Түрүүчийг энд дарж уншина уу

“Монголросцветмет”-ийн харьяа Уулын баяжуулах “Бор-Өндөр” үйлдвэрийн тусгай зөвшөөрөлтэй /тал­бай 8 А/ дээр тухайн газрыг УБҮ-т эзэмшихээр тусгай зөвшөөрөл олгосон. 

 

Гэтэл “Алтайн цаст уулс” ХХК нь УБҮ-тэй түрээсийн гэрээ байгуулан эзэм­шигч болчихсон, дээрээс нь УБТЗ “Манай газар” гээд тус компанитай мөн гэрээ байгуулснаас хэд хэдэн хуулийн заалтыг зөрчсөн талаар бид өмнөх дугаартаа мэдээлсэн.
Ажил олгогчид эцсийн бүтээгдэхүүн болгосон баяж­малаа нэг удаагийн ачил­таар 60 тонныг экс­портод гаргахдаа багагүй цаг хугацаа алдаж, гаалийн бүрдүүлэлтэд өртөг зарахаас гадна “Алтайн цаст уулс” компанид болон УБТЗ-ын салбарт гээд нийтдээ 100.0 гаруй төгрөгийн татаас төлдөг аж. Үүнийг вагоны тоогоор авч үзвэл 400 гаруй хүнд ажил олгож, Бор-Өндөрчүүдийг тодорхой хэмжээнд тэжээж буй 10-аад аж ахуйн нэгжид хүндээр тусаж буй аж.

Үүнтэй холбогдуулан Монгол-Оросын хувь нийлүүлсэн ний­гэм­лэг УБТЗ-ын “Бор-Өндөр” өр­төөг тухайн талбайгаас мөнгө татах нь хэр үндэслэлтэй болох та­лаар өртөө хариуцсан Н.Чингис даргаас тодрууллаа.

 

ХОЁР КОМПАНИЙН ЭРХ АШИГ НЭГ Л БАЙХ ЁСТОЙ

 

УБТЗ-ын “Бор-Өндөр” өртөө­ний дарга Н.Чингис “УБТЗ-ын даргын 2013 оны зургаадугаар сарын 24-ны 156 тоот тушаалаар Өртөөний мэдлийн зам талбай зурвас газарт ачаа эзэмшигчийн харуул хамгаалалтад хадгалж буй ачааны тонн тутмаас хоногт 200 төгрөгавна гэсэн заалт бий. Үүнийг мөрдлөг болгон ажилладаг. Шүлхийн хорио цээр тавигдахаар үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан УБТЗ-аас болон ГЕГ-аас хамтарсан комисс ирүүлж, энд ажиллах талаар санал тавьсан. Ирэх байх. Энэ өртөө 1987 онд байгуулагдсан. Бид 16 мянган ажилтан тэжээхийн төлөө ажилладаг. ХэрэвУБТЗ мөнгөтэй байсан бол ийм асуудал үүсгэхгүй” гэв. Тэрбээр тухайн талбайг УБҮ-ийн лицензтэй газар гэдгийг, мөн өөрсдөө газар эзэмших гэрчилгээгүй байгаагаа ч хүлээн зөвшөөрсөн юм.

Харин ажил олгогчдын зүгээс тэнд 500 вагон ачдаг Хятадын хөрөнгө оруулалттай төмрийн хүдрийн “Лут чулуу” компани, энд таван вагон ачдаг монгол залуугийн компани хоёрын эрх ашиг нэг л байх ёстой. Тэдэнд өмчийн хэлбэрээр харгалзан үзэж, давуу эрхээр захиалгат үйлчилгээ хийнэ, хийхгүй гэсэн асуудал байж болохгүй. Хийхгүй бол бүгдийг нь хийхгүй байх хэрэгтэй. Бид Үндсэн хуулиар олгосон эрхээ эдэлж, үүргээ биелүүлэх ёстой гэсэн байр суурьтай байна. Түүнчлэн Хэнтий аймгийн удирдлагуудыг аймаг байгуулагдсаны 90 жилийн ой тэмдэглэх нэрийн дор Хятадын хөрөнгө оруулалттай компаниудаас хэдэн сая төгрөг авч амаа таглуулан, Бор-Өндөрчүүдийн ирээдүйн хувь заяаг шороо тоостой хутгаж орхисон хэмээн халаглаж байна.

 

ХУУЛЬ БУС ҮЙЛДЛИЙГ ТАСЛАН ЗОГСООХ АРГА ХЭМЖЭЭ АВНА

 

Тухайн асуудлын төгсгөлд Бор-Өндөр сумын ИТХ-ын дарга болон Газрын асуудал хариуцсан мэргэжилтэн нартай уулзаж, “Алтайн цаст уулс” ХХК-ийг хууль зөрчсөн эсэх талаар тодруулсан. Нутгийн удирдлагын эрх бүхий төрийн захиргааны байгууллагатай зөвшилцөлгүй дур мэдэн бусдын эзэмшилд буй нутаг дэвсгэрт байгууламж барьсан тул тус компанид тухайн газрыг чөлөөлөх тухай мэдэгдэлийг удаа дараа хүргүүлжээ. Мэдэгдэлд заасан хугацаанд тус газрыг чөлөөлөөгүй учраас сумын ИТХ-аас Засаг даргад албадан чөлөөлөх шаардлага тавьсан аж. Тус сумын ИТХ-ын дарга н.Энх-Эрдэнэ “Хаанаас ямар этгээдүүд ирээд хууль зөрчин газар нутаг дээр дур зоргоороо аашлаад байгааг ойлгохгүй юм. Орон нутгийн хүмүүс гээд хүндэтгэн үзсэн болохоос биш манай ажил олгогчид гээд байгаа хүмүүс өөрсдөө бас хууль зөрчин жонш олборлодог. Үүнийг бид таслан зогсоож, тухайн газрыг эргүүлэн татаж, газар зохион байгуулалтад оруулна. Энэ бол бидний шийдэх асуудал” гэв. Газрын тухай хуульд зааснаар тухайн газрыг чөлөөлөхгүй бол уг байгууламжийг төрийн өмчлөлд үнэ төлбөргүй шилжүүлэх хүртэл арга хэмжээг авах заалт бий. Мөн хуульд эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр гадаадын ир­гэн, харьяалалгүй хүн, хуулийн этгээдэд газар ашиглуулсан Монгол Улсын иргэн, ажахуйн нэгж, байгууллагын газар эзэм­ших, ашиглах гэрээг цуцалж, ашиглалтын явцад учирсан хохирлыг нөхөн төлүүлнэ гэж заасан байдаг. Юутай ч тухайн асуудалд аль тал нь буруутайг хуулийн байгууллагууд шалгаж тогтоох байх.

 

“ЗӨРЧИЛТЭЙ ГЭВЭЛ БАЙГУУЛАМЖАА ТАТАЖ АВАХАД БЭЛЭН” ГЭВ

 

“Алтайн цаст уулс” ХХК-ийн захирал н.Магнай хэмээн өөрийгөө танилцуулсан эрхэмтэй холбогдож, зарим зүйл дээр тайлбар авав. Тэрбээр “Тухайн ачилтын талбай Уулын баяжуулах үйлдвэрийнх гэдэг нь тодорхой бол тус үйлдвэр орон нутагтайгаа гэрээ байгуулах ёстой. Бид бүгдийг судалж үзээд ГЕГ, УБҮ,УБТЗ-тай зохих ёсны гэрээ байгуулж, Гаалийн хяналтын бүс байгуулахад 200 гаруй сая төгрөгийн хөрөнгөө зарсан учраас хууль зөрчөөгүй. Манайх ГЕГ-ын сонгон шалгаруулалтад тэнцсэн бизнесийн байгууллага, түүнээс биш буяны байгууллага биш. Хэрэв хуулийн байгууллага нь шалгаад зөрчилтэй гэж үзвэл би барьсан байгууламжаа татаж авах болно” гэсэн хариултыг өглөө.

Эцэст нь аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга Ө.Цогбадрахаас тодруулахад “Тус ачилтын талбайн тухайд сайн мэднэ. Харин ийм нөхцөл байдал үүсээд байгаа талаар одоо сонсож байна. Энэ тал дээр сумын удирдлагаас хуулийн дагуу арга хэмжээ авч, асуудлыг ойрын хугацаанд шийдвэрлэх байх” гэлээ.

 

Жоншолборлогчид: ГААЛИЙН ХЯНАЛТЫН БҮС БОЛГОДОГ ЗАРЧИМ НЬ ЗӨВ Ч…

 

Орон нутгаас ямар ч зөвшөөрөлгүй хууль бус гэж үзэж байгаа энэ газарт хэдийнэ ачилт хийгээд эхэлчихсэн. Арав гаруй ажил олгогч жижиг компани энд жонш олборлох үйл ажиллагаа явуулж, амьдрал ахуигаа залгуулсаар иржээ. Энд жонш олборлогчид “Анх энэхүү байгууламжмйн барьж байхад нь орон нутгаас буулга гэсэн шаардлага тавьж байсан. Төмрийн хүдэр задгай буулгачихсан байдалтай байна. Бид Бор-Өндөрт 0.7 га газраа авч чадахгүй байхад гаднаас хүмүүс аваад байх юм. Яаж авдгийг нь мэдэхгүй юм. Нэг сард ачигдах вагоны тоо 1500 орчим байгаа. Эдгээрийн 70-80 хувь нь үүгээр дамжина. Нэг вагонаас эд нарын тооцоогоор 50-60 мянган төгрөг, өөр бас талбайгаас мөнгө татна, үүнийг техникийн тоогоор аваад үзэхээр хэдэн тэрбумаар тоологдох мөнгөний асуудал яригдана. Үүнийг зах зээлийн “овжин нүд”-ээр харсан “Алтайн цаст уулс” ХХК-ийнхан хууль зөрчин ашиглажээ. Нэг компани монополь эрхээр биш орон нутагтаа өгүүлэх саналтай байна. Нэг удаагийн Гаалийн хяналтын бүс өнгөрсөн жилээс барьчихсан. Бор-Өндөрийн Засаг дарга энд ирсэн ч асуудал шийдэгдээгүй.

Гаалийн салбарын дарга н.Мөнгөнбагана “Манайх Хэн­тий аймгийн Бор-Өндөр дахь Гаалийн салбар, үндсэн харьъяа бол Шандын Гаалийн газрын харьяа. Гаалийн салбар босоо удирдлагатай. Гаалийн ерөнхий газраас гаргасан журам дүрмийг хэрэгжүүлж ажилладаг. Хяналтын бүс байгуулах аж ахуй нэг Гаалийн ерөнхий газарт саналаа гаргасны дараа ГЕГ саналыг нь авч үзээд тухайн газар Хяналтын бүс барих шаардлагатай бол зөвшөөрөл өгдөг. Энэ дагуу ГЕГ-ын даргын тушаалаар баригдсан шүү дээ. Яагаад энэ аж ахуйн нэгжид хяналтын бүс барих эрх олгосон талаар та бүхэн тодруулах шаардлагатай байгаа бол Шандын гаалийн газарт эсвэл Гаалийн ерөнхий газарт хүсэлтээ бичгээр гарга. Надад хүсэлтээ гаргаж болно. Би дээш нь уламжилаад хариу бичгээр мэдэгдэнэ” хэмээсэн аж.

Бор-Өндөр сумын ИТХ-ын төлөөлөгч, бизнес эрхлэгч н.Энх-Эрдэнэ “Хяналтын бүс байгуулсан “Алтайн цаст уулс” ХХК-ийн удирдлагуудын зүгээс ажил олгогч жонш олборлогчдод дарамт учруулж байна.

Гаалийн салбар бол төрийн байгууллага учраас тухайн газрын асуудлыг нягталж үзэлгүйгээр нэг компанид зөвшөөрөл олгосон алдаа гаргасан. Орон нутгаас ямар нэгэн зөвшөөрөл авалгүйгээр, төртэй зөвшилцөхгүйгээр УБҮ-ийн тусгай зөвшөөрөлтэй газар дээр дураараа хашаа барьчихсан. Үүнийг анх баригдахаас нь эхлээд сумын төр захиргаанаас эсэргүүцэж албан бичиг тоот өгсөн. Энийг тухайн компани уландаа гишгэсэн. Энэ компани анх хашаа хатгахдаа та нарт ямар ч дарамт үзүүлэхгүй, татвар төлөөс авахгүй, та нар техник хэрэгсэлээ оруулаад үйл ажиллагаагаа хэвийн явуулж болно гэж амласан байна. Гаалийн бүс энд байх ёстой юу гэвэл тийм. Үүнийг бид зарчмын хувьд дэмжиж байна. Гэтэл Гаалийн бүс нэрээр нэг компанид ГЕГ хэт давуу эрх олгоод, дундын харилцаа гаалийн байгууллагатай үүсээд, үйлчлүүлэгч компанийн эрх ашиг хөндөгдөөд байна. Тухайлбал, энд экспортлосон жоншоо ачихын тулд тодорхой хэмжээний техникээ ашиглаж байгаа компаниуд байгаа. Эдгээр компаниуд өмнө нь гаа­лийн захиалгат үйлчилгээ хийгээд үйл ажиллагаа хэвийн явуулж байсан. Одоо энэ цагаан хашаа баригдсанаар “та нарын техникийг оруулахгүй. Бид нар текникээ оруулна. Хэрвээ та нар текникээ оруулах юм бол бид нарт 50 хувийн ашигаа өг, үгүй бол боль” гэдэг. Тэрбайтугай дээрмийн шинж чанартай асуудал үүсгээд эхэлсэн. Техникээ оруулж ашиглуулсан компанид орох ёстой мөнгийг үйлчлүүлэгчийг нь дарамтлаад “Алтайн цаст уулс” ХХК өөрийн дансандаа нэг сая орчим төгрөг завшчихаад байна.

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль байгаа. Тэр хуульд Гаалийн байгууллага нь төрийн байгууллага, төрийн бус байгууллага, тухайн нэгжийн өөрөө удирдах засаг захиргааны өгсөн үүрэг даалгаварыг шууд дагаж биелүүлэх ёстой гэж байдаг. Гэтэл энэ гаалийн байгуулла­гын байцаагч н.Жаргалсайхан гэрээтэй компаниуд техникээ оруулах гэсэн чинь “оруулахгүй” гэсэн. Засаг даргаар хэлүүлээд ч оруулаагүй. Тэр “Намайг танай орон нутгийн засаг захиргаа томилдоггүй. Би дээрээсээ босоо удирдлагатай хүн” гэж хэлсэн. Тэр зөв байж болно. Гэхдээ Нутгийн өөрөө удирдах ёсны дарга ирээд явж байхад тэрийг үл тоосон шинжтэй байж болох уу. Дараа нь Засаг даргыг өрөөндөө ирээд уулзаач гэхэд нь уулзаагүй. Иймэрхүү байдлаар Гаалийн ажилтан ёс зүйгүй зан гаргаж байна. Гаалийн бүрдүүлэлт гээд хийх юмаа хийхгүй хоёр компаний хооронд оролцоод байгаа юм. Энэ “Алтайн цаст уулс” ХХК-иар үйлчлүүлж байгаа 29 компани нь бүгд энэ компанийн түрээс төлөгчид. Ерөөсөө Нарантуул, Бөмбөгөр захын түрээс төлөгч нартай адилхан гэсэн үг. Гэхдээ Нарантуул, Бөмбөгөр түрээслэгч нарынхаа үгийг сонсдог. Эднийх бол тэгдэггүй. Нэг мэдэгдэл сонс­годог. Үүнийг гаалийн салбарын дарга нь өөрөө мэдэж байгаа. Гаалийн байгууллага өмнө нь компаниудаар очоод үйлчилгээ хийж байсан. Тэр үйлчилгээнүүдээс энэ н.Мөнгөн­багана татгалзсан. Өөрийнх нь хэлснээр татгалзах үндэслэлээ “Би том үйлдвэрүүдэд очиж үйлчилнэ ээ, нөхцөл байдал нь хэцүү байгаа” гэж өөрөө тайлбарласан. Тэрийг нь бид хүлээн зөвшөөрсөн. Хоёрдугаарт энэ хашаануудаар очиж үйлчилгээ хийж байгаа. Түүнийгээ хүсвэл очиж хийнэ, эс хүсвэл очихгүй гэж өөрөө хэлсэн. Хэдийгээр энд гаалийн бүс болсон ч гэсэн бусад компаниудаар үйлчлэх боломжийг судалж үзэх ёстой, түүнээс биш ганц компанид үйлчлэх ёсгүй гэж үзэж байна.

Иймэрхүү жишгээр нутгийн ард иргэд, хувиараа аж ахуй эрхлэгчдийг хохироодог байдал руу яваад байдаг.

 

Ш.ОДОНТУЯА