Таван хошуу малын төл “Ногоон наадам”-ын бэлгэ тэмдэг болжээ
2020/04/13
Олон улсын хүүхэд, залуучуудын “Ногоон наадам”-ыг 2021, Зүүн Азийнзалуучуудын наадмыг 2023 онд Монгол Улсад зохион байгуулахаар төлөвлөж буй. Энэ хүрээнд НИТХ-аас байгуулсан “Улаанбаатар спорт менежмент” компанийнхан хуралджээ.
Тус наадмыг НҮБ-ын Тогтвортой хөгжлийн 17 зорилтын 3, 13, 15 дугаар заалтыг сурталчлахаар зохион байгуулж байгаа онцлогтой. Эдгээр нь хорт зуршлаас ангид, ногоон, хүнлэг байх зорилт юм. Тиймдээ ч дээрх гурвыг Тогтвортой хөгжлийн зорилгод ногоон өнгөөр тэмдэглэдэг. Наадмын нэр ч үүнээс улбаатай аж.
“Улаанбаатар спорт менежмент” компанийн хурлын үеэр наадмын сүлд тэмдгийг балжингарав цэцгийн хэлбэрээр, тогтвортой хөгжлийн 17 зорилтыг илэрхийлэх өнгүүдээр дэлбээг нь будсан талаар танилцуулжээ. Маскот буюу наадмын бэлгэ тэмдгийг таван хошуу малынхаа төлүүдээр хийх болсон байна. Уг наадамд оролцогчид спортын 26 төрлөөр өрсөлдөнө. Спортын төрлүүдийн дүрслэлийг хийхдээ хадны зургийн элемент ашигласан аж.
“Ногоон наадам”-д НҮБ-ын гишүүн бүх орны 16-18 насныхан оролцох боломжтой агаад 40-50 орны 3600 орчим тамирчин, дасгалжуулагч ирнэ гэж таамаглаж байгаа аж. НИТХ-ын дарга бөгөөд “Улаанбаатар спорт менежмент” компанийн ТУЗ-ийн дарга Р.Дагва “Монголын брэнд болсон наадам болгох санаачилга зөв. ТУЗ компанийн үйл ажиллагааг ямагт дэмжинэ. Усан спортын ордон барих зэрэг хувийн хэвшлийнхний гүйцэтгэж буй ажилд сайтар анхаар. Спортын тэмцээн хийх барилга байшингуудыг хугацаанд нь амжиж ашиглалтад оруулах ёстой” гээд наадмын талаар хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурджээ.
Дэлгэрэнгүйг http://citycouncil.mn/news-details/731 -ээс уншина уу.