Маргааш буюу 4 дүгээр сарын 8-нд болох НИТХ-ын  Тэргүүлэгчдийн ээлжит хурлаар Нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас манай улсад суугаа АНУ-ын элчин сайдын яаманд холбогдолтой газрын талаарх хоёр асуудлаар хэлэлцүүлэхээр төлөвлөжээ. 

Үүнд: 

НЭГ.  УЛСЫН ТУСГАЙ ХЭРЭГЦЭЭНД ABCAH ЭЛЧИН САЙДЫН ЯАМНЫ ГАЗРЫН ХЭМЖЭЭНД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Их Хурлын 2015 оны 90 дүгээр тогтоолоор Америкийн Нэгдсэн Улс болон Бүгд Найрамдах Казакстан Улсын элчин сайдын яамдын газрыг улсын тусгай хэрэгцээнд авсан байдаг.

Гадаад харилцааны яам болон Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газраас Нийслэлийн Засаг даргад хандан дээрх улсын тусгай хэрэгцээнд авсан газруудаас хэсэгчлэн тусгай хэрэгцээнээс хасах саналыг ирүүлсний дагуу холбогдох хууль, журмын дагуу судалгаа хийж, нягтлан шалган дараах өөрчлөлт оруулах саналыг танилцуулж байна. Үүнд:

  1.  Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх Америкийн Нэгдсэн Улсын элчин сайдын яамны урд талд баригдаж буй Улсын төв номын сангийн авто зам, зогсоол, тохижилтын ажилд зориулж ашиглах эрх бүхий 28239м2 газрынхаа урд хэсгээс 2028м2 газрыг Боловсрол соёл шинжлэх ухааны яаманд шилжүүлэхээр харилцан зөвшилцсөний дагуу 2028м2 газрыг улсын тусгай хэрэгцээний газраас хасч, үлдэж буй 26211 м2 газрыг улсын тусгай хэрэгцээнд үлдээх,
  2.  Хан-Уул дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт Маршал таун хотхоны урд талд 12000м2 газрыг Бүгд Найрамдах Казакстан Улсын элчин сайдын яаманд ашиглуулж, улсын тусгай хэрэгцээнд авсан. Гадаад харилцааны яамны 2019 оны 08/6251 дугаартай албан бичгээр БНКазУ-ын ашиглах эрх бүхий талбайн хэмжээнд өөрчлөлт оруулж 7200м2 газрыг тусгай хэрэгцээнд хэвээр үлдээх тухай хүсэлт ирүүлсний дагуу газар зохион байгуулалт хийж, ашиглах эрх бүхий 1.2 га газрын урд хэсгээс төлөвлөлтийн авто зам болон шугам сүлжээний хамгаалалтын зурвасыг, санал ирүүлсэн талбайн хэмжээнд тохируулан хойд хэсгээс хасч 7200м2 газрыг улсын тусгай хэрэгцээнд үлдээх саналыг тус тус танилцуулж байна.

Иймд дээрх саналуудыг Засгийн газрын 2017 оны 287 дугаар тогтоолоор баталсан Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах, гаргах, түүний хэмжээ, заагийг тогтоох, ашиглах журмын 3.9.7-д заасны дагуу Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн саналыг авахаар танилцуулж байна.

 

ХОЁР: АМЕРИКИЙН НЭГДСЭН УЛСЫН ЭЛЧИН САЙДЫН ЯАМНЫ ГАЗРЫГ УЛСЫН ТУСГАЙ ХЭРЭГЦЭЭНД АВАХ ТУХАЙ

 

Америкийн Нэгдсэн улсаас Монгол улсад суугаа Элчин сайдын яаманд Хан-Уул дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 4.0га газрыг Газрын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.4-т заасан Гадаад улсын дипломат төлөөлөгчийн болон консулын газар, олон улсын байгууллагын төлөөлөгчийн газарт олгосон газар-ын зориулалтаар улсын тусгай хэрэгцээнд авах тухай саналыг  Монгол Улсын Барилга, хот байгуулалтын яам, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газраас нийслэлийн Засаг даргад ирүүлээд байна.

Уг хүсэлтэд дурдагдсан улсын тусгай хэрэгцээнд авахаар төлөвлөж буй байршилд Суруга партнерс ХХК болон Суруга пропертис ХХК-нь тус бүр 2.0 газар эзэмшиж байсан бөгөөд Нийслэлийн Засаг даргын 2020 оны А/407 дугаар захирамжаар Дипломат байгууллагын үйлчилгээг эрхлэх газар ТӨҮГ-т газар эзэмших эрхийг шилжүүлсэн.

Дипломат байгууллагын үйлчилгээг эрхлэх газар ТӨҮГ-с уг 4.0га газрыг Америкийн Нэгдсэн улсаас Монгол улсад суугаа Элчин сайдын яаманд гадаад улсын дипломат төлөөлөгчийн болон консулын газрын зориулалтаар улсын тусгай хэрэгцээнд авахад татгалзах зүйлгүй тухайгаа 2020 оны ДБ04/187 дугаар албан бичгээр мэдэгдээд байна.

Иймд Монгол Улсын Засгийн Газрын 2017 оны 287 дугаар тогтоолоор батлагдсан Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах, гаргах түүний хэмжээ заагийг тогтоох, ашиглах журам-ын 3.9.7-д заасны дагуу Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн саналыг авахаар танилцуулж байна.