МУИС-д бүтцийн  өөрчлөлт хийгдсэнээс хойш хөл толгой нь олдохгүй байгааг  эх сурвалжууд баталж байгаа.  Тэгвэл энэ бужигнаан дунд  хэсэг бүлэг нөхдүүд  Монгол улсын хөдөлмөрийн тухай хууль, МУИС-ийн  Хөдөлмөрийн дотоод журмыг зөрчин 150 хувийн цалин, нэмэгдэл авч байна.  Тодруулбал  МУИС-ийн захирлын  2013 оны  Б/628 дугаар тушаал, 2013 оны  Б/888 дугаар тушаалаар Захиргаа, хяналт-шинжилгээ, үнэлгээний албаны дарга доктор М.Отгонбаярыг  Нийгмийн  шинжлэх ухааны сургуулийн философийн  тэнхимд,  Сургалт эрхэлсэн дэд захирал  О.Мөнхбатыг  Нийгмийн  шинжлэх ухааны сургуулийн Социологийн тэнхимд,  Бакалаврын сургалтын албаны дарга Ч.Ундрамыг  Эдийн засгийн сургуулийн менежментийн  тэнхимд, Олон улсын харилцаа нийтийн удирдлагын  сургуулийн захирал  С.Баттулгыг  Япон судлалын  тэнхимд  2013 оны  12-р сарын 20-ны  өдрөөс 50 хувийн ачаалалтай  профессороор  ажиллуулахаар тушаал гаргаж, цалингийн хэмжээг  хавсран ажиллаж буй  албан тушаалын  цалингийн 50 хувиар  /681 375 төгрөгөөс 728 10  төгрөгийн хооронд/ тогтоон ажиллуулж байна.  

Хууль зөрчсөн олон тушаалын нэг.

 

 

Энэ нь  МУИС-ийн  Хөдөлмөрийн  дотоод журмын  3-р зүйлийн 3.1.8 дахь хэсэгт заасан  “Ажил, албан тушаал хавсарсан,эсвэл эзгүй байгаа ажилтны  ажил үүргийг  түр орлон  гүйцэтгэсэн бол  үндсэн цалингийн  40 хүртэл хувьтай тэнцэх нэмэгдэл хөлс олгоно” гэсэн заалтыг зөрчиж байгаа юм.   

Дээрх заалтаас гадна МУИС-ийн  Хөдөлмөрийн дотоод журмын  4.1.2  болон  Профессор , багш,  ажиллуулах журмын   4.10-р заалтыг зөрсөн байна.  Тодруулбал уг заалт нь “Тухайн салбартаа  нэрд гарсан  эрдэмтнийг  шалгалтгүйгээр  урьж ажиллуулж болох бөгөөд  энэ тухай  тэнхим, лабортори, профессорын  багийн хурлын  тэмдэглэлийг  үндэслэн  бүрэлдэхүүн сургуулийн эрдмийн зөвлөл дийлэнх олонхийн саналаар  шийдвэр гаргасан байна” гэж заасан.  Үнэн хэрэгтээ дээрхи томилгоотой холбоотойгоор тэнхмүүдийн  хурлын  тэмдэглэл байдаггүй бөгөөд  өөрсөддөө нэмэгдэл авах шийдвэр гаргасан байгаа юм.

Мөн  Засгийн газрын  1995 оны 96-р  тогтоолын  3 дахь хэсэгт заасан  “Төрийн албан хаагчид олгох бүх төрлийн нэмэгдлийн хэмжээ нь...  төрийн  үйлчилгээний  албан хаагчийн  хувьд түүний  албан тушаалын  сарын цалин,  нэмэгдлэ хөлсний  дүнгийн  40 хувиас хэтрхэгүй байна” гэсэн заалтыг зөрчиж байгаа юм.  Ийнхүү зөрчил гаргасан болохыг  Монгол улсын  Боловсрол  шинжлэх ухааны  яамны дотоод  аудит тогтоож  зөрчлөө арилгахыг анхааруулжээ.  

Засгийн газрын тогтоол,  МУИС-ийн  хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн дээрхи нөхөд  150 хувийн цалин авахаас гадна  хангамж гэж  сардаа 100 000 төгрөгийн шатахууныг  МУИС-аас гаргуулдаг байна. Мөн Эрдмийн зэрэг цолны нэмэгдлийг давхардуулан хоёр  удаа авч байгаа.Ингэснээр дээрхи нэр бүхий дөрвөн  эрхэм  сардаа  2.5-2.7 сая төгрөгийн цалин авч байгаа юм.   Энэ нь тус сургуулийн гол ачааллыг үүрч байгаа багш нараас  2 дахин их цалин авч байгаа бөгөөд өнөөдөр МУИС-д  20 жил багшилсан нэр хүндтэй багш сардаа  нэг сая төгрөгийн цалинг авч байгаа юм.  Тэгтэл дээрх нөхөд сургуулийн ачааллыг  үүрэлцэх нь битгий хэл нэрмээс болж байгааг эх сурвалж хэлж байна.

Шинэчлэл хийж, алдагдалтай байгаа төсвөө хэмнэж байгаа хэмээн  МУИС-ийг  шинэчлэгчид хэлж байсан ч үнэн хэрэгтээ хэсэг бүлэг нөхдийн тансаглал гэдэг нь нотлогдож байгаа юм.  

Хууль бус энэхүү үйлдэлдээ  ямар арга хэмжээ авах нь өнөөдөр тодорхойгүй байгаа. Журмын дагуу илүү авсан мөнгийг буцаан олгож, авсан арга хэмжээг салбар хариуцсан яамдаа мэдэгдэх ёстой. Тэгтэл өнөөдөр арга хэмжээ аваагүй байгаа бөгөөд энэ нь нэг талаараа яамнаасаа том толгой гаргаж,  хууль зөрчиж байна.

Энэ мэтээр тус сургуульд хууль бус олон  үйл ажиллагаа явагдаж байгаа бөгөөд бид энэ талаар цувралаар хүргэх болно.

А.Баярмаа