хүүг бууруулах, залуу гэр бүл болон дундаж орлоготой ажилтай иргэдийнхээ тоог нэмэгдүүлэх, тэдний орон сууцны зээлд хамрагдах нөхцөлийг сайжруулах, ахмад, өндөр наст­нуудад байрыг нь түрээслэх биш өвлөгдөж үр хүүхдэд нь үлдэх бодлогыг боловсруулах…гэх мэт амьдралын хөрсөн дэх асуудлаа цэгцлэвэл гэр хорооллын буурин дээр иргэдийн мөрөөдөл болсон барилгууд төвөггүй сүндэрлэмээр.

Тэгэхээр барилгын салбарын­ханд хандахад банз, хадаасныхаа үнээс шууд хамаарсан энэхүү бүтээн байгуулалтыг тушихгүй байх бодлого үгүйлэгдээд байна.

 

Үргэлжлэл бий…

 

М.МӨНХТУНГАЛАГ