Хөгжлийн бэрхшээлтэй хүүх­дүүдийн нэрийг урдаа барин байж Үндэсний соёл, амралтын хүрээлэнгийн газар дээр 13 давхар шилэн барилга бариулсан Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ хэдхэн жилийн өмнө газар авахаар хөөцөлдөж, барилгынхаа шавыг тавьж байх үедээ хэлж ярьсан зүйлээ ор тас мартсан бололтой гэх хүн олон байна.

Угтаа бол энэ барилга 2012 оны сүүлээр ашиглалтад орох ёстой байсан. Харин төлөвлөсөн хугацаанаасаа хоёр жилээр хойшилж, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хүүхдүүд, тэдний эцэг эхийг хүлээлгэн байж ашиглалтад орсон барилга нь одоо С.Эрдэнэ сайдын фракцынхны болон “Фүжи холдинг” ББСБ гээд хэд хэдэн байгууллагаар хаяглагдах болсон юм. Арай үгүй байх гэж бодож байсан ч ашиглалтад орохоос нь өмнө, дөнгөж барьж эхэлж байх үед нь гарч байсан “өөр зориулалтаар ашиглах гэж байгаа юм биш биз” гэсэн хардлага биеллээ олж байх шиг.

ҮСАХ-гийн хашаанд, “UB mагt” төвийн урдхан талд байрлаж буй оффисын зориулалттай гэж харагдахаар энэ барилгын нээлтийн ажиллагаа өнгөрсөн сарын 24-нд болсон бөгөөд хамгийн сонирхолтой нь тэр үед нээлтэд нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл огт очоогүй. Харин “Ардчилсан хүчний холбоо”-ны шинэ байрны нээлтийн ёслол нэрийн дор “Шонхор” фракцынхан тууз хайчилсан талаар манай сонин өмнө нь мэдээлсэн билээ.

Тэгвэл эрх нь ямагт зөрчигдөж байдаг, сурах амьдрах таатай нөхцөлөөр хангуулж чаддаггүй, нэг ёсондоо орхигдсон гэж хэлж болох хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн нэрээр хотын төвийн А зэрэглэлийн бүсэд газар авч холбоогоо, фракциа тансаг байртай болгож, хананд нь нөхдийнхөө хамт зургаа хүртэл хадсан С.Эрдэнэ сайд одоо тэс өөрийг ярьж сууна. Ямартай ч тэр барилгыг оффисынх гэдгийг хүлээн зөвшөөрсөн. Харин анхнаас нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд, хүүхдүүдэд зориулж бариагүй гэсэн байна билээ. Түүний хэлж байгаагаар барилгын газрыг өөрийнх нь дэмжлэгээр үйл ажиллагаа явуулдаг “Төгс эрдэм” сангийн нэрээр авсан нь үнэн. Энэ сан нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд огт хамааралгүй. Хүүхэд, залуучуудын боловсролыг дэмжих чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ажээ. Барилгын гуравны нэгийг сангийнхаа үйл ажиллагаанд зориулна гэж байгаа ч тусламж хэрэгтэй байгаа хүүхдүүдийг сургалтад хамруулахын оронд төлбөртэй сургалтын дамжаа хичээллүүлж, ашиг олоод эхэлбэл нэг их гайхах зүйлгүй болов уу. Андуураагүй бол 2011 он барилгын ажил эхлэх үеэр 13 давхар барилга тэр чигээрээ хараагүй, сонсголгүй, эрхтэн дутуу хүүхдүүдэд зориулагдана гэсэн мэдээлэл гарч байсан.

Нэг ёсондоо хотын төвд оффисын барилгатай болж тү­рээслэх гэсэн, цааш­лаад өөрийн харъяалагддаг фракциа тогт­мол үйл ажиллагаа явуулдаг байртай болгох гэсэн түүний хүслийг биелүүлэх гарц нь хөгж­лийн бэрхшээлтэй хүүхдүүдийг сургалтын төвтэй болгоно гэсэн худлаа амлалт байсан нь энэ. Барилгын ажил үргэлжлэх хугацаанд хашааных нь гадна захиалагч “Төгс эрдэм” сан, гүйцэтгэгч “Тоб” группийн нэртэй “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сургалтын төвийн барилга” гэсэн хаягийг хэдэн жилийн турш өлгөөтөй байсныг хажуугаар өнгөрөх бүртээ харж байсан хүмүүс мартаагүй. Ийм хаяг хадаж, иргэдийн ой тоонд “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд хотын төвд сургалтын төвтэй болох нь” гэдэг ойлголтыг бат хадаж өгсөн нь С.Эрдэнэ сайдын санамсаргүй гаргасан алдаа байж таарлаа. “Төгс эрдэм сан”-д хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сургалтын төв барих зориулалтаар Нийслэлийн Засаг даргын 420 дугаар захирамж гарч газар олгосон. Нийслэлийн Засаг даргын 2009-2012 оны үйл ажиллагаа­ны хөтөлбөрийг хэрэгжүүлэх, хөгж­лийн бэрхшээлтэй хүүхэд, залуучуудад боловсрол олгох сургалтыг дэмжих зорилгоор барилга барих газар өгсөн талаар ч мэдээлэл ч бий. Ямартай ч чамгүй хүлээлт үүсгэж байсан сургалтын төвийн барилга ашгийн зориулалттай оффис болох нь нэгэнт тодорхой боллоо. Нэгэнт хөрөнгийг нь “Төгс эрдэм” сангаас гаргасан гээд бодохоор хөгжлийн бэрхшээлтэй иргэд өөрсдийнх нь нэрийг ашиглан байж барьсан байранд хичнээн хөөцөлдөөд ч өрөөтэй болж чадахгүй нь тодорхой. Гэхдээ ямар нэгэн аргаар үл хөдлөх хөрөнгө, газартай болж байгаа хүн олон байхад бусдын жишгийг дагаж, олон хүний чаддаггүйг чадан барилга бариулсан С.Эрдэнэ сайд буруугүй ч байж болох юм.

Т.УРАНГЭРЭЛ